Баатарын НЯМСҮРЭН

 

Хамтын ажиллагаа өрнүүлсэн чуулган

 

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум энэ сарын 18-22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн хамтын хөгжил” сэдвийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид чуулж ирэх жилүүдэд хэрхэн ажиллах талаараа хэлэлцсэн юм.

Энэ удаагийн форумыг  ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж Монголын талаас 40 хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон юм. Форумын үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Монгол Хятадын сэтгүүлчдийн форум нь 14 жилийн турш нэг ч удаа тасралгүйгээр зохион байгуулагдсан. Энэ хугацаанд хөндөөгүй сэдэв, ярилцаагүй салбар, зөвлөлдөөгүй зүйл гэж байхгүй. Тухайлбал өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн салбарт байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэж, энэ тухай зөвлөлдөж, санал санаачилга дэвшүүлж, оролцоогоо ярилцсан. Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Үүгээрээ бид цаашид хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа нягт үргэлжлүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцох гүүр болон ажиллах боломж бүрдэж байна. Тухайлбал, Янтай хотын Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай Монгол Улсын Төв аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо” гэсэн юм.

Ийнхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, бүс ба зам санаачилгыг таниулах зэрэг ажлыг хамтын ажиллагааны гэрээнд тусгасан байна. Мөн харилцан суралцах, техник технологийн шинэчлэлийг хамтран хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд харилцан дасан зохицох зэрэг саналуудыг зөвлөлдөх юм. Ийнхүү XIV форум амжилттай өндөрлөж ирэх жил Монголын тал хурлыг зохион байгуулахаар боллоо.

 

Яньтай хот аялал жуулчлалын бүс

Бид цааш Яньтай хотоор аялсан. Чийглэг агаар, далайн намуухан давалгаа нүд баясгам үзэсгэлэнт хотын хөгжил угтлаа. Энэ хот далайн эрэг дагуу оршдог, таван дүүрэгтэй. Мөн 13900  хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, 708.3 мянган хүн амтай. Яньтай нь далайн эрэг дагуу цэцэглэн хөгжсөн түүхтэй аж. Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаагаар баялаг нутаг. Мужийн түвшинд 46 далайн фермтэй, нийт талбай нь 1.4 сая акр байдаг. Мөн Яньтай боомт нь 1861 онд нээгдэж улсынхаа хойд хэсгийн гурван том худалдааны боомтын нэг байжээ. Тус улс аж үйлдвэрлэл хөгжсөн бөгөөд Жанюй, Алтан гадас, Саньхуань 100 жилийн түүхтэй брэндүүд нь алдаршсан. Мөн үндэсний эдийн засгийн 41 салбараас 37 салбарыг хамарсан аж үйлдэр бүрэн хөгжжээ. 2021 оноос хойш 11 сая жуулчин хүлээж авсан нь Яньтай хот аялал жуулчлалын бүс болсныг илтгэнэ.

 

600 жилийн түүхтэй Яньтай уул

Өвөрмонголын Улаанцав хотод болсон чуулганаа өндөрлүүлж ӨМӨЗО-ы Шаньдүн хойгийн зүүн хэсэгт, Шар тэнгис, Бөхай тэнгистэй хиллэдэг Янтай хотыг зорилоо. Хөх хотоос хоёр цаг гаруй автобусаар давхиж хүрдэг Яньтай хот Хятад улсын далайн эрэг дагуух нээлттэй хотуудын нэг аж. Яньтай хот далайн түвшнээс 42.5 метр өндөр, 45 га талбайтай Яньтай уулаар “гоёно”. Уул, далай, хот, боомт багтсан их хотын үзэмж жуулчдыг эрхгүй татдаг тухай аялалын тайлбарлаж хэлж байлаа. Тус уул нь  Яньтай хотын нэрээс үүдэлтэй. Хотын хойд захад байрлаж, 11 талаараа далайгаар хүрээлэгдсэн. Үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутагтай юм билээ. Яньтай уул нь 600 гаруй жилийн түүхтэй. Түүгээр нутгийнхан бахархдаг төдийгүй тус хотын түүхийн чухал өлгий, бэлэг тэмдэг болжээ. Мөн далайн эргийн байгалийн үзэмж, боомтын соёл, соёлын дурсгалт газрууд гээд жуулчдын сонирхлыг татаж “нүдийг хужирлах” чамин атлаа Өвөрмөц соёл бол Яньтайн зузаан өв юм.

Үүний дараа Чаоян гудамжийг зорилоо. Энэ нь орчин үеийн Яньтай хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамж. 1880 онд Германы нэгэн бизнесмен гудамжны хойд хэсгийн зүүн талд тухайн үеийн Яньтай хотын хамгийн том самрын экспортлогч байсан Ансы гадаадын дэлгүүрийг нээжээ. Түүнээс хойш гудамжинд барилгууд бий болсон бөгөөд эсрэг талд байрлах Клейтон ресторанд 1912 онд нөхөр Сүнь Жүншань ирснээр алдартай болжээ.  Гадаадын алдартай пүүс, дэлгүүрүүдтэй. Хятад, Англи хэлээр үйлдвэр, пүүс, банк, үзвэр үйлчилгээний газруудыг харуулсан олон самбартай байлаа. Өнөөгийн Чаоян гудамжинд барууны хэв маягийн барилгуудын гоёмсог чимэглэл, зуун жилийн өмнөх гудамжнуудын өнгө төрх, ханан дээрх харь үсгийн зургууд нь бодол санааг цаг хугацаа, орон зай алсад аялуулж, харсан хүн бүхний сэтгэлийг аргамжина.

Мөн Сүө Чэн Ли. Сүө Чэн Ли нь хотын төв хэсэгт байрладаг түүхэн барилга байгууламжууд төвлөрсөн, уламжлалт соёлтой хуучин гудамжтай. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа засвар хийсний дараа "Хуучин гудамж, Жяодүнгийн амт, тавтай амьдрал" хэмээх нэрээр олонд танигдсан байна. Урлаг соёлыг харуулсан номын дэлгүүр, сонин содон хороолол, өвөрмөц онцлогийг шингээсэн зоогийн газар, кофе шопууд нь жуулчдыг татах “соронз” хэмээн хөтөч бидэнд тайлбарлалаа.

 

Жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэдэг

Яньтай Кея бренди дарсны үйлдвэр нь Шаньдүн мужийн Яньтай хотод байрладаг. Үүдээр нь ороход дарсны тансаг үнэр хамар цоргино. Жанюй компанийн 200 сая юанийн хөрөнгө оруулалтаар барьсан Хятад дахь анхны бренди үйлдвэр юм байна.  Тус үйлдвэр нь Европын дундад зууны үеийн Романескийн архитектурын хэв маягийг нэвтрүүлсэн бөгөөд 30 гаруй талбайг эзэлдэг. Дарсны үйлдвэрийг тойрсон өргөн уудам цагаан усан үзмийн тариалангийн талбай бий. Түүний доор дарсны зоорь нь байрлана. Францын Лиму ойн бүсээс царс модоор хийгдсэн дарсны савтай, эртний уламжлалт дарс исгэх төхөөрөмжийг ашиглаж, өндөр чанартай брендигээр дарс нэрдэг аж. 2019 онд Яньтай Кея бренди дарсны үйлдвэр албан ёсоор нээгдэж, Хятадын архины аж үйлдвэрийн холбооноос "Хятадын №1 бренди дарсны үйлдвэр" цолыг хүртээжээ. Хятад дахь дээд зэрэглэлийн бренди үйлдвэрлэгчийн хувьд Keя Бренди дарс нь Хятад, тэр байтугай Ази дахь мэргэжлийн бренди дарсны үйлдвэрүүдийн хоосон орон зайг нөхөж чадсан бөгөөд Хятад дахь дээд зэрэглэлийн брендигийн нэрийн хуудас, шинэ ертөнцийн брендигийн чухал бэлэг тэмдэг болжээ.

Дарсны үйлдвэрээс гараад Жанюй дарсны соёлын музейгээр зочиллоо. Жанюй дарсны соёлын музей нь Яньтай хотын Жыфү дүүргийн Дама замын 56 тоотод байрлаж байлаа. Музей Дарсны соёлын талбай, Ерөнхий танхим, Түүхийн танхим, Кино телевизийн танхим, Орчин үеийн танхим, Уран бичлэг, уран зургийн танхим, Ховор бүтээгдэхүүний танхим, Газар доорх том дарсны зоорь зэргээс бүрджээ. Мөн ухаалаг далд ус зайлуулах системийг зоорины дотор, гадна талд байрлуулсан байлаа.

 

Ремеген био  эм  бэлдмэлийн үйлдвэр

“Ремеген био эм бэлдмэл” компани 2008 оны додугаар сард 544 сая юанийн бүртгэлийн хөрөнгийн сантайгаар үүсгэн байгуулагджээ. Улсын дотоод тэргүүний, дэлхийн жишигт нийцсэн биологийн шинэ эмийн судалгаа, хөгжүүлэлтийн гурван тэргүүлэх платформын нэг. Үүнд Антибодь ба фюцион уургийн платформ, Антибодь эмийн конжугэйт /ADC/ платформ болон хоёр үйлдэлт Антибодь /HiBody/ платформ нь үндэсний "863" төлөвлөгөө зэрэг 15 томоохон тусгай төслийг дараалан хэрэгжүүлсэн гэдэг. Мөн доктор Фан Жяньминь зэрэг үндэсний хэмжээний 30 гаруй тэргүүлэх чадвартныг цуглуулж, судлан бүтээсэн бүтээгдэхүүн нь тус салбартаа тэргүүлж, хамгийн шилдэг нь болжээ. Одоогийн байдлаар 20 гаруй нэр дэвшигч биофармацын бүтээгдэхүүнийг боловсруулж, долоон нэр төрлийн эмнэлзүйн туршилт, олон арван шинэлэг эм судалгаа, боловсруулалт, арилжааны шатандаа явж байгаа бөгөөд жил бүр 2-3 эмийг шинээр эмнэлзүйн судалгаанд хамруулж байна. Мөн 2021 онд "Telitacicept" болон "Disitamab Vedotin" зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хоёр шинэлэг эмийг зах зээлд гаргахыг зөвшөөрч, үндэсний эрүүл мэндийн даатгалын катологид оруулжээ. "Disitamab" компани 2.6 тэрбум ам.долларын хилийн чанадад лиценз олгох гэрээ байгуулж, дотоодын эмийн хилийн чанадад хамгийн өндөр зөвшөөрөл авснаар шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржийн үндсэн зөвлөл болон Шанхайн хөрөнгийн биржийн Шинжлэх ухаан, технологийн инновацын зөвлөлд бүртгэлтэй бөгөөд мужийнхаа анхны "A+H" бүртгэлтэй био анагаах ухааны компани аж. Өнгөрсөн онд үйл ажиллагааны орлого нь 597 сая юань байсан бол, энэ оны эхний улиралд 168 сая юань болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)