П.АМГАЛАН

 

Жил бүр аравдугаар сарын 1-нд "Ахмадын баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин энэ жил өргөн цар хүрээг хамарсан үндэсний чуулган зохион байгуулах гэж буй. Тиймээс  чуулганд ямар асуудлуудыг хөндөж, хэлэлцэх талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч  Ц.Сүхбаатартай ярилцлаа.

 

-2017 онд Ерөнхий сайдын ивээл дор үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж  ахмад настны хуулийн талаар хэлэлцэж байсан.  Тэгвэл энэ удаагийн чуулган ямар сэдвийн хүрээнд өрнөх вэ?

-НҮБ-аас 1990 онд  шийдвэр гарсны дагуу  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ахмадын баярыг тэмдэглэж ирснээс хойш  32 жил өнгөрсөн байна. Энэ удаагийн ахмадын баяраар ахмад настны үндэсний чуулганыг “Нийгмийн хамгаалал-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж буйгаараа онцлог. 2017 онд ахмадын анхдугаар чуулганыг зохион  байгуулснаас хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ахмад настны тухай  бие даасан хууль боловсруулж хэрэгжүүлсэн. Хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ахмадад тулгамдсан асуудлыг төр засгийн түвшинд нэгдсэн зохион байгуулалттайгаар  энэ удаагийн чуулганаар хэлэлцэх юм. Тодруулбал,  Уг хуулийн хэрэгжилт өнөөгийн түвшинд ямар байна. Ямар зүйл заалт нь хэрэгжиж, хэрэгжихгүй байгаа гээд хуулийн хүрээнд дүгнэлт өгөх цаг нь болсон гэж ахмадууд үзэж байгаа.

-Энэ удаагийн чуулганыг “Нийгмийн хамгаалал-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Чуулганд  олон ахмад настны  санал,  хүсэлтийг  шигтгэж, хэлэлцэх болов уу гэж харж байна?

-Чуулганыг угтаад Монголын ахмадын холбооноос  дүүрэг, 21 аймаг, сумдын  хэмжээнд ахмад настанд тулгамдсан  асуудлын талаар хэлэлцүүлэг явуулж саналыг нь нэгтгэсэн. Улсын хэмжээнд 330 гаруй ахмад настанг  төлөөлсөн ахмадын байгууллагууд саналыг нь нэгтгээд  150 гаруй санал ирсэн. Үүнийг ахмадын холбоо дээр нягталж судалж үзээд ахмад настны үндэсний  чуулганд ахмадын  холбооны байр суурийг  илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Ахмадын санал хүсэлтийг сонсоход чуулганы  сэдэвт тусгасан нийгмийн хамгааллын хүрээнд ямар асуудлын талаар хөндсөн бэ. Жишээлбэл, ахмад настны хөдөлмөр эрхлэлт,  амралт сувилал гээд нийгмийн олон асуудал бий?

-Ахмадын хуульд тухайн ААН байгууллага,  цалингийн сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний ахмадын сан байгуулна гэж заасан  байдаг. Гэвч улсын хэмжээнд  40 гаруй мянган ААН  үйл ажиллагаа явуулж буйгаас   4500 орчин ААН ахмадын сан  байгуулсан судалгаа бий. Энэ нь маш цөөн тоо юм.  Энэ нь Монгол Улс болон орон нутгийн төсвийг батлахдаа  ААН, байгууллагын төсөвд ахмадын сангийн зарцуулах хөрөнгийг баталж өгдөгдөггүйтэй холбоотой гэдгийг ахмадууд хэлж байна.

Мөн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууддаа дэмжих хүсэлт тавьж байна. Нийт ахмадын 67.5 хувь хөдөлмөр эрхлэх чадвартай, ажиллах сонирхолтой гэсэн судалгаа  гарсан. Үүнээс үзэхэд 180 мянган ахмад ажиллах боломжтой хөдөлмөрийн нөөц байна гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас хөрөнгө төсөвлөж зарцуулдаг ч аймаг, сумдын ахмадуудад хүрч чадахгүй  байна  гэдгийг  хэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жилд улсын хэмжээнд 6.2 тэрбум төгрөг төсөвлөдөг гэсэн судалгаа бий. Тодруулбал, дүүргүүдэд 250 орчим сая төгрөг,  аймагт 100-150 сая төгрөг төсөвлөдөг.  Тиймээс ахмадууд урт хугацаатай, хүү нь бага зээлийг олгох нөхцөлийг бүрдүүлж  нэг хүнд оногдох  зээлийн хэмжээг 10 сая төгрөг болгохыг  хүсэж байна.  Ингэвэл ахмадууд  дангаараа болон хэсэг бүлгээрээ нийлж хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж байна гэдгийг хэлж байгаа. Мөн 55-60 нас хүрэхээр тэтгэвэрт гаргадаг  бодлогод төр засаг болон ААН байгууллага анхааралдаа авах санал тавьсан.

Нийслэлд нийт ахмадын 49.7 хувь  буюу 170 мянган ахмад настан  амьдарч байна. Гэвч нийслэлд ахмадын ордон өргөө гэж байдаггүй.  Засгийн газрын  2021 оны 221-р тогтоолоор   нийслэлд  ахмадын ордон өргөө байгуулах газрыг олгох   тухай тусгасан байдаг ч үе үеийн Засаг дарга нар энэ талаар  арга хэмжээ авахгүй өдий хүрлээ.  Ялангуяа алслагдсан дүүргүүд, хороодын дунд ахмадууд өдрөөр, долоо хоног, сараар чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн төвтэй болох тал дээр  төрөөс дэмжиж  арга хэмжээ авахыг хүсэж байна. Мөн Геронтологийн үндэсний төвийн барилгыг  ашиглалтад оруулж,   2025 он гэхэд нийслэлийн хэмжээнд  ахмад настны өргөөтэй болгож өгөх талаар мөн ахмадууд хэлсэн.

Мөн нийслэл болон орон нутагт ахмадын орон сууцны асуудал  хүндрэлтэй байгаа. Нийслэлд 12 мянган орн сууц олгохыг хүссэн өргөдөл  өгсөн байдаг.  Үүнээс дөрвөн жилийн өмнө 300  ахмадад ахмадын түрээсийн орон сууц олгосон байдаг. Тиймээс хүүхдийг нь хамт түрээслүүлэх  зэрэг уян хатан нөхцөлтэйгөөр  ахмадуудыг орон сууцаар хангах  тал дээр анхаарал хандуулах санал тавьсан.

-Чуулганд хэлэлцэх чухал сэдэв бол эрүүл мэндийн асуудал.  Энэ  хүрээнд  ахмадууд ямар  санал хэлж байна вэ?

-Ахмадууд хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт очиход  үйлчилгээ  авч чадахгүй  байна гэдгийг хэлж байна. Мөн 13 а маягт эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл учруулдаг гэдгийг  хэлсэн.

Түүнчлэн өрхийн эмнэлэгт бие даасан ахмадын эмч байдаггүй. Тиймээс өрхийн эмнэлгүүдэд ахмадын мэргэшсэн  эмч, сувилагчтай  болохоос гадна аймгийн эмнэлгүүдэд ахмад настанг хэвтэн эмчлүүлэх тасаг хэрэгтэй байна. Мөн хөнгөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад ахмадуудын  өвчилдөг өвчинд тохирсон  даралт, бөөр, түрүү булчирхай, зүрхний эм  тэр бүр багтдаггүй. Тиймээс ахмадуудад олгох  эмийн хөнгөлөлтөд  эмийн нэрийн жагсаалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна гэдгийг хэлж байна. Мөн эмийг үнэд  төрөөс хяналт тавьж нэгдсэн бодлогоор зохицуулж хяналт тавих хэрэгтэй.

Мөн ахмад настны тухай хуульд амралт сувилал, өдрийн,  явуулын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэд хэдэн заалт тусгагдсан байдаг.  Гэвч энэ арга хэмжээний хэрэгжилт  үйлчлэхгүй байна гэдгийг ахмадууд хэлж байна. Ялангуяа  орон нутагт амьдарч байгаа ахмадууд улсын, орон нутгийн амралт, сувилалд бүрэн хамрагдаж чадахгүй, эрхийн бичиг нь хүрэлцээ муутай байна гэсэн санал тавьж байгаа. Нийгмийн халамжийн тухай багц хуульд ахмад настны амралт сувилал,  олон төрлийн хөнгөлөлт зарцуулах, эд хөрөнгийн асуудал зэргийг шийдвэрлэсэн байдаг. Үүний хүрээнд нийгмийн халамжийн сангаас  ахмад настанд үзүүлэх ахмад настны хөнгөлөлт  тусламжийн хэлбэрээр 38-41 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Гэвч улсын төсвөөс жилд 21 тэрбум төгрөг баталж өгдөг. Энэ нь  орон нутагт хуваарилагдахаар хөрөнгийн хэмжээ хүрдэггүй учраас ахмадууд  амралт сувилалд хамрагдах хүртээмж бага байна гэдгийг хэлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)