Б.АЛТАНГЭРЭЛ

 

Зохиолч бүрийн уран бүтээлийн ертөнц,  мөн чанар, сэтгэмж дахин давтагдашгүй үнэ цэн, оршихуйтай байдаг. “3ууны мэдээ” сонин “Би номныхоо тухай” буланд сэтгүүлч Р.Оюунжаргалыг урьж, “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номынх нь талаар содон, сонирхолтой ертөнц, утга агуулгын талаар ярилцсанаа сийрүүлэн хүргэж байна.

 

Бяцхан цэнхэр нүдэн

 

Гурван нас хүртлээ нүд нь цэнхэр өнгөтэй байсан тул багад нь хүмүүс цэнхэр нүдэн гэж өхөөрдөн дууддаг байлаа. Үхэр мөөрч, хонь, ямаа майлан, адуу тургих зуны өглөө эртлэн босоод, үнээгээ сааж дуусаад эмээ нь гэртээ ирэхээс өмнө гал түлчихээд байх гэж яаран түлээ, зомгол зуух руу хийж суугаа сөөвгөр шар охин өхөөрдөм. Тэрбээр долоон настай. Авхаалжтай сэргэлэн, ажилсаг. Бас моринд гарамгай. Хааяа оройн саалиар номхон, зөөлөн хөхтэй үнээ саадаг. Өвөөтэйгөө хамт хаанаас хаа хүртэл морин дэл дээр алхуулж, шогшуулж, хатируулж, цогиулж явах дуртай. Өвөө нь өвөлжөө рүүгээ хадлангийн ургац харахаар, эсвэл гөрөөсөнд ойн зах руу явахдаа ч дагуулсаар байтал охин зарим талаар гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэгтэй хүүхэд мэт болчихсон. Эмээдээ туслахаа хамгийн гоё гэж боддог. Ийм нэгэн моринд дуртай, Монголын радио сонсдог, хэл, “ам” хурц жаахан охин монгол ахуйд өсөж өндийдөг.

 

Эргэх дөрвөн цаг

 

Улирал бүр нүүдэлчдийн амьдралд цоо шинэ сорилт, үйл явдал, өнгө үзэмж, утга уянга авчирдаг. Үүнийг сар бүрээр нь 12 бүлэгт хувааж өгүүлэх бөгөөд энд гарах бүх үйл явдал бодит болсон явдлууд. Зургадугаар сард хонь хяргаж, долдугаар сард сумын наадам үзэж, наймдугаар сард хадланд гарч бухал чирнэ. Есдүгээр сард нүүж аравдугаар сард анхны цаснаар өвөө анд мордоно. Эндээс эгэл хэр нь энгүй нүүдэлчин монголчуудын ухаан харагдана. Малаа дагасан, улирал цаг агаартаа зохицсон өдөр тутмын ажин түжин амьдралынхаа хэмнэл дунд үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж буйг, зөв бурууг хэрхэн өөрсдөд нь туршлагаар онож мэдүүлэх аргаар зааж ухааруулж байгааг тод харж болно.

Монгол өв уламжлал, нүүдэлчин ахуйн байгальд ээлтэй амьдралын философи, хөдөлмөрөөр хүн хийх их ухаан зэрэг энэ цаг үед өгүүлэгдэж буй бүхнийг дахин нэг өөрийн амьдралын өнгөөр хүргэх хүсэлтэй. Сүүлийн үеийн залуучууд, хүүхдүүд монголоо мэдэхгүй, хөдөөгөө ойлгохоо больж байна. Гадаадад төрсөн монголчууд бүр Монголын тухай ойлголтгүй. Төв азийн цээжинд онож төрсөн хувь заяандаа эзэн болоод, эрх чөлөөтэй зоргоороо, мал ахуйгаа, цагаа идээгээрээ бялхаж аз жаргалтайгаар амьдардаг өвөрмөц үндэстэн шүүдээ гэдгийг харуулахыг зорьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)