С.УЯНГА

 

Монголчууд "Ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл" гэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэ хүндлэл, өв уламжлалыг улам түгээн дэлгэрүүлэх, өвлөн хадгалах учиртай. Харин нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр амьдралын хэмнэлтэй холбоотой зарим нэг онцлогоос шалтгаалж бидний ойлголт хандлага өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, олон жил амь бөхтэй оршиж ирсэн хэвшмэл ойлголт эхнээсээ халагдаж байгаагийн ганцхан жишээ нь метрополис хотын иргэдийн автобусанд зорчих шинэ соёл. 

Нийтийн тээврийн автобусанд ахмад настан, бие давхар болоод бага насны хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эрүүл мэнд, бие махбодын хувьд зогсож зорчиход хүндрэлтэй буюу зайлшгүй сандал дээр сууж явах  шаардлагатай хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг хүндэтгэж сандал тавьж өгдөг хэвшил, ойлголт ч залууст аль хэдийнэ суусан. Харин сүүлийн үед их хотын иргэдийн дунд нэгэн соёл нэвтэрч буй нь оюутан, сурагчдад сандлаа өгч залуу үеэ хайрладаг шинэ жишиг бий болжээ. Улаанбаатарын замын түгжрэл, дуу чимээн дунд хэдэн цагаар ч хамаагүй хүнд цүнх үүрч зогсоогоороо зүүрмэглэж яваа оюутан, сурагчдыг хайрлаж, тэднийг суудалд суулгахад дургүйлхэх хүн цөөрсөн байна. Ингэж  автобусанд зөвхөн ахмад нийтэд биш оюутан, сурагчдад ч сандал тавьж өгч болно гэдгийг харуулж хэвшмэл ойлголтоо өөрчилж буй жишээг голдуу хотын зах руу явах нийтийн тээвэрт илүүтэй харж болно. Ялангуяа, бүх нийтээрээ халуун ам бүлдээ яарсан оройн цагаар сурагчийн формтой хөвгүүд автобусны арын суудалд бөх гэгч нь унтаж буй дүр зургийг та бүхэн харсан биз дээ.

Үдшийн 20:00 цагийн үед Нисэх чиглэлийн автобусанд дунд ангийн хөвгүүд орж ирлээ. Тэд дүүрэн дэвтэр номтой цүнх, пүүз, гадуур хувцас бас бус зүйлс хангалттай багтах хэмжээний том уут үүрсэн харагдана. Яриаг нь сонжвол хоёр ч автобус дамжихдаа сүүлийнхийг нь цаг гаруй хүлээжээ. Тэдэнтэй зэрэгцэж зогсоод яриа дэлгэх зуур “Өглөө 06:00 цагт босоод хамгийн эхний автобусаар Нисэхээс 13 дугаар хороолол руу хоёр дамжин хичээлдээ явдаг. Хичээл тараад дугуйландаа суучихаад 18:00 цагийн үед талбай руу алхаад автобусанд сууна. Хүнд цүнхээ үүрээд алхана. Дээр нь Биеийн тамир ордог өдөр ангид сольдог углаашаас гадна дахиад нэг пүүз, өмд, цамцаа цүнхлээд явдаг. Одоогоор хичээлийн хуваарь яг нарийн тогтоогүй учраас бүх дэвтэр, номоо аваад явж байгаа” гэв.

Хүнд цүнхээ үүрээд 2-3 буудал алхана, дээрээс нь багадаа хагас цаг автобус хүлээнэ. Өглөө, оройдоо хамгийн бага түгжрэлээ гэхэд цаг гаруй явдаг. Оройдоо бол багадаа хоёр цаг түгжирдэг. Гэртээ хариад хичээлээ хийсээр 00:00 цагтай уралдаад унтдаг гэж бас нэг нь нэмлээ. Зарим үед ядраад унтчихмаар санагддаг, сул сандал олдвол тэр хамгийн азтай өдөр гэж тэд нэгнээ нударч байна. Та нарт хүмүүс суудлаа тавьж өгдөг үү гэхэд “Нэг удаа л танихгүй ах яасан хүнд “юм” авч явдаг юм бэ гээд суулгасан. Ихэнхдээ өвөр дээр цүнхээ тавих уу гэж хүмүүс асуудаг” гэлээ. Эндээс харахад автобусанд зорчиж яваа сурагчдын амьдралын цикль иймэрхүү байдлаар л эргэлдэж байдаг гэхэд хилсдэхгүй. Дээр нь үүрийн гэгээтэй уралдаж гараад өдөржин хичээл, номын санд суугаад харьж яваа оюутнууд ч мөн адил. Эрдэм номын төлөө хичээж яваа Монголын ирээдүй, хойч үе шүү дээ. Тиймээс хүнд ачаандаа түүртсэн, зүүрмэглэсэн оюутан, сурагч таарвал алаг, үр ах дүүтэйгээ адилтган үзэж тэдэнд суудлаа тавьж өгөх талаар бодож нэг үзээрэй. Зөвхөн ахмад настан биш залуучууд ч мөн адил завгүй их ажил, амьдралын хэмнэл, түгжрэл дунд эрхгүй ядарч байдаг юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 192 (7177)