Баатарын НЯМСҮРЭН

 

Сагсан бөмбөгийн спорт нь тамирчнаас хурд хүч, авхаалж самбаа, мэдрэмж, ур чадвар  шаарддаг.  Мөн “Z” үеийн залуус сагсан бөмбөгөөр хичээллэж амжилт гаргасаар байна.  “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа сагсан бөмбөгийн 3x3 төрлийн залуучуудын улсын шигшээ баг болон “Хасын хүлэгүүд”  багийн тамирчин Ч.Тэмүүлэнг урилаа.

 

-Зургадугаар сард Хятад болсон тэмцээнд амжилттай оролцсон.  Хэр хүчтэй багуудтай учраа таарав?

-Хятад улс руу 3x3 тэмцээнд оролцоод багаараа  гуравдугаар байранд орсон. Ази болон Америкийн бүсэд тоглосон. Үүнд Хятад, Америк, Чили, Япон улстай учраа таарч, зургаан өдрийн турш өрсөлдсөн. Эргээд бодоход их дурсамжтай, туршлага хуримтлуулсан тэмцээн болжээ. Сонирхуулахад энэхүү тэмцээн дээр манай улс анх удаа Америкийн багийг хожсон.

-Олон улсын тэмцээнд оролцсон туршлага арвин байх аа?

-Анх Германд болсон олон улсын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ нь миний анхны оролцсон том тэмцээний нэг. Багтаа сэлгээний тамирчны үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс хойш улсын аваргын тэмцээнүүдэд оролцсон. Би хоёр жилийн өмнөөс 3x3 төрөлд бэлтгэл хийж эхэлсэн юм. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ДАШТ-д оролцсон. Дараа нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож дэд байр эзэлсэн. Мөн шилдэг довтлогчоор шалгарсан.

-Ер нь 3x3 төрөлд тоглохын давуу тал юу вэ?

-Манай улсад сагсан бөмбөгийн 3x3 төрөл 2010 оноос хөгжиж эхэлсэн байдаг. Дэлхийд олимпийн нэг төрөл болсон. Мөн нэг багт дөрвөн тамирчин л тоглодог. Үүнээс гадна 3x3 төрлөөр Монголын тамирчид илүү амжилт гаргах боломжтой гэж харж байгаа. Тиймээс энэ төрлөөр түлхүү хичээллэх сонирхолтой байна.  

-Та довтлогчийн байранд тоглодог бил үү?

-Би довтолж, холын зайнаас шидэх үүргийг гүйцэтгэж байна. Сагсан бөмбөгөөр хичээллэсэн хүн бүр амжилт гаргах нь ховор. Мөн багийн тамирчидтайгаа ойлголцох нь амжилт гаргах үндэс болдог. Би талбайд гараад тоглохдоо сэтгэлзүйгээ тайван байлгахыг хичээдэг. Зарим үед хөгжим сонсож тайвширлыг мэдэрдэг. 

- Таныг багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэсэн гэж сонссон. Энэ спортыг сонгосон түүх сонирхол татаж байна?

-Би багаасаа тамирчин болох мөрөөдөлтэй байсан. Мөн эгчээсээ үлгэр дууриалал авч, тоглолтыг нь үздэг байлаа.  Эгчийг минь Г.Уянга гэдэг. Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Би одоогоос таван жилийн өмнө  сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн түүхтэй. Анх н.Наранмандах багшаар сагсны сууриа заалгасан. Үүний дараа Э.Ариунболд багшид шавь орсон.  Энэ үеэс УАШТ-д оролцож, улсын шигшээ багт элссэн юм.

-Тамирчид байнгын бэлтгэлтэй байдаг. Та ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Тамирчин бүр өөрийн зорилготой. Үүнийхээ төлөө өдөр бүр хичээдэг. Би 2028 оны олимпод 3x3 төрлөөр  амжилт гаргах зорилго тээсэн байгаа. Үүнээс өмнө олон тэмцээн намайг хүлээж байна. Тэдгээрт амжилттай оролцох  хүсэл бий. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 193 (7178)