Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр "Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна. Онцгой анхаарал татсан буюу наймаас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй буй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийг яаралтай дуусгах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, долоо хоногийн хугацаатай ажиллахаар боллоо. Хугацаа алдсан, удаан жил үргэлжилж буй төслүүдийн 60-70 хувь нь ТЭЗҮ бэлэн бус, төсвийн ерөнхийлөн захирагч талаас болон захиалагч талаас болж төсөл удааширсан судалгаа гарлаа. Төрийн хэмнэлтийн хууль болон ирэх сарын 1-нээс хэрэгжих Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу зураг төсөл, бэлтгэл нь бүрэн хангагдсан төслүүдийг төсөв төлөвлөх үед авна. УИХ-д өргөн барихдаа бэлтгэл 100 хувь хангагдсан байх, гүйцэтгэгч тал төслийг хугацаанд нь дуусгаж байх шаардлага тавина. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч, тендерт оролцогч компаниудыг хар жагсаалтад оруулах шаардлагуудыг нээлттэй болгох, захиалагч болон гүйцэтгэгч талд өндөр шаардлага тавих чиглэл гарлаа. Одоогоор tender.mn сайтад 46 компани хар жагсаалтад орж, тендерт оролцох эрхээ хасуулсан байна.
Захиалагчаас 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, хяналт шалгалт хийгдэж байна. Аравдугаар сарын сүүлээр хяналт шалгалт дуусаж, эцсийн шийдвэр гарна. Энэ талаар олон нийтэд зарлана" хэмээн ярив.
Эх сурвалж:www.polit.mn