Дуламын ЦЭРЭННАДМИД

 

Суурин соёлтнууд дэлхий ертөнцийг эзэгнэх хүсэлтэй байдаг бол нүүдэлчин соёлтнууд дэлхий ертөнцийг хайрлах сэтгэлтэй байдаг гэдэг.

Энэ философилог үгсийн үнэнийг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж, амьдарч байгаа Хурцбаатарын Энхбилиг гэдэг залуутай ярилцсаны дараа бүр сайн ойлгож мэдсэн минь аз байлаа. Эрдэмтэй боловсролтой гэж өөрийгөө дөвийлгөх дургүй, нэгэн санаа зоригийнхоо дагуу эгэл борчуудын адил амьдарч яваа нь энэ хүний онцлог юм гэж хэлэх гэж энэ хөргийг тэрлэвэй.

 

Нутаг хайсан урт аялал

 

Эхэнд нь содон сонголтын эзэн... хэмээн гарчиг тавиадахсан минь учиртай юм л даа. Европын өндөр хөгжилтэй, өв уламжлал ихтэй нэгэн оронд нийгмийн сэтгэлзүй судлаач чиглэлээр суралцсан болохоор түүнийг тэнд сурсан мэдсэнээ, үзэж дуулснаа өөрийн эх орондоо ирээд хэрэгжүүлсэн юм уу гэвэл тийм биш. Нэгэн үе Улаанбаатарт боловсролын байгууллагад ажиллаж зэрэгцүүлээд хэвлэх үйлдвэртэй байсан нөхөр гэнэт л хөдөөд очиж амьдрахаар сэтгэл шулуудсан нь хөндлөнгийн хүнд бол хачин сонголт байлаа. Тэгээд л Х.Энхбилиг эрэлд гарсан байгаа юм. Эрэл гэдэг нь уртын урт аялал байв. Аяллын зорилго нь хаа ч юм хөдөө гэр бүлээрээ очиж амьдрах тэр нутгаа сонгоход чиглэгджээ. Монголынхоо бүх аймгийн нутгаар хэрэн хэсэн явж зарим аймагт 2-3 удаа очсон байх юм.

Тэндээсээ Дундговь, Говь-Алтай, Булган гэсэн гурван аймгийг өөрийн шүүлтүүртээ үлдээжээ. Тэр дундаасаа Говь-Алтайг дэндүү цөлөрхөг юм гэж, Дундговь аймгийг нийслэлд хэт ойрхон бас олон улсын байгууллагын зөндөө салбар ажилладагаар нь хасч Булган аймаг түүний сонголтод таарсан байдаг. Үүний дараа Х.Энхбилиг эхнэртэйгээ хоёулаа Булганаас суурьших газраа олохоор дахиад эрэлд мордсон байгаа юм. Бүх сумдаар нь таван жилийн турш аялж хувьдаа буурьтай нь аргагүй судалгаа хийгээд эцэст нь Хутаг-Өндөр сум өөрт нь таалагдсан гэнэ. Энэ тухай Х.Энхбилиг ярихдаа:

-Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр гээд нутаг ус, амьдрал ахуйгаараа сайхан газрууд байсаан. Гэтэл зарим нь хэт салхилдаг бас хогийн цэг нь зохисгүй байрлалтай гэх мэтийг нь нарийвчлан үзсэн гэж хэлнэ лээ. Зарим суманд нэг удаа биш бараг 10 удаа очсоны дараа Хутаг-Өндөрийг сонгожээ. Сумын иргэдтэй уулзаж үзэж. Бас үүх түүхийг нь ч анзаарсан байгаа юм. Ингээд Улаанбаатараас нүүв. Очсон сум нь Хутаг-Өндөр уулаа энгэрлэн налайсан Монгол төрийн анхдагч түшээгийн нэг манлай ван Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг гэдэг нь сумын 100 жилийн түүхийн эхлэл нь. Энэ тухай тодруулан дурсвал 1924 онд тухайн үед байсан Наран, Дэлгэрэх, Норовлин сумдыг нэгтгэн Цагаанбургасын цүлхүү тохойд одоогийн Хутаг-Өндөр сум байгуулагджээ. Тэгээд 1929 онд Бунханы буланд суурьшсан гэсэн бий.

Аймгийн томоохон сумын нэг нь. Нэгэн үе Магсаржав нэртэй сангийн аж ахуй гэж байсны улбаагаар мал аж ахуйгаас гадна газар тариалан түлхүү хөгжсөн нь бас нэг онцлог. Энэ сумынхан онцгой хөдөлмөрч харагддаг. Байгалийн сайхан нь гэвэл хэлээд баршгүй. Өргөн Сэлэнгээс эхлээд олон гол мөрөн, Их Хантайн нуруунаас салбарласан Намнан, Хутаг-Өндөр гээд оргилоо булаалдсан хайрхнуудтай. Уулынх нь ам бүрээс рашаан ус бургилан байх үнэхээрийн сайхан нутаг.

Х.Энхбилигийн учиртайхан сонголтын эрлийн хараа тогтсон газар энэ байлаа.

 

Тэднийх өдөр бүр хонины хишигтэй

Х.Энхбилигийн фермерийн нэг хэсэг нь энэхүү цацагт хяруулууд. Түүний мах эрэлттэй, нэг кг нь 30 мянган төгрөг юм. Хэрэглэгч нь Монгол дахь гадаадын Элчин сайдын яам, олон улсын байгууллагынхан байдаг ажээ.

Хэн нэгэн Х.Энхбилигийг буруутгаж магадгүй л дээ. Гадаадад сурч өндөр боловсролтой болчихсон байж өнөөдөр хонь хариулаад явж байх гэж. Олж авсан мэргэжил, англи, герман, орос хэл нь малчинд ямар хамаа байна гэж ч мэдэх. Зарим нь бүр толгой нь эргэчихсэн амьтан гэх нь байж болох. Тэгтэл нутгаа сонгосон залуу хоньчин болов. Өвөөдөө энэ тухайгаа хэлж л дээ тэр. Өвөө нь хэн бэ гэвэл өмнөх нийгмийн үед МАХН-ын Төв хороо гэдэг толгой байгууллагад томоохон даргын албатай явсан бол өнөөдөр насаараа хийсэн бүтээснээ төрд үнэлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат ажилтан цолны эзэн болоод байгаа буурал эрдэмтэн Ц.Балхаажав гуай юм.

Өвгөн зээ хүүгийнхээ хүсэлтийг сонсоод зөвлөхдөө нар төөнөх мэт намуухан харцаар харж:

-За хүү минь хонь хариулна гэдэг чинь зөв л байх. Тэхдээ их адармаатай ажил шүү дээ. Чи сайн бодож боловсруулсан юм байгаа биз. Чамд чадал, чадвар бол бий. Би ч залуудаа хонь хариулж л явлаа. Сүүлд хонины аж ахуйн тухай мал эрлийзжүүлгийн тухай нэг биш ном гаргаж үзсээн. Тэр дотроо хонь мал эрлийзжүүлэг гэдэг тийм үр дүнтэй ажил биш гэдгийг бичсэн бий гэв.

Өвөөгийнх нь энэ үг, захиас хөдөөд амьдрах саналыг дэмжсэн нь илт байж. Басхүү хонь хариулна гэдэг чинь амьдралын нэг том сургууль, тэр чигээрээ монгол философи юм шүү гэсэн үг нэмэрлэв. Тэгээд л Хутаг-Өндөр суманд Х.Энхбилигийнх гэдэг нэг өрх айл нэмэгдэв. Эхнэрийг нь Б.Мөнхцэцэг гэдэг. Басхүү Монголдоо дээд боловсрол эзэмшсэн. Бүр тодруулбал хэл шинжлэл, тархи судлалын ховорхон мэргэжилтний нэг. Цөөнгүй жил багшилсан туршлагатай хүн.  Тэгвэл одоо таван сайхан хүүхэдтэй өнөр бүлийн ажилсаг эзэгтэй нь. Амьдралын хувьд алив шийдвэр гаргахад эхнэр нөхөр хоёр адил тэнцүүхэн оролцоно. Аа харин энэ айлын гол ажил, үйл Энхбилигийн нуруун дээр тогтдог юм уу даа гэж санагдсан. Тийм ч байдаг л даа. Мал маллах ажил зав чөлөө багатай, хоёр нарны хооронд борви бохисхийлгэдэггүй хөдөлмөр гэдэг.

Тэгэхээр Х.Энхбилигийн хувьд хониндоо явна, хургаа тэжээнэ, хашаа хороогоо янзална. Бас гахай, шувуутай тэндээ цаг заваа зарцуулна. Гэвч тэр бүхэнд түүртдэггүй юм шиг. Нэгэнт л ийм амьдрал сонгосон юм чинь хальшрах биш зүтгэхээс яахав гэж тэр хэлдэг гэнэ лээ. Түүнийг хоньчин л гээд байх уг нь хонины жижгэвтэр фермерийн эзэн юм л даа. Харин өөрөө тэгж хэлүүлэх дуртай биш. Би хоньчин гэж дахин давтан хэлэх юм билээ.

-Өөрт чинь туслах малчин байдаггүй юм уу. Байлгахыг хичээдэггүй юу гэхэд Х.Энхбилиг:

-За тийм ээ. Байлгая гэхэд энэ суманд надад зарагдах завтай хүн алга. Хутаг-Өндөрт ажлын байр ихтэй, иргэд нь амьжиргаа сайтай юм. Одоо гэхэд ногоо, тариагаа хураана, хадлан өвсөө базаана.  Зарим нь самар жимсэндээ явчихна. Ер нь хүний нөөц хомсдолтой гэж хэлж ч болохоор. Миний хувьд эхнэр, хүүхдүүдийн маань тус их л дээ.

-Тэгэхээр чинь өөрөө өдөр бүр хонины хишигтэй байдаг байхнээ дээ?

-Яг тийм. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр гээд миний хонины хишигтэй өдөр гээд бодоход сайхаан. Хониныхоо бэлчээрт монгол хүн хамгийн жаргалтай байдаг юм шүү.

-Малын дэргэд жаргалтай гэдэг үгээ товчхон тайлбарлахгүй юу?

-Ц.Балхаажав өвөөгийн маань "Хүн хорвоогийн нэгэн хэлтэрхий Монгол" гэдэг хүн судлалын, мал аж ахуйн тухай номыг би байнга уншдаг. Уг номд монгол хүний гарал үүсэл нь малчин удам гэж бий. Цаашлаад малчин хүний сэтгэлзүйн уламжлал, уран сайхны соёл гэж юу юм бэ гэдгийг эндээс мэдэж болно. Энэ номоос нэг өгүүлбэрийг би шүтэж явдаг. "Ажилтай тархи ядрал мэдэхгүй" гэж. Ёстой үнэн үг санагддаг шүү.

-Сайхан дурсамж, хүний туулж өнгөрүүлсэн амьдрал бол тэр чигээрээ амьд судар, үнэн түүх байдаг. Х.Энхбилиг гэдэг хүний намтар түүх хэрхэн эхэлсэн бол...?

-Би Улаанбаатарын унаган хүн. Харин өвгө дээд тал гэвэл Завхан, Өвөрхангайд хамаарна. Аав, ижий маань ч Улаанбаатарт төрж өссөн хүмүүс байсан. За тэгээд нэг онцлог нь би чинь философичдын дунд Гегель, Марксын онол, сургаалийг сонсож өслөө. Өвөө философич, аав ижий хоёулаа философич гээд бод доо. Тэхдээ би ийм мэргэжил эзэмшинэ. Тийм хүн болно гэж огт мөрөөддөггүй хачин нөхөр. Ердөө бөмбөг хөөж, ширээний теннис тоглодог л хүүхэд байв. Гэтэл ижий минь нэг өдөр "За хүү минь эрдэм сурна аа. Германд сургуульд яв" гэж тулгасан. Тэгээд л явсандаа. Төгсөж ирээд хүмүүнлэгийн ажил нэлээд хийлээ. Бизнес талын юм оролдож үзлээ. Тэгж байгаад л хөдөө амьдрахаар шийдсэн. Гурван жилийн өмнө энэ суманд ирсэн дээ.

-Өөрийн сонголтдоо сэтгэл хангалуун байдаг уу?

-Хүн ямар нэг сонголт хийхдээ хэзээ ч эргээд харамсахгүй байхын тулд сайн бодох хэрэгтэй гэж ойлгодог. Хөдөө нутагт амьдрахад хот газрынхаас илүү боломжтой. Энэ сайхан байгаль орчин, газар, бэлчээр нь байна. Миний хувьд зорилготой амьдралын үлгэр дууриаллыг бусдад харуулъя гэсэн бодол байдаг юм.

-Тэгвэл өөрийн чинь энэ нутагт ирэхдээ өвөрлөж ирсэн зорилго чинь юу байсан бэ?

-Мал маллана, мал аж ахуй эрхэлнэ гэж зорьж ирээд л сууцны байшингаа барьж хашаа хороогоо зэхсэн. Тэгээд л төллөх эм хонь цуглуулсан даа. Малчдаас тав, арваар нь аваад 400 хоньтой болсон. Одоо ч 400-гаараа л байгаа.

-Өсөөгүй хэрэг үү?

-Тийм ээ. Тоо толгойг өсгөх зорилго байгаагүй. Жилд 400 мал төллүүлээд л хургыг бордоод худалдчихна.

-Хурга тийм амархан борлогдох уу. Зах зээл нь хаа байдаг юм бэ?

-Зах зээлийн эрэлт байна аа. Хурганы мах чинь аюулгүй мах гэдэг ойлголтод багтдаг болсон цаг. Тэхдээ миний хувьд ямар нэг гэрээ, сүлжээ байхгүй. Танил, найз нөхдийн тусаар болдог л ажил. Би гадаад, дотоодод олон найзтай л даа.

-Ямар үүлдэр, угсааны хонь сонгож авдаг юм бэ?

-Эхний үед нутгийн малчдаас энгийн хонь тааралдсанаа авдаг байсан. Харин сүүлийн үед шилмэл омгийн мал сонирхох болсон. Шилмэл дундаас шилж сонгоно гээч. Өнгөрсөн жил Увс аймгаас баяд хонь цөөнгүйг авчирсан. Тэгснээр манай хонь өнгө, цараа нь илт сайжирсан. Өвөө маань хонинд эрлийзжүүлэг гэснээс шилмэл омгийг цэврээр нь хадгалах үржүүлэх зөв гэж захьсан. Тухайлбал баяд хонь Увсдаа, дархад хонь Хөвсгөлдөө, үзэмчин хонь Сүхбаатартаа, барга хонь Дорноддоо зохилдолгоотой. Нутаг усандаа, өвс ургамалдаа дассан байдаг гэж. Бас өвөөгийн малд эрлийзжүүлэг хэтэрвэл ашиггүй байдаг юм шүү гэсэн үг санаанаас гардаггүй юм.

-Хонио дан бэлчээрээр байлгадаг уу. Өөрөө...?

-Дэлгэр сайхан цагт малд бэлчээр чухал. Гэхдээ тэжээх үе бий. Манай хувьд жилдээ 2000 боодол өвс, арав орчим тонн найруулсан тэжээл шаардагддаг. Тэр бүхнийг худалдаж авна. Найруулсан тэжээл гэдэгт буудай, халтар арвай, овьёос дээр нь ясны гурил, рапс бага зэрэг орж хужираар амтлагдсан байдаг. Ер нь мал маллана гэдэг чинь энд тэндээс, хэн нэгнээс ямар арга туршлага байнав гэж эрж сураад явах ажил биш монгол хүний яс маханд шингэсэн удмын хөдөлмөр гэж би ойлгодог. Мал маллах арга ухаан бол тэр чигээрээ том философи юм даа. Хонь хариулна гэдэг байгальтайгаа харьцах харилцаа гэдэг. Хүн байгалиасаа хэзээ ч холдож болохгүй. Холдвол хүн биш болно. Бүр тодруулж хэлбэл бид байгальтайгаа ойр байж чадвал амьдралын мөн чанарыг зөв мэдэрч чадна. Тиймээс залууст мал малла гэж хэлэх гээд байна л даа.

-Өөртэй чинь адил хотоос хөдөө гараад мал аж ахуй эрхэлж байгаа хүн олон байдаг болов уу?

-Байгаа. Лав 10 гаруй хүн бий. Энүүхэн Хангал суманд Эрдэнэбулган гэдэг сэтгүүлч залуу ирээд хонины аж ахуй (фермер) байгуулаад ажиллаж байна. Дорнодын Хөлөнбөөрөөс  барга хонь авчирсан юм билээ. Дундговь аймагт Насанжаргал гэдэг 22-хон настай залуу дээд сургууль төгсмөгцөө хөдөө гарчихсан 1000 хонь төллүүлж байгаа. Тэр надад "Билгээ ахаа би хоньчин боллоо л" гэсэн. Би сайн ажиллаарай гэж захьсан. Ховдод хөдөөг сонгосон хүн нэг биш бий. Бид хоорондоо харилцаатай байдаг юм.

-Хонио ямар унаатайгаар хариулдаг вэ. Хаа сайгүй л малчид машин, мотоцикль хөлөглөх болж...?

-Түүнийг би таашаадаггүй ээ. Монгол малчин Монголоороо байх учиртай. Тиймээс би нэг уяач хүнээс нутаг орныхоо наадамд олон арван удаа айрагдаж, түрүүлсэн хар азарганых нь төл жижигхэн хар үрээ худалдаж авсан. Тэр минь миний итгэлтэй унаа. Хонь, морь, бид гурав ижилсээд л байна.

-Танайх бас гахай, тахиа хүртэл тэжээдэг гэсэн биз?

-Амьтан тэжээнэ гэдэг сонирхолтой төдийгүй амьдралд тустай юм байна шүү. Цөөвтөр гахайтай бас тахиа, цацагт хяруул гэдэг шувуу байна.

-Гахай, тахиа ч олдоцтой л байх. Цацагт хяруул гэдэг шувууг хаанаас авсан бэ?

-Энэ суманд амьдарч байсан нэг Канад нөхөр бид хоёр их найз байлаа. Тэгтэл тэр нутаг буцахаар болохдоо зургаан шувуу намайг ав гэсэн юм. Одоо тэр нь үржээд 40 хүрчихээд байна. Уг нь тахианаас илүү нь мах нь үнэтэй шувуу. Авах эзэн ч бас олдог л.

 

"Бид хөдөөд соёл түгээх зорилготой"

 

Х.Энхбилиг "Бид хөдөөд соёл түгээх зорилготой" гэж хэлнэ лээ. Тэр үүргээ ч эднийхэн биелүүлж явна. Улаанбаатарт байхдаа хүмүүнлэгийн сэдэвтэй боловсролын талын ажил хийж байхдаа тэд хэд хэдэн ном бүтээжээ. Түүн дээрээ түшиглэн эцэг эхчүүдэд "Үр хүүхдээ өсгөхийн баяр жаргал" гэдэг хичээл, багш нарт болохоор "Хүүхэдтэй хэрхэн харьцах вэ" сэдэвт хичээл, бас "Аюулгүйн сонголт" сэдэвт хичээл заадаг. Эдгээр нь аль ч сургалтын хөтөлбөрт байхгүй. Ердөө л өөрсдийн зохиосон амьдралд ойр программаар тэр хичээлүүдийг заахад хүмүүс сайн хүлээж авдаг байна. Сургалт ч үнэгүй байдаг. Эхнэр Б.Мөнхцэцэг нь Хутагийнханд англи хэл заажээ. Энд Засаг даргын Тамгын газрынхан хүртэл хамрагджээ. Бас энэ сумынхан шинэхэн амтат бялуу иддэг болсон тухай Булганаар нэг ярих юм. Тэр бялууг мөн Х.Энхбилиг, Б.Мөнхцэцэг нар хийдэг болж. Тэд химийн ямар ч төрлийн зүйл оролцуулахгүйгээр жинхэнэ эрүүл бялууг зөвхөн захиалгаар хийдэг. Бас өвөрмөц хөөмөл талх ч барина.

Энэ үйлдвэрлэлийнхээ тухай Х.Энхбилиг ярихдаа "Талх, бялууг би эхнэрийнхээ заавраар л хийж байгаа" гэв. Тэгэхээр энэ айлын хүнсний технологич нь эхнэр Б.Мөнхцэцэг нь гэсэн үг ажээ. Харин тэд ярихдаа бялуу хийдэг төхөөрөмжийг найман сая төгрөгөөр авсан. Гэтэл суманд зах зээл нь маш бага учир тэр зарлагаа нөхнө гэж бодоод ч нэмэргүй биз. Харин бид бялуу хийсэн гэдэг нэр нь биш Хутаг-Өндөр суманд өөрийн гэсэн бялуутай болсон гэдэг нэг талын соёл гэж байна лээ. Хотын их шуугиан, хөл хөдөлгөөн бас замын түгжрэл, утаа униар дунд байнга стресстэй байдаг. Танай хөдөөд стресс байхгүй сайхан биз гэхэд Х.Энхбилиг:

-Хөдөөгийн стресс гэж байлгүй дээ. Мал аж ахуйтай бидэнд цаг агаар муудахад л хонь малаа яах билээ гэж сэтгэл түгшинэ. Ган, зуд болбол бас зовнино. Энэ бол хөдөө хаягтай наад захын стресс шүү дээ.

-Танай гэр бүл хэтийн зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ. Нууц биш бол хэлж өгнө үү гэхэд:

-Энэ сонгосон замаараа 2035 он хүртэл энд амьдарна. Ер нь зорилгодоо хүрэхэд 15 жил хангалттай гэж тооцсон юм. Аж ахуй маань алсдаа улам төгөлдөржих биз. Уг нь бид 2025 оноос ашигтай ажиллана гэж төлөвлөсөн. Тэгвэл тэр хугацаа жаахан наашилж ирэх жилээс л ашигтай ажиллах боломж харагдаж байгаа. Өнөөгөөр бол мөнгө олж байгаа ч зарлагаасаа давж чадахгүй шахуу л байна. 2035 он болдог юм гэе. Энэ фермерээ яахав гэвэл хэн нэгэн үргэлжлүүлээд авч явах биз. Бидний хувьд тэтгэвэртээ гарчихна. Тэгэхээр боловсролын салбарт л түлхүү ажиллаж таарна. Зааж сургах, зөвлөх ажлыг голлоно гэсэн үг. Сурвалжлагч таны үгний өнгө "Чи баян хүн үү" гэж асуух гээд байх шиг. Тэгвэл миний бодол мөнгөтэй хөрөнгөтэй хүнийг баян гэхгүй. Харин байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байхыг л баян гэх болов уу гэж боддог доо гэж Х.Энхбилиг хариулж байналээ.

 

*          *          *

 

Хэн нэгний тухай юм уу тэр хүний дотоод ертөнцийг тэмтэрсэн оновчтой үг хэлнэ гэдэг амаргүй дээ гэж Х.Энхбилигтэй ярилцаж байхдаа бодсон. Энэ залуугийн бүр өөр шинийг мэдэхийн төлөө чадахын төлөө зүтгэл нь давтагдашгүй, зорилго нь зах хязгааргүйд бэлчиж явдаг юм билээ гэдгийг лавтайяа мэдэрлээ. Тэр сурсан мэдснээ бусдад заах төдий байхыг эрхэмлээгүй, харин зорилгынхоо төлөө бат зогсож үгээр хэлэхийн аргагүй амьдралын огт өөр замыг сонгоод бусдад үлгэрлэж явааг нь анзаарахгүй өнгөрөмгүй санагдаж билээ. Герман "школь"-той монгол залуугийн ой ухаанд шинийг бүтээх, ихийг хийхийн үр жимс нь өдрөөс өдөрт төлжин цэцэглэж явнаа гэсэн үгээр хөрөг нийтлэлээ өндөрлөюү. Хутаг-Өндөрийн хул шаргал намрын олон өнгөөр наадах тэнгэр дор сумын хойд уулнаа цацсан шагай шиг хонин сүрэг асан бэлчиж харагдана. Түүний захад нэг морьтон галигуулан яваа нь Хурцбаатарын Энхбилиг яг мөн дөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)