Б.АЛТАНГЭРЭЛ

APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыг “Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграци” сэдэвтэйгээр зохион байгуулахаар болжээ.  Тэгвэл тус чуулганы талаар “Монголын маркетинг судалгааны ассоциаци” НҮТББ-аас мэдээлэл хийлээ.MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ “Бид APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыг ирэх сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дижитал шилжилт, бизнес хийх модель, арга зүй, процесс эрс шинэчлэгдсэн. Мөн энэ жилээс AI нэмэгдэж байна. Манай бизнесийн байгууллага, компаниудад энэ талын мэдлэг, мэдээлэл бага байгаа учраас Ази номхон далайн хэмжээний чуулганыг зохион байгуулахаар бэлдээд байна. Уг чуулганаар Ази номхон далайн 11 орны топ экспертүүд Монголд цугларч зах зээлийн судалгааны дэлхийн чиг хандлага, дата аналитик, хиймэл оюун ухааныг шийдвэр гаргалтдаа хэрхэн оновчтой ашигласан шилдэг туршлага, амжилттай хэрэгжүүлсэн бизнесийн жишээг хуваалцах болно” гэлээ. Чуулганаар “Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграци” сэдэвтэйгээр 10 илтгэл танилцуулна. “Бид арга хэмжээнийхээ бүртгэлийг https://aprc-2023.com/ вебсайтаар хүлээн авч байгаа. Нийт 800-1000 хүний бүртгэл хүлээж авахаар төлөвлөсөн. Бүртгэлд бизнес эрхлэгчдээс гадна төрийн өмчит байгууллагууд, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд олноор оролцоно” гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn