П.АМГАЛАН

БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулсан иргэний мэдээллийг одоо хүртэл гэр бүлээс нууж байгаа асуудлаар иргэн А.Болормаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр А.Болормаа “ Дүү маань 2016 онд БНСУ- руу гэрээгээр ажиллахаар явсан. Тэр үед тус улсад байрлах хүлэмжийн компанид 2-3 жил ажилласан. Тус компанийн захирал нь эхлээд цалингаа өгч байгаад сүүлдээ өгөхөө больсон. 2021 оны тавдугаар сарын 29-нд дүү маань монгол руу холбогдож “Захирал цалингаа өгөөгүй ээ би гэртээ байна. Цалингаа өгтөл нь гэртээ байна” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны зургадугаар сарын 8-ны өдөр хүртэл гэрийнхэнтэйгээ холбогдоод 9-нөөс хойш бид нартай холбогдоогүй. Тэгээд 2021 оны зургадугаар сарын 30-нд нас барсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Гэтэл БНСУ-ын Гадаад хэргийн яам, прокуророос ирсэн бичигт “ 2021 оны зургадугаар сарын 30 –ны өдөр задлан шинжилгээ дууссанаас хойш долдугаар сарын 15-ны өдөр талийгаачийн төрөл садны хүн болох Н.Мөнхбаярт цогцос тэмдэглэлийн дэвтэр өгсөн” гэж бичсэн байсан. Бид нар задлан хийлгэхгүй гэж хэлээд Монгол Улсын Гадаад хэргийн яаман дээр очоод цогцосоо авья гэж гуйхад 70-80 сая төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд визний асуудлаа шийдчих, дараа нь МИАТ-ийн билет дээр тусална гэсэн. Гэвч виз гарсны дараа билетний асуудлаа өөрөө шийд гэж хэлсэн. Ингээд визээ хөөцөлдөөд тав хоног өнгөрсөн.

Тэгээд МИАТ-ын Цэцэгмаа гэж хүний хэлсэн газар коронавирусын шинжилгээ өгсөн ч эерэг хариу гарсан. Гэвч бид нарын зөвшөөрөлгүй задлан хийсэн байсан. Тэгээд ээжийн төрсөн дүү болох Н.Мөнхбаяр цогцос таниад өгөөч гэж гуйсан. Гэвч эгчид маань цогцосыг ерөөсөө харуулаагүй. Дүүгийн маань гэрээс олдсон тэмдэглэлийн дэвтэрт “12 сая вон захирлаасаа авна” гэж бичсэн байсныг эгч маань уншсан гэсэн. Өмнө үйлдвэрийнх нь захирал нь дүүг маань 2019 онд гурван хүнтэй хамт зодсонг нь сүүлд нь утаснаас олж уншсан. Тухайн үед энэ талаараа үеэлүүддээ хэлсэн байсан. Тэгээд бид дөрвөн сая 500 вон чандарлуулах хөлсийг өгсөн. Би Солонгосд очоод чандарын газар очиход бүртгэлгүй байна гэж хэлсэн. Тиймээс бид дүүгээ нас барсан эсэхэд нь эргэлзэж байна. Би энэ хэргийн талаар 2021 оны наймдугаар сарын 4-нд БНСУ-ыг зорьсон. Хоёр жилийн хугацаанд энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж БНСУ-ын шүүхээр явсан. Мөн БНСУ-д байгаа элчин консул, элчин сайд дээр очсон. Мөн БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаад иргэдэд тусламж үзүүлдэг төвүүд, хүний эрхийн комисс дээр очсон ч энэ хэргийг ерөөсөө авч хэлэлцдэггүй. Хоёр улсын хэрэг гэсэн хариу өгдөг байсан. Би өмгөөлөгч хайсан болов ч олдоогүй. Хэрвээ задлан хийсэн бол хийсэн бичлэгийг үзүүлээд, англи хэл дээр орчуулгатай нь өгөхийг хүссэн ч өгөөгүй. Тиймээс энэ хэрэг дээр улсын өмгөөлөгч ажиллуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хүсэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn