Б.АЛТАНГЭРЭЛ

 

Японы Ойско олон улсын ТББ нь олон улсад ойжуулалт болон байгаль орчныг хамгаалах мөн орон нутгийн хөгжлийн талаар нэлээдгүй санхүүжилт, судалгааны ажлыг хийдэг байгууллага. Монгол нутгийн нийт 76 хувь нь цөлжсөн байгаа энэ үед газар нутгийг ойжуулах хамгийн чухал ажлыг хийхэд хувь нэмэр оруулжээ. Энэ талаар Ойско олон улсын байгууллагын зөвлөх  Накано Тошихиро, судлаач, профессор Тогаши Сатоши нартай ярилцлаа. 

 

-Японы Ойско олон улсын байгууллага Монголд үйл ажиллагаа  явуулаад хэдэн жил болж байна. Монгол орны хэчнээн аймаг, сумыг ойжуулаад байна вэ?

-Накано Тошихиро: НҮБ-ын эдийн засаг, хамтын ажиллагааны ТББ гэж явдаг.

НҮБ-д зөвлөх статустай, ХАА байгаль орчны тал дээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил байгууллагын 60 жилийн ой болсон. Монгол Улстай холбогдоод 17 жил болж байна. Анх монгол оронд ирэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч  Н.Энхбаярт  бараалхаж  үйл ажиллагаагаа явуулж эхлэх талаар санал тавьж байсан. Бидний саналыг сайхан хүлээн авч түүнээс хойш бид тасралтгүй байгаль орчныг хамгаалах, орон нутгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ойско дэлхийн 36 оронд салбартай. Бидний гол зорилго бол тухайн орны залуучуудыг эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөхөд нь дэмжих эхлэлийг нь тавьж өгдөг. 

Манай байгууллага Японы энгийн иргэн болон ААН, компаниудаас хандив цуглуулдаг. Мөн Ойског дэмжих гишүүд бий. Тэдгээр хүнээс цугларсан мөнгөө монгол орныг ойжуулах үйлсэд зарцуулдаг. Дорноговь, Булган, Эрдэнэт, Өмнөговь, Улаанбаатар хот зэрэг газар ойжуулах ажил хийж ирсэн.

-Монгол орны уур амьсгал эрс тэс шүү дээ. Мод тарих судалгаагаа хэрхэн хийж, амжилттай тарьж ургуулж байна вэ?

-Тогаши Сатоши: Бид ойжуулалт, мод тарихдаа аль болох тухайн орны унаган модыг тарьдаг. Говь газар гэхэд усанд тэсвэртэй  моднуудыг сонгож тарьдаг. Хангай газарт ч мөн адил. Өнөөдрийг хүртэл Монголд 30 мянга гаруй мод тарилаа. Модны ургалт  80 хувьтай байна. Хэрэв хүний нөлөөнөөс шалтгаалахгүй бол 100 хувь ургана. 

Мөн манай Ойско байгууллага Монголын залуучуудыг 100  хувийн тэтгэлэгтэй нэг жилийн хугацаанд Японд сургаад энэхүү төслөө хариуцуулж ажилладаг.

-Монгол дахь Ойско олон улсын салбар зөвлөлүүд хэр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа вэ.  Манай улс “Тэрбум мод” төслийг хэрэгжүүлж тарьж байгаа. Та бүхэн энэхүү ажлыг хэрхэн харж байгаа бол? 

-Тогаши Сатоши: Тэрбум мод тарихыг бид сайхан хүлээж авч байгаа. Манай байгууллага цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцаж байгаа. Уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд 20 жилийн дараа говьд тарьсан мод ургаж байна. Тиймээс тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй юм.

-Зөвхөн ойжуулалтаас гадна тухайн орон нутгийн хөгжил рүү чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

-Накано Тошихиро: Анх мод тарихад орон нутгийн иргэд ойшоохгүй байсан. Яагаад гэвэл мод тарих нь хэнд ч ашиггүй байсан. Тиймээс мод тарихаас гадна эмийн ургамал тарьж эхэлсэн. Эмийн ургамлаа худалдаалснаар нутгийн иргэд орлоготой болж мод тарих нь ашигтай юм байна гэдгийг ойлгосон. Иймээс мод тарихаас гадна орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орлого олох  тал дээр  анхаарч ажиллах нь зөв юм байна гэж бодсон. 

-Хүүхдийн ойжуулалт Ойско Монголд  тусгайлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Тогаши Сатоши: Хүүхдийн тарьсан мод хамгийн сайн ургадаг гэдгийг олон жил ажилласан туршлагаасаа харсан. Хүүхдүүд модоо тарихаар байгаль орчиндоо илүү хайртай болдог. Энэ хүмүүжил  маш чухал. Хүүхдүүдэд байгаль орчны боловсрол олгож байгаа нь дэлхийн ирээдүй найдвартай иргэдийн гарт очиж байна гэсэн үг.

-17 жилийн турш Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад 30 мянган мод тарьсан байна. Энэ хугацаанд мод тарихад хүндрэлтэй зүйл юу байв?

-Тогаши Сатоши: Модыг хоёр янзаар тарьдаг. Нэг нь бортогонд тарих нөгөө нь шууд суулгах арга байдаг. Бидний хувьд аль болох зардал багатай тарихыг зорьдог. Бортогонд тарих нь илүү зардалтай байдаг учир мэргэжилтэнтэй хамтарч ажилладаг. Модны ургалтыг сайжруулахын тулд эхлээд туршилт хийх хэрэгтэй. Ингэж байж сайн суулгац гаргах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 188 (7173)