Баатарын НЯМСҮРЭН
Байгалийн сайхныг цогцлоосон үзэсгэлэн төгөлдөр нутгийг нэрлэвээс Булган аймаг билээ. “Зууны мэдээ” сонины сурвалжлах баг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт байрлах өөртөө үйлчлэх зуслангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Хоёр сарын хугацаанд 400 гаруй жуулчин хүлээж авчээ
Биднийг очиход цэлмэг хөх тэнгэр, шувуудын жиргээ, усны намуухан харгиа, өвс ургамлын тансаг үнэр, нүд баясгах ой мод угтсан юм. Тус зуслан өнгөрсөн зургадугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Нэг зорилго дор нэгдсэн 12 бүсгүй хоршоо маягаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Нэр нь “Баялаг-Хантай” хоршоолол. Бүсгүйчүүд хоёр сарын хугацаанд 400 гаруй амрагч хүлээн авчээ. Амрагчдын 98 хувь нь гэр бүлийнхэн байсан аж. Тус зусланг зөвхөн нутгийнхан гэлтгүй Улаанбаатар хотоос, бүр гадны жуулчид ч зорьж ирж амарсан гэнэ. Хэдийгээр нийслэл хотоос 600 км-ийн зайтай ч жинхэнэ амар амгалан, ая тух, боловсон үйлчилгээ зөвхөн энд байна гэлтэй. Энэхүү хоршоолол нь дөнгөж эхэлж байгаа бизнес учраас ажилтан авч ажиллуулах хүндрэлтэй байжээ. Тиймээс хоршооны гишүүд өөрсдөө жуулчдад үйлчлэхээс гадна ирсэн хүмүүс өөрсдөө хоолоо хийхээс эхлээд бүх нөхцлийг нь бүрдүүлж өгчээ. Тухайлбал, өөрсдөө гал түлж, гэрээ хариуцаж амарна. Мөн ус авч, бусад жижиг ажлыг амжуулах тохироотой. Гал тогоонд нь орж өөрсдөө хоолоо хийх ч боломжтой. Амрагчдыг хүлээж авах гэр нь цоожгүй байсан нь энэ нутаг ямар тайван болохыг илтгэнэ.
Зусланг зорьж ирсэн хүмүүс зөгийн аж ахуйтай танилцах боломжтой
Жуулчдын хувьд хөдөөгүүр аялахад хамгийн хүндрэлтэй асуудал нь ариун цэврийн өрөө байдаг билээ. Тэгвэл тус зуслангийнхан байгальд хохирол учруулахгүй байх үүднээс бие засах байгууламжаа жорлонгоо өөрчлөх төслийн санаагаар шийджээ. Тухайлбал, муу усыг шүүж хөрсөнд нь шингээнэ. Харин өтгөн бохирыг үртэсээр хуурайшуулж бордоо болгох аргыг ашигладаг байна. Тус ариун цэврийн өрөө нь хажуудаа тохилог шүршүүртэй бөгөөд жуулчид цэвэрхэн орчинд тааваараа усанд орох нөхцлийг бүрдүүлсэн нь хамгийн том давуу тал байв. Энэхүү зусланг эрхэлж байгаа 12 бүсгүйн 11 нь Булган аймгийн МСҮТ-ийг аж ахуйн мэргэжлээр төгссөн нэг ангийнхан ажээ. Харин санаачлагч нь Улаанбаатар хотоос Хутаг-Өндөр суманд зорьж очсон Ч.Батцэцэг хэмээх бүсгүй юм. Хоршооны үндсэн үйл ажиллагааны нэг нь зөгийн аж ахуй. Зуслангийн талаар Ч.Батцэцэг “Бид орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль хамгаалах ажлыг дэмжиж ажилладаг. Тухайлбал, Эгийн голын тул загасыг хамгаалахад анхаарч байна. Мөн зөгийн аж ахуй эрхэлдэг. Эрүүл бал гаргаж авахын тулд зөгийгөө төв суурин газраас зайтай байрлуулж, эрүүл орчинг бүрдүүлэхийг хичээж байгаа юм. Мөн манай зусланд амарсан аялагчид тус зөгийн аж ахуйтай танилцах боломжтой” гэв. Тус хоршоонд нэгдэхэд зарим шаардлагыг тавьдаг ажээ. Тухайлбал, Хантай багийн иргэн байх, өөрийн биеэр хоршоондоо ажиллах, зөгийн аж ахуйн сургалтад суух, хоршоонд хөрөнгө оруулах зэрэг шаардлагыг тавьдаг байна. Тэд ирэх жил цагаан идээний цех барихаар төлөвлөжээ.
Хоршоо 100 хоногийн хугацаанд 125 сая төгрөгийн орлоготой ажиллав
Ч.Батцэцэгийн хувьд хоршооны үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нэг өрх бүрээс сая төгрөгийн хуримтлал үүсгэж байж. Харин бэлэн мөнгөгүй гишүүн нь найман хонь өгсөн байна. Нэг зорилгод нэгдсэн бүсгүйчүүд ийнхүү 12 сая төгрөгөөр бизнесээ эхлүүлж, 100 хоногийн хугацаанд 6000 гаруй цаг ажиллаж, 125 сая төгрөг олсноо баяртайгаар ярьсан юм.
“Баялаг Хантай” хоршоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жил нутгийн иргэд, аялагчдын дунд ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн гэнэ. Мөн гар бөмбөг, сур харвааны тэмцээн зохион байгуулжээ. Хүүхдийн баяраар “Зөгийн ач холбогдол” сэдвийн дор гар зургийн уралдаан зохион явуулсан байна. Хавар тэд Хантай багийн дарга П.Ганбаяртай хамт төсөл бичсэн байна. Аялал жуулчлалын өдрийг угтаж Эгийн голын ай савыг 500 метрийн өргөнтэй 10 орчим км газар цэвэрлэгээ хийжээ. Энэ үеэрээ амрагчдын майхан барих талбайг цэвэрлэсэн ба үерт урссан, газарт унасан байсан жижиг модыг түлээ болгож ашиглаж байгаа гэнэ.
Монгол гэрийн давуу талыг жуулчдад таниулахыг зорьдог
Өөртөө үйлчлэх зуслангийн дарга Ц.Болормаа “Манай Хантай баг байгалийн үзэсгэлэн цогцолсон нутаг. Би энэ нутгийн уугуул хүн. Зусланг байгуулсан Ч.Батцэцэгээ дэмжиж, энэ хоршоонд элссэн. Манай Ч.Батцэцэг Улаанбаатар хотоос манай багт зорьж ирсэн бүсгүй юм. Их дайчин, хөдөлмөрч хүн. Бид зуслангийн үйл ажиллагаагаар дамжуулж гадны жуулчдад монгол гэрийг таньж, мэдүүлэхийг зорьдог. Манай зуслангийн араар Эгийн гол урсаж байна. Голын ширэгтэй учраас могой, байгалийн зэрлэг амьтан байхгүй учир зуслан маань ямар ч аюулгүй орчин. Зуслан байгуулахаас өмнө энэ нутаг малчдын зусдаг газар байсан . Хуучин байшинг нь сэргээж гал тогоо болгож ашигласан” гэв. Зуслангийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд зогссон юм. Ирэх хавраас дахин үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдгээ Ч.Батцэцэг хэлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)