Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА     

 

Жижигхэн хураагаараа элдвийг сонирхож, хувцасны шүүгээн дээрээ наасан эрвээхэйн зурагтай таних тэмдгээ хараад, энэ юу вэ гээд хоёр гараараа дэвж үзүүлэх бяцхан охин. Үеийн хөвгүүдтэй хөөцөлдөж, хөлсөө асгартал гүйчихээд ээжийнхээ энгэрт эрхлэх өхөөрдөм хүүгээ хараад хүн бүхэн хайрлаж, баярладаг биз ээ. Хэдийгээр шулганан ярьж, хөөцөлдөн гүйхгүй ч гэлээ “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн хүүхдүүд аз жаргалтай байна. Монголын анхны аутизмтай хүүхдийн “Аутизм монгол анд” төрийн бус байгууллагын дэргэдэх “Анүүлэн аз жаргал” цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байна.

 

Анги бүр сэтгэлзүйчтэй

“Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн хаалгаар ороход нам гүм орчин угтав. Учир нь хүүхдүүд унтаж байгаа нь тэр. Цэцэрлэгийн үүдэнд камер байрлуулсан бөгөөд бүх ангийг харж болох ажээ. Ногоон, цагаан, цэцэгтэй хөнжлөөр хучсан багачууд амар тайван нойрсож байв. Зарим нь хааяа нэг эргэж хөрвөөнө. Гараа гаргаж, хөнжлөө тийчлэхэд нь багш нь хучлагыг нь янзалж харагдана. Аутизм гэдгийг нийгмийн харилцаа, хэл ярианы дутмагшил болон давтагдмал үйлдэл явцуу сонирхол, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг хэмээн тодорхойлжээ. Яг л энэ хам шинж илэрсэн хүүхдүүд тус цэцэрлэгт хүмүүжиж байна.

“Аутизм монгол-Анд” төрийн бус байгууллагын захирал Б.Мөнх-Оргил “Манай цэцэрлэг 2014 онд байгуулагдсан. Цэцэрлэг байгуулах болсон гол шалтгаан нь энэхүү төрийн бус байгууллагатай салшгүй холбоотой. Үүсгэн байгуулагчийн маань хүүхэд аутизмтай гэж оношлогдсон юм билээ. Тухайн үед яг ийм оноштой хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгаагүй учир эдгээр хүүхдүүдийн төлөө заавал нэг зүйл хийнэ гэсэн сэтгэлээр энэ цэцэрлэгийг байгуулсан. Манай цэцэрлэг одоогоор 60 хүүхэд хүлээн авах чадалтай, 3-6 насны 48 хүүхэдтэй дөрвөн бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн юм. Энгийн цэцэрлэгтэй харьцуулахад аутизмтай хүүхдийн цэцэрлэг орчин болоод сургах арга барил нь тэс өөр. Сурах орчин нь эрүүл аюулгүй, бэртэж гэмтэхээс 100 хувь сэргийлсэн байдаг. Энгийн хүүхдүүд багшийгаа “Тоглоомоо хураагаарай” гэхэд шууд ойлгож хүлээж авдаг бол аутизмтай хүүхдүүд арай өөр. Багш хүүхэд бүхэнтэй харьцаж, өөрийн биеэр үлгэрлэн харуулахаас эхлээд нарийн ажиллагаа, зарим үед багш хүний тэсвэр тэвчээр шаардах нь бишгүй байдаг ажээ. Гэвч тус цэцэрлэгийн багш нар хэзээ ч ажилдаа түүртэж, гомдолдоггүй гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Одончимэг бахархаж байсан юм. “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн хувьд нэг анги дүүргэлт нь 14-16. Хүүхдүүдтэй өдөр бүр хоёр багш, нэг сэтгэлзүйч ажилладаг гэж байв.

 

Аутизмтай хүүхдийг ойлгодог орчин

 

Биднийг ийнхүү багш нартай ярилцах зуур хүүхдүүд сэрж эхэлсэн юм. Ангийн хаалгыг онгойлготол унтлагын хувцастай жаахан охин гүйж ирэв. Барьсан үзэг дэвтрийг минь их л сонирхож байгаа бололтой эргүүлж, тойруулж үзэх нь өхөөрдөм. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд хүнтэй харилцаа үүсгэхээс илүү эд материал, ахуйн хэрэглээний зүйлүүдийг илүүд үздэг гэнэ. Үнэхээр хүүхдүүдийг ажаад байхад бие биетэйгээ тоглохоос илүү тоглоом болоод орчинд нь байгаа хэрэглэгдэхүүнийг сонирхох ажээ. Аутизмтай хүүхдийг хамгийн багадаа 18 сар болон хоёр настайд нь илрүүлж болдог юм байна. Жишээлбэл, ээж аав нь хүүхдээ нэрээр нь дуудахад мэдэхгүй байх нь аутизмын нэг төрлийн шинж тэмдэг гэнэ.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Одончимэг “Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд аутизмтай хүүхдийн тухай гаргасан нарийн судалгаа байхгүй. Мөн юунаас болж энэ төрлийн эмгэг нэмэгдэж буй тухай эрдэмтэд одоо ч судалсаар байгаа юм. Манай цэцэрлэгийн хувьд Австрали, Тайвань гээд олон улсын цэцэрлэгүүдийг судалж, олон орны багш нарыг урьж, сургалт авч, багш нараа чадавхжуулсан туршлагатай. Бидний хувьд давуу тал нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж чадсан. Мөн аутизмтай хүүхдийг ойлгодог орчин манай цэцэрлэгт л бий. Энд ямар ч ялгаварлан гадуурхалт байхгүй” гэсэн юм.

Үнэхээр “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн орчин болоод багш, ажилчдаас нь эхлээд аутизм гэж юу болох, эдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажиллахаа мэддэг, нэг ч болтугай зөв дадалтай болгохсон гэсэн чин сэтгэлтэй хүмүүс ажилладаг ажээ. Тус цэцэрлэгийн шинэхэн багш Г.Хонгорзул “Би өнгөрсөн жил МУБИС-ийн сэтгэл судлалын ангийг төгссөн. Төгсөхөөсөө өмнө тусгай хэрэгцээт хүүхдийн байгууллагад ажиллана гэсэн бодолтой байсан. Гэхдээ аутизм гэж сонгоогүй. Хувь тохиолоор ч юмуу энэ цэцэрлэгтэй холбогдсон.  Одоогоор цэцэрлэгийнхээ Бамбаруушхан буюу 4-5 настнуудын дунд бүлгийн багшаар ажиллаж байна. Анх сургууль төгсөөд орж ирж байгаа багшийн хувьд эхлээд шантармаар хэцүү санагдаж байсан. Харин одоо үнэхээр энэ цэцэрлэгт ажиллахыг хүсч байвал эхлээд хүлээн зөвшөөрч, дараа нь хүүхдүүдээ ойлгож сурах ёстой юм байна гэдгийг хамгийн их мэдэрч байна. Аутизмтай хүүхэд энгийн хүүхдээс тэс өөр. Багшийн хувьд тухайн хүүхдийнхээ онцлогт тааруулж, сургалтаа хийдэг. Миний хариуцаж байгаа ангийн хүүхдүүд яг бусдыг үлгэрлэн дуурайж сурдаг нас. Тиймээс ангидаа байхдаа ямар зөв үйлдэл хийвэл хүүхдүүд минь намайг дуурайх бол гэж боддог. Би үлгэр жишээ байвал хүүхдүүд тэгж л хүмүүжнэ” гэв.

 

“Заасан нэг үгийг сурч, нэг зураас тэгшхэн зурахад л баярлах сэтгэл төрдөг”

“Анүүлэн аз жаргал” цэцэрлэг өглөө 08:30-аас хүүхдүүдээ авч, орой хамгийн сүүлийн хүүхдүүд 18:00 цагийн үед гэрлүүгээ явдаг ажээ. Хүүхдүүд цэцэрлэгтээ байх хугацаандаа дасгалаа хийж, хааяа зураг зурж, хөгжмийн аянд бүжиглэж наадна. Багш нарынх нь хувьд ихэнх цагийн тухайн хүүхдийг сууж сургах, гар хурууг нь зүгшрүүлэхэд чиглэсэн сургалтуудыг ордог гэж байв. Б.Сарантуяа багшийн хувьд тус цэцэрлэгт долоо дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр “Би энэ жил бэлтгэл ангийн багшаар ажиллаж байгаа. Манай хүүхдүүд дараа жил сургуульд орно. Энгийн хүүхдүүд бол миний охин ирэх жил сургуульд орно шүү гэхэд ойлгож хүлээж авна. Харин манай хүүхдүүдэд тийм ойлголт төдийлэн байхгүй. Тиймээс сургуульд бэлтгэх буюу сууж сургах, гарыг нь зүгшрүүлэх хичээлийг түлхүү орж байна. Миний хувьд хүүхдүүд минь миний заасан нэг үгийг сурч, нэг зураас тэгшхэн зурахад л баярлах сэтгэл төрдөг. Учир нь энэ бол эдгээр хүүхдүүдээс гарч байгаа их том хөдөлмөр юм шүү дээ. Зураг зуруулахад сараачиж чадсан байхыг нь харах л аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж байгаа багшийн хувьд том амжилт байдаг” гэсэн юм. Б.Сарантуяа багштай ийнхүү ярилцаж байх зуур хүүхдүүдийн үдийн хоол болж байв. Мэдээж хүүхэд эрүүл саруул өсөхөд тэжээллэг хоол хамгийн чухал. Тэгвэл энэ хариуцлагатай үүргийг Б.Цэнгэлмаа тогооч хүлээдэг ажээ.

Тэрбээр “Би энэ цэцэрлэгт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Аутизмтай хүүхдүүдийн хоолны дуршил энгийн хүүхдээс тэс өөр байдаг. Жишээлбэл, би үзэмтэй талх хийгээд өгчихөд тухайн хүүхэд стресстэх магадлалтай. Мөн хэтэрхий их ногоотой бус яг таарсан хамгийн гол нь элдэв амтлагчгүй, эко хоол өгөхийг эрхэмлэдэг.Манай хүүхдүүд өдөрт таван удаа цайлдаг. Үүний хоёр нь махан хоол. Миний хувьд бүх талх, боорцгоо өөрөө гардаж хийдэг. Өнөөдөр өглөө ирээд хүүхдүүддээ сүүтэй будаа өгсөн. Өдөр гурилтай шөл, үдээс хойш будаатай хуурга орсон. Харин орой боов талх идээд тарна” гэсэн юм. Ийнхүү “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгт өнгөрүүлсэн хагас өдөр хөгжилтэй, хөөртэй, бяцхан хүүхдүүдийн цагаахан инээдэн дунд өнгөрсөн юм. Хүүхэд бүхэн хөөрхөн. Тэд ямар ч эмгэгтэй төрсөн хамаагүй томчуудаар хайрлуулж, эрүүл таатай орчинд өсч, хүмүүжих эрхтэй. Яг л энэ орчинг “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгт бүрдүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 192 (7177)