ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

"Анүүлэн аз жаргал"цэцэрлэг одоогоор 60 хүүхэд хүлээн авах чадалтай, 3-6 насны 48 хүүхэдтэй дөрвөн бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энгийн цэцэрлэгтэй харьцуулахад аутизмтай хүүхдийн цэцэрлэг орчин болоод сургах арга барил нь тэс өөр. Сурах орчин нь эрүүл аюулгүй, бэртэж гэмтэхээс 100 хувь сэргийлжээ.

 

“Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн хувьд нэг ангид 14-16 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Нэг ангид хоёр багш, нэг сэтгэлзүйч ажилладаг.

 

“Аутизм монгол-Анд” төрийн бус байгууллагын захирал Б.Мөнх-Оргил “Манай цэцэрлэг 2014 онд байгуулагдсан. Цэцэрлэг байгуулах болсон гол шалтгаан нь энэхүү төрийн бус байгууллагатай салшгүй холбоотой. Үүсгэн байгуулагчийн маань хүүхэд аутизмтай гэж оношлогдсон юм билээ. Тухайн үед яг ийм оноштой хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгаагүй учир эдгээр хүүхдүүдийн төлөө заавал нэг зүйл хийнэ гэсэн сэтгэлээр энэ цэцэрлэгийг байгуулсан" гэж байлаа.

"Анүүлэн аз жаргал"цэцэрлэгийн эрхлэгч Д.Одончимэг “Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд аутизмтай хүүхдийн тухай гаргасан нарийн судалгаа байхгүй. Мөн юунаас болж энэ төрлийн эмгэг нэмэгдэж буй тухай эрдэмтэд одоо ч судалсаар байгаа юм. Манай цэцэрлэгийн хувьд Австрали, Тайвань гээд олон улсын цэцэрлэгүүдийг судалж, олон орны багш нарыг урьж, сургалт авч, багш нараа чадавхжуулсан туршлагатай. Бидний хувьд давуу тал нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж чадсан. Мөн аутизмтай хүүхдийг ойлгодог орчин манай цэцэрлэгт л бий. Энд ямар ч ялгаварлан гадуурхалт байхгүй” гэсэн юм.

Тус цэцэрлэгийн шинэхэн багш, сэтгэлзүйч Г.Хонгорзул “Би өнгөрсөн жил МУБИС-ийн сэтгэл судлалын ангийг төгссөн. Төгсөхөөсөө өмнө тусгай хэрэгцээт хүүхдийн байгууллагад ажиллана гэсэн бодолтой байсан. Гэхдээ аутизм гэж сонгоогүй. Хувь тохиолоор ч юмуу энэ цэцэрлэгтэй холбогдсон.  Одоогоор цэцэрлэгийнхээ Бамбаруушхан буюу 4-5 настнуудын дунд бүлгийн багшаар ажиллаж байна" гэв.

Хүүхэд эрүүл саруул өсөхөд тэжээллэг хоол их чухал. Энэ талаар тус цэцэрлэгийн тогооч Б.Цэнгэлмаа "Аутизмтай хүүхдүүдийн хоолны дуршил энгийн хүүхдээс тэс өөр байдаг. Жишээлбэл, би үзэмтэй талх хийгээд өгчихөд тухайн хүүхэд стресстэх магадлалтай. Мөн хэтэрхий их ногоотой бус яг таарсан хамгийн гол нь элдэв амтлагчгүй, эко хоол өгөхийг эрхэмлэдэг.Манай хүүхдүүд өдөрт таван удаа цайлдаг" гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn