С.САРУУЛ
Шатахууны нөөц, авах арга хэмжээний талаар салбарын сайдын өгсөн мэдээллийг хүргэж байна.УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "2023 оны есдүгээр сарын 23-25-ны хооронд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин манай улсад айлчлал хийнэ. Айлчлалын үеэр төрийн өндөр түвшинд шатахууны асуудал яригдахаар бэлтгэгдэж байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргад энэ талаарх мэдээллийг сайн хүргүүлж байгаа. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт засвар хийх үеэр бид БНХАУ-аас АИ92, дизель түлш импортолж, шатахууныг хангасан. Цаашид Хятадаас шатахуун импортлоход тээвэрлэлт, үнийн асуудал хүндрэлтэй байна. Тус улсаас Евро-5 ангиллын дизель түлш болон бензин импортлох боломжтой. Ургац хураалтын үеэр дизель түлшний нөөц хангалттай бий. Өөр улсаас шатахуун импортлох боломж хомс. Учир нь тээвэрлэлтийн үнийн хувьд боломжгүй, түүнээс биш Арабаас ч шатахуун авч болно.Нэг сарын хугацаанд АИ92 бензиний үнэ Улаанбаатарт нэг литр нь 2,390 төгрөгөөс нэмэгдэхгүй. Орон нутгийн хувьд тээврийн зардал нэмэгддэг. Дизель түлшний хувьд сүүлийн үед нийлүүлэлтийн үнэ нэмэгдэж байгаа ч дотооддоо үнийг өсгөхгүй байх талаас нь хичээн ажиллаж байна.Евро-5 ангиллын дизель түлшийг БНХАУ-аас авч байгаа, гэхдээ тонн тутамд 200-300 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай. Уг түлшийг уул уурхайн томоохон компаниуд ашигладаг. Владивостокийн уулзалтын үеэр ерөнхийлөгч Путин шатахууны асуудлыг ярьж байсан, гэхдээ тогтоол нь яаж гарахыг мэдэхгүй байлаа. Тиймээс дөрөвдүгээр сараас хойш шатахууныг түүхэнд байхгүй хэмжээгээр нөөцөлсөн. Дизель түлшний 40-өөс дээш хоногийн нөөцтэй.
Шатахууны хоногийн нөөц хангалттай байгаа ч ачилт 10 хоног саатахад Монгол Улсад асуудал үүснэ гэдгийг байнга хэлж буй. ОХУ-ын уг тогтоол манай улсад бүрэн нөлөөлөх эсэх, ямар арга хэмжээ авах, гаргалгаа зэрэг нь ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө эцсийн шийдвэр гарчихна. Бидний ажиллах газар ганцхан ОХУ-ын Роснефть компани байгаа.Манай улсад баригдаж буй газрын тосны үйлдвэр 1-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардаж байна. Үйлдвэрийн ажил энэ жил хурдтай явж байгаа. Энэтхэгийн компани барьж байгаа юм" хэмээн ярилаа. Тэрбээр "БНХАУ шатахуун үйлдвэрлэгч бус импортлогч. Тус улсаас шатахуун авахдаа гуйж авдаг гэсэн үг. Тус улсын Засгийн газраас үнээс гадна квот гаргаж өгдөг, зарим сард өгдөг, зарим сард өгдөггүй. Мөнгө л байвал шатахуун авчих асуудал биш" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.
Эх сурвалж: www.polit.mn