Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Монгол Улсын Төрийн соёрхолт математикч, академич Т.Жанлавын 80 насны ойд зориулан зохион байгуулж буй “Тооцон бодох ба хэрэглээний математик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт эхэлж өчигдөр өндөрлөлөө.
Тус хурлыг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын математикийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Хуралд Франц, Герман, Австри, Канад, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаач оролцов. Хуралд аман хэлбэрээр 39 илтгэл, ханын буюу постер мэдээлэл 24 гаруйг хэлэлцжээ.
“Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар шагнав
Энэхүү хурлаар ердийн ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл бодох төгсгөлөг ялгаврын ба төгсгөлөг элементийн аргууд, тэдгээрийн хэрэглээний тухай, шугаман биш тэгшитгэл бодох өндөр эрэмбийн итерацийн аргууд байгуулах тухай, Диракийн тэгшитгэл бодох минимакс арга, тоглоомын онолын тухай, зах зээлийн эдийн засаг дахь компаниудын өрсөлдөөний математик загвар, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн математик загварын тухай, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний математик загвар зэрэг онолын болон хэрэглээний өргөн сэдвүүдийг хамарсан илтгэлүүдийг хоёр өдрийн хөтөлбөртэйгөөр хэлэлцүүлэв. Академич Т.Жанлав нь 2006 онд Монгол улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдож академич хэргэм хүртсэн бөгөөд 2012 онд нөхдийн хамт Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн аж. Тэрбээр сплайн функц болон шугаман бус тэгшитгэл бодох өндөр эрэмбийн итерацийн арга боловсруулах чиглэлээр мэргэшсэн манай улсын тэргүүлэх эрдэмтэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн математикч билээ. Хурлын үеэр боловсролын байгууллагад тооцон бодох математикийн эрдэм шинжилгээний судалгааг хөгжүүлэн шавь сургууль үүсгэн байгуулж, олон шавь бэлтгэн, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол улсын Их Сургуулийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь алдаршуулсан нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол үйл явдлын нэг байлаа. Мөн ШУТИС-ийн зүгээс тус сургуулийн дөрвөн багшийг удирдан докторын зэрэг амжилттай хамгаалуулж, олон улсын сэтгүүлд тус сургуулийн нэрээр 38 өгүүлэл бичиж хэвлүүлсэн зэрэг үнэтэй хувь нэмэр оруулсан тул “Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар шагнасан юм
Академич Т.Жанлав “Математик тоон технологийн хурлыг зохион байгуулж байгаа гишүүд болон Математик тоон технологийн хүрээлэн, МУИС, ШУА, бусад хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Би шинжлэх ухааны болоод дээд боловсролын байгууллагад 54 жил ажиллаж байна. Олон үндэсний дээд боловсролтой математмкчид бэлтгэжээ. Миний шавь нар шинжлэх ухааны олон салбарт амжилттай ажилллаж байна” гэсэн юм.
Олон улсын эрдэмтэд ирж илтгэл тавьж буй нь монгол эрдэмтдийн хувьд өндөр ач холбогдолтой
Т.Жанлав манай улсад тооцон бодох математикийн шавь сургууль үүсгэн байгуулж олон тооны судлаачдыг бэлтгэн гаргасан бөгөөд 20 гаруй ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл туурвиж, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж өндөр чансаатай олон улсын болон дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нь бусад судлаачдаас өндөр үнэлгээ авч 500 гаруй удаа эшлэгдсэн байдаг ажээ. Хурлын үеэр ШУА-ийн Математик, оон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Мөнх-Эрдэнэ “Олон улсын хурал зохион байгуулна гэдэг нэр төрийн хэрэг. Тооцоолон бодох чиглэлээр тэргүүлэх Олон улсын эрдэмтэд ирж илтгэл тавьж буй нь монгол эрдэмтдийн хувьд өндөр ач холбогдолтой. Тэргүүлэх эрдэмтдийн илтгэл, орчин үеийн судалгааны үр дүнгээс танилцах, холбоо тогтоон цаашид хамтран ажиллах боломж нээгдэж буй нь олон улсын хурал зохион байгуулах томоохон үр дүнтэй ажил байдаг. Академич Т.Жанлав гуайн 80 насны ойд зориулж сүүлийн үеийн бүтээлүүдийг нь эмхэтгэн ном бүтээгээд байна” гэсэн юм. Орчин үеийн компьютерын хөгжил нь тооцон бодох математикийн хөгжилд онцгой чухал ач холбогдолтой. Одон орон судлаачдад өндөр хүчин чадалтай дуран авиа ямар чухал байдаг, биологичдод өндөр хүчин чадалтай микроскоп ямар чухал байдгийн адилаар тооцон бодох математикт орчин үеийн хүчтэй компьютер тийм л чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Тиймээс энэ цаг үед академич Т.Жанлавын 80 насны ойд зориулж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон үйл явдал боллоо гэж хуралд оролцсон эрдэмтэд онцолж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)