П.АМГАЛАН

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж АН-ын хүний эрхийн хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр хуульч О.Алтангэрэл “Иргэн Д.Мөнх-Эрдэнийг иргэн гэж тодотгоё. Монгол Улсын үндсэн хуульд иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Харамсалтай нь өдөр ирэх тусам хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдаж байна. Статистик тоон мэдээллээр өдрөөс өдөрт худал мэдээлэл тараах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ дотор сэтгүүлчдийн эзлэх хувь өндөр байна. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийнхөө үзэл бодол төдийгүй нийгэмд тулгамдаж буй болж бүтэхгүй асуудлыг шүүмжилж, лайв хийж байсан. Өнөөдөр зарим хүмүүс Мөнх-Эрдэнэ их яриад байсан юм аа гэж хэлж байна. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх юм бол шүүхээр ордог, ял авдаг гэсэн дарангуйлалд дасаж эхэлж буйн илрэл юм. Монгол Улсын дээд шүүхээр яагаад Д.Мөнх-Эрдэнийн хэргийг хянуулах гээд байгаа учир нь хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр бүх хэргийг дээд шийдэхээ больсон. Тэгвэл Мөнх-Эрдэнийн хэргийг харьцуулаад харахад өнгөрсөн хугацаанд олны анхааралд өртсөн, албан тушаалын олон хэрэг шийдэгдсэн. Тэр дундаа Улсын дээд шүүх дээр шийдэгдсэн. Ийнхүү хэргээ шийдүүлсэн хүмүүс өнөөдөр УИХ-ын танхим дотор хүртэл сууж байна. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн Мөнх-Эрдэнийг Улсын дээд шүүх хэлэлцэх ёстой гэж бодож байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ хувьд энэ хэрэг эцсийн байдлаар яаж иргэд шийдэгдэхийг анхааралтай харж байгаа. Шүүхээс үнэн зөв шийдэх болов уу гэж найдаж байна. Хоёрдугаарт, шүүхээс шийдвэрлэгдсэний дараа Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтыг дэлгэнэ. Тодруулбал, түүний ялыг эдлүүлж байгаа нөхцөл байдал, бусдаас ялгавартай хандаж байгаа байдал зэргийг гаргана гэсэн юм. Мөн иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан жагсаал маргааш Дээд шүүхийн гадаа хийх бөгөөд түүнийг дэмждэг хэн бүхэн ирж болно гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn