Н.ЖАРГАЛМАА, Б.ТУУЛ
Улс үндэстэн бүр хөгжин цэцэглэж, техник технологи хөгжихийн хэрээр уран зургаас илүү гэрэл зурагт дурлах хүмүүс улам бүр олширсон. Мэдээж, үүнд бид талархаад баршгүй юм. Учир нь, сайн гэрэл зурагчид түүх бүтээж, дурсамж мөнхөлж чаддаг . Тиймээс энэ удаа бид Монголын эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүйн мэлмий” холбооны гишүүд Япон улсын гэрэл зурагчин Мацүмото Ёшикотой хамтран гаргаж буй "Таван амьдрал" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэнгийн бүтээлээс цувралаар толилуулж байна.
Миний "дүр" бол цэргийн дүрэм, жагсаалын алхаанд хатуужсан мэргэн бууч бүсгүй
Хилийн цэргийн гэрэл зурагчин Лхагвасүрэнгийн Номингэрэл:
Би бол Хилийн цэргийн гэрэл зурагчин. Энэ удаагийн үзэсгэлэнд Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлах ахлагч, мэргэн бууч Д.Даваанямын зургаар оролцлоо. Анх удаа бүтэн жилийн хугацаанд сэдэвчилсэн зураг авч оролцож байна. Маш сонирхолтой байсан.
Миний сонгосон дүр бол маш дайчин, үлгэр жишээ мундаг эмэгтэй. Цэргийн хүнд байх бүх шинж чанарыг түүнээс харж болно. Манай хилийн цэргийнхэн их даруу. Тэр бүр олны өмнө гараад байдаггүй. Авсан тушаал, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс. Бидний ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад зурагаа авах цаг хугацааг зохицуулах шаардлага гарч байсан ч үзэсгэлэндээ амжилттай оролцож байгаадаа баяртай байна.
Цэрэг хүчний байгууллагын эмэгтэйчүүд маш хөдөлмөрч, эрчүүдээс дутахгүй мөр зэрэгцэж явдаг. Бэлтгэл сургуулилт гэсэн хүнд хүчрээс хэзээ ч хойш сууж байгаагүй. Ажил дээр бол дүрэм журмын дагуу байдаг. Харин ар гэртээ бол мэдээж айл гэрийн эзэгтэй, эх хүн гэдгийг өөрийн гэрэл зургуудаараа илэрхийлэхийг зорьсон.
Эх сурвалж: www.zms.mn