С.САРУУЛ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлаад байсан.Тэгвэл тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан учир Улиастай, Яруу сумын хөдөлгөөнийг нээжээ.

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн иргэн булчирхай хэлбэрээр өвчилсөн нь батлагдсан байна. Мөн өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн хяналтад авчээ. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс хэсэгчлэн хөл хориог нээх шийдвэр гаргав. Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэжээ. Тарваган тахлын голомт өндөр идэвхжилтэй байгаа учир иргэд тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байхыг аймгийн Онцгой комисс анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn