Н.ЖАРГАЛМАА, Б.ТУУЛ
Гэрэл зураг гэдэг энэ цаг үеийн хамгийн нандин нээлт. Хүний амьдралын баяр жаргалтай бүхий л цаг үе гэрэл зургын хальсанд мөнхрөн үлддэг. Зурагчин хүний торгон мэдрэмжгүйгээр зураг амилж, амьдрана гэдэг огтоос боломжгүй.
Энэ удаад “Бүсгүйн мэлмий” Монголын эмэгтэй гэрэл зурагчдын холбооны гишүүд амьдрал хэмээх сэдвийн хүрээнд нэгэн эмэгтэйн бүтэн жилийн амьдралыг өгүүлэх сонирхолтой шийдлээр, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг Япон улсын гэрэл зурагчин Мацүмото Ёшикотой хамтран гаргалаа.
Гэрэл зургийн салбар дахь эмэгтэйчүүдийн илэрхийлэл, мэдрэмж, авьяас билиг, дүр төрхийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Тиймээс эрхэм уншигч та бүхэндээ тус үзэсгэлэнгийн санаачлагч, Япон улсын гэрэл зурагчин Мацүмото Ёшикогийн сэтгэгдлийг, үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургаас нь дээжлэн хүргэж байна.
Япон улсын Гэрэл зурагчин Мацүмото Ёшико:
Гэрэл зураг түүх өгүүлж, дурсамж хадгалдаг
Би Монгол оронд хайртай. Гэрэл зургийн олон төрөл жанраас баримтат гэрэл зураг их авдаг. Өнгөрсөн жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд оролцсон. Тэр үед Монголын гэрэл зурагчдын зургийг анх үзэж сонирхож байлаа. Мэдээж маш сайн зургууд олон байсан хэдий ч нэг сэдвээр дагнасан баримтат гэрэл зураг байхгүй байгааг анзаарч харсан. Тиймээс “Бүсгүй мэлмий” холбооны энэ сайхан бүсгүйчүүдтэй хамтран жилийн хугацаанд бэлтгэсэн үзэсгэлэнгээ толилуулж байна.
Анх Францруу аялах үедээ хоёр настай хүнтэй хамт аялаж байсан юм. Тэдгээр хүмүүсийн гэрэл зургийг хэр онцолж байгааг аялангаа зургаа авч гоё сайхныг нь биширч байгааг анзаарч харж байсан. Гэрэл зураг бол мэдээж түүх өгүүлдэг. Дурсамжуудыг хадгалж үлддэг. Сайхан аялалд яваад гоё зураг авах дараа нь түүнийгээ үзэж баясах, тэр сэтгэлийг жаргалыг мэдрүүлж чаддаг.
Анх гэрэл зургийн аппарат хальсаар зураг авдаг байх үеэс эхлээд одоог хүртэл зурагаа авсаар явна. Энэ үзэсгэлэнгийнхээ дараа Японы зүүн хойд мужид байдаг алимны тарианлангийн газрын тариаланчдын зургийг авна. Тэр нутагт их хүйтэн болдог.
Тэдгээр тариаланчдын ямар хөдөлмөрч шаргуу ажилладаг вэ гэдгийг харуулахыг хүсэж байгаа юм. Зүгээр нэг зураг аваад өнгөрчихье гэж биш тэдгээр зурагнуудаас минь хүмүүсийн баяр жаргалтай байдал, гуниг зовлонтой, сэтгэлийн шаналалтай, сэтгэл хөдлөл, тэр мэдрэмжүүдийг гэрэл зургаар илэрхийлэхийг хичээдэг.
Баримтат гэрэл зургийн онцлог нь үүнд байдаг. Тиймдээ ч би гэрэл зурагт их хайртай байдаг. Баримтат гэрэл зураг сонирхож байгаа залуу үеийнхэнд хандаж хэлэхэд зурагнаас чинь тэр хүний баяр жаргалтай, гунигтай бүхий л сэтгэл хөдлөлүүд сонсогдож мэдрэгддэг л байх хэрэгтэй юм шүү гэж хэлье...гэв.
Тэрээр Мива Санжо хэмээх чих хамар хоолойн эмч, жүжигчин найруулагч, жүжгийн зохиолч, эссе зохиолч, авьяаслаг уран бүтээлч бүсгүйн түүхийг гэрэл зурагт мөнхлөн үлдээснээ монгол түмэнд ийнхүү танилцуулаад байна.
Эх сурвалж: www.zms.mn