П.АМГАЛАН
Их хотын хөл хөдөлгөөн бужигнаж, намрын налгар өдөр үргэлжилсээр. Хэдэн арван жилийн түүхийг өгүүлж, дурсамжийг тодотгох загвар хийц бүхий “Чойжин ламын сүм музейг зорин очиход хүүхдүүдийн аз жаргалтай дүр төрх, урлагийн тоглолт, спорт тоглоом бүхий амар амгалан орчин угтлаа. Энэ орчинг бүрдүүлсэн арга хэмжээ бол “Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” соёл урлагийн өдөрлөг байв. Уг өдөрлөгийг “Чойжин ламын сүм” музей, ХБХХЕГ хамтран зохион байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүх, соёлын өвийг хүртээмжтэй таниулах, спортыг сурталчлан, оролцоог нэмэгдүүлэх тус өдөрлөгт 29 дүгээр сургуулийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ТББ-ын 200 гаруй хүүхэд оролцлоо. Уг арга хэмжээний талаар ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн “Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, ХНХЯ-ны зүгээс тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг тухай конвенцэд 2009 онд нэгдэж орсон. Хүүхэд бүхэн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, урлаг соёл өв соёлоороо хүмүүжих эрхтэй. Тиймээс тэгш хүртээмжийг нийгэмд түгээхийг төлөө ажиллаж байна. “Чойжин ламын сүм” музей зургаа дахь жилдээ энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Бусад музей санаа аваад цааш нь уриалаад агентлаг болон хувираа ч гэсэн зохион байгуулдаг арга хэмжээ болоосой гэж хүсэж байна” гэсэн юм. Харин уг арга хэмжээ зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Чойжин ламын сүм” музейн захирал Б.Отгонсүрэн “ Уг арга хэмжээ 2018 оноос хойш хүүхэд багачууд иргэддээ зориулж зохион байгуулж байна. НҮБ олон улсын музейн зөвлөлөөс гаргаж байгаа хүни олон янз байдлыг үл харгалзан тэгш хүртээмжтэй үйлчлэх гэсэн урианд нэгдсэн. Уг уриа үгийг ажил болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг жид бүр оролцуулдагаараа онцлог. Сүүлийн гурван жил ХБХХЕГ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтйэ хүүхэд, иргэнд зориулсан уг арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жил хүүхэд чиглэсэн өдөрлөг зохион байгууллаа. Уг арга хэмжээ жилээс жилд илүү хүртээмжтэй болж, өргөжиж байна” гэлээ.
“Олон арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлсэн гоё өдөрлөг болж байна”
Тус өдөрлөгийн үеэр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан нь онцлох үйл явдал байв. Мөн Чойжин ламын сүм музейн түүхэн өв соёлтой танилцаж, урлагийн тоглолт үзэж, Мөнх, Тунх хоёр музейгээр аялсан нь, музейн боловсролын хөтөлбөр, үндэсний ятга хөгжмийн танилцуулга, шатар, рубик, шоо, соробан сампингийн нээлттэй хичээлийг танилцуулсан юм. Түүнчлэн Wasabies хамтлаг уран бүтээлээ хүргэж, жүжигчин Д.Баттөмөр “Трио” кино бүтсэн түүхээ хуваалцав. Мөн энэ үеэр тус өдөрлөг оролцож буй олон хүүхдийн нэг н. Хүслэнт –Учрал “Урлаг, спортын олон арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлсэн гоё өдөрлөг болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Харин хүүгийн ээж н.Энхзаяа “ Би “Адил санаа, ижил зорилго” ТББ-ыг төлөөлж ирсэн. Үүсгэн байгуулагч. Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй, саа саажилттай гэсэн оноштой. Хүү маань 12 настай, долдугаар ангийн сурагч. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэсэн тодотголтой боловч аз жаргалтай, баяр баясгалантай байх, сурч боловсрохыг гээд бүгдийн мэдрэх эрхтэй. Маш олон хүүхэд хөшигний ард байдаг. Өнөөдөр хүүхдүүдэд сэтгэлийн жаргал өгсөн, аз жаргал, баяр баясгалан бэлэглэсэн арга хэмжээ болж байгаад баяртай байна” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 189 (7174)