Т.Чулуун-Эрдэнэ

 

Доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төвийн хятад судлаач

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд Дундад ази, Зүүн Өмнөд Азид тус тус төрийн айлчлал хийх үеэрээ анхлан “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлж, тус санаачилга нь Хятад улсын дотоодын бусад хөгжлийн стратегуудтай нягт уялдаж, дотоод хийгээд гадаад хоёр талт хөгжилд зэрэг анхаарах хөгжлийн асар том стратеги, бодлого болсон юм. Түүнээс хойш хэдийнэ арван 10 жил өнгөрчээ.

Өнгөрсөн хугацаанд тус санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтад чамлахааргүй, бодит ахиц дэвшил гарч, хоёр талт, олон талт хамтын ажиллагаа өргөжиж, Хятад улсын 2024 онд бүс нутгийн интеграцын эхний алхам хийгдсэн байна гэсэн төлөвлөгөө нь бараг биелэлээ олжээ. 10 жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилгад дэлхийн 151 улс орон, олон улсын 32 байгууллага нэгдэж, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөлд нэг их наяд орчим ам долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.  Харин санаачилгад оролцогч улс бүрийн хүрсэн үр дүн, бүтээн байгуулалтаас хүртэж буй үр шим, ахицын тухайд улс орон бүрийн өөр өөрийн хөгжлийн онцлог, газар зүйн болон бусад давуу тал, засгийн газрын менежмент зохион байгуулалт, хамтран ажиллах хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байна.

“Бүс ба зам” санаачилгын “торгоны замын эдийн засгийн бүс” болон “XXI зууны далайн торгоны зам”-ын газрын зураг
Эх сурвалж: https://www.young-diplomats.com/chinas-one-belt-road-megaproject-implications/

Хятад улс Дэн Шяопин их удирдагчийнхаа 1970 оны сүүлээр эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадсан нь энэхүү мега төсөл санаачилгыг дэвшүүлж, бодитоор хэрэгжүүлэхэд туршлага, чадамж суулган, дэлхийн хэмжээний асуудалд хариуцлагатай их гүрний байр сууринаас хандах итгэлийг төрүүлж, гадагшаа улам нээлттэй байж, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа улам нягт хамтран ажиллаж, хамтдаа бүтээж, хамтдаа ашгаа хүртэхэд үндсэн нөхцлийг бүрдүүлэх дэд бүтцийн сүлжээг байгуулах эрэлт хэрэгцээ, шаардлагыг бий болгосон гэж болно. Ганцхан тоо баримт харахад  2016 оны эцсийн байдлаар “Бүс ба зам” дагуух 64 улсын ДНБ-ний хэмжээ ойролцоогоор 12 их наяд ам доллар (дэлхийн нийт ДНБ-ий 16% )  байсан бол Хятад улсынх 11 их наяд ам доллар байв. Энэ нь Хятадын эдийн засгийн хүчин чадал дангаараа 64 улсынхтай тэнцүү гэсэн үг юм. Харин хүн амын тоогоор эдгээр улс нийлээд 3.21 их тэрбум (дэлхийн хүн амын 43.4%) байгаа нь Хятадын 1.38 тэрбум хүн амаас 2.3 дахин их байна [1]. Бүдүүн тоймоор тооцоолбол Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ “Бүс ба зам” дагуух улс орнуудын дунджаас хоёр дахин өндөр байгаа нь зам дагуух ихэнх улс эдийн засгийн хөгжлөөр Хятадаас буурай болохыг харуулна. Өөрөөр хэлбэл, дээрх тоон үзүүлэлт бидэнд Хятад улсад хөрш зэргэлдээ, зам дагуух улс орнуудтай хамтран ажиллах асар их орон зай байгааг харуулж  байна. (“Бүс ба зам” дагуух улс гэж Дундад ази, АСЕАН, Өмнөд Ази, Төв ба Зүүн Европ, Баруун Ази, Хойд Африкийн 65 улсыг хэлж байна)

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилга хэрхэн хэрэгжсэнийг бодлогын уялдаа, дэд бүтцийн хэлхээ, худалдааны саадгүй нэвтрэл, санхүүгийн чөлөөт эргэлт болон иргэдийн ойлголцол гэсэн “Таван хэлхээ” буюу таван чиглэлд авч үзье.

 

1. Бодлогын уялдаа

 

 “Бүс ба зам”-ыг хэрэгжүүлэхдээ улс орон бүр эдийн засгийн давуу талаа ашиглан харилцан нэгнээ нөхөж, хөгжлийн стратегиа уялдуулна гэдгийг онцолдог. Тэгвэл  зам дагуух улс орнууд эдийн засгийн хөгжлийн түвшин, тогтолцоо механизм, соёлын үзэл зэрэг талуудад бүгд өөр зуураа харьцангуй зөрүүтэй байна. Жишээ нь улсын хөгжлөөр авч үзвэл зам дагуух 65 (Хятад улс багтаад) улсаас 20 нь дээд зэргийн хөгжилтэй, 23 нь өндөр хөгжилтэй, 19 нь дунд зэргийн хөгжилтэй, гурав нь буурай хөгжилтэй улс байна. Зах зээлийн түвшингээр харвал 30 хувь нь ДХБ-д элсээгүй, зах зээлийн дүрэм журмын талаарх ойлголт адил бус. Соёлын онцлог талаас нь харвал буддын, исламын, иесусын, даогийн гээд олон шашин соёлтой улсууд зэрэгцэн оршино. Хятад улсын дарга Ши Жиньпин бид дэлхийн улс орон бүртэй хөгжлийн туршлагаа хуваалцахыг хүсч байна. Бид бусад улсын дотоод асуудалд хөндлөнгөөс орролцохгүй, нийгмийн тогтолцоо хийгээд хөгжлийн загварыг тулгахгүй, мөн бусдыг хүчилж шахамдуулахгүй гэж олонтаа онцолдог. Бодлогоор харилцахын чухал нь зам дагуух улс орнуудад нэгдмэл стратеги, шийдвэр, бодлого, дүрэм журмын тогтолцоог бий болгох ажлыг ахиулахад дөхөм болно [2] гэжээ.

 

2. Дэд бүтцийн хэлхээ

 

Өнөөдрийг хүртэл “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалт Европ руу нэвтрэх зам тээврийн дэд бүтцийн салбарт чиглэж, төмөр зам, автозам, боомт, аж үйлдвэрийн парк болон ложистикийн төвүүдээр дамжуулан Ази, Европыг холбох зорилго тээж буй. Европ руу нэвтрэх гурван төмөр замын маршрут хэдийнэ нэвтэрсэн. Хятад Европын буухиа чингэлэгийн галт тэрэг сүүлийн 10 гаруй жил улам өргөжиж, Хятадын нийт 108 хотыг дамжиж, Европын 25 улсын 208 хотод тээвэрлэлт хийжээ. Ингэснээр Хятадын далайд гарцгүй төв болон баруун бүсийн олон олон хотуудыг Хятад-Европын тээвэрлэлтийн дамжин өнгөрөх цэг болгосон байна.

Эдийн засгийн зургаан коридороос Хятад-Пакистаны эдийн засгийн коридор хамгийн эрт эхэлж, эдүгээ нийт 117 тэрбум ам.долларын өртөг бүхий 106 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний шатны 22 төслийг үндсэндээ дуусгажээ. Автозамын хувьд Хятад улс 15 улстай “ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын автозамын тээврийг хялбар болгох хэлэлцээр”-ийг багтаасан 18 хоёр талт хийгээд олон талт олон улсын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 2018 оны хоёрдугаар сард Хятад-Киргизстан-Узбекстаны олон улсын автозамын тээврийн байнгын үйл ажиллагаа эхэлсэн байна. 2019 оны гуравдугаар сард Хятадын Дуншинь-Вьетнамын Монг Кай хотыг холбосон  Бэйлүнь хоёр гүүр ашиглалтад орсноор хоёр улсын хилийн худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болжээ.

Пакистан улсад “бүс ба зам”-ын хүрээнд хэрэгжүүлсэн Каракорумын автозамыг сайжруулах хоёрдугаар ээлжний бүтээн байгуулалт.
Эх сурвалж: http://intl.ce.cn/specials/zxgjzh/202012/17/t20201217_36128421.shtml

Түүнчлэн Гвадар боомт, Мьянмарын Мадейр /Maday/ арлын Кьяукпю /Kyaukpyu/ боомт, Найроби-г Момбаса хоттой холбосон шинэ төмөр зам, Хятадын Шинжааны Кача хотоос Киргизстанаар дайрч, Узбекстаны нийслэл Ташкент хүрэх автозам, Хятадын Юньнань мужийг Лаосын Вьентянь хоттой холбосон Хятад Лаосын төмөр зам зэрэг бүтээн байгуулалтыг хийж дуусгажээ. Мөн эрчим хүчний салбарын дэд бүтцийн хувьд Хятад улс дундад Ази, Казакстан, Орос, Мьянмар зэрэг улстай нефть, хий дамжуулах хоолой барьж, дундад Ази-Орос, Ойрхи Дорнод, Африк, Америк, Ази, Номхон далай зэрэгт нефть хийн хоолойн хамтын ажиллагааны таван том бүсийг байгуулснаар нефть хийн нийт үйлдвэрлэлийн 83 орчим хувийг хангаж байна [3].  Гэх мэтээр “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийг дурдаад дуусахгүй тул үүгээр зогсоё.

 

3.Худалдааны саадгүй нэвтрэл

 

Худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь “Бүс ба зам”-ын чухал хэсэг. 2013 оноос 2022 оныг хүртэл “Бүс ба зам” дагуух улс орнуудын худалдааны нийт хэмжээ 1.04 их наяд ам доллараас 2,07 их наяд ам доллар болж, жилд дунджаар 8%-иар өсчээ. Сүүлийн 10 жил хоёр талын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа тогтвортой өсч санаачилгын зам дагуух улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 161.3 тэрбум ам.доллар болж, жилд 5.4 хувиар өсөв. Хятадад нийт 32 мянган гадаадын компани үүдээ нээж, 71.2 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийжээ [4]. Үүнээс харахад “Бүс ба зам” нь Хятадын аж ахуйн нэгжүүдийг “гадагшаа гарах” алхмыг хурдасгаад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалтыг ч ихээхэн татжээ.

“Бүс ба зам” санаачилгын цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх орон зай хангалттай байгаа гэж хятадууд үзэж байна. Учир нь эдийн засгийн 6 коридорын 59 улс орнуудтай хийсэн худалдаанаас харахад 2020 онд Хятад улс худалдаагаар тэргүүлэгч 10 улстай хийсэн худалдааны нийт хэмжээ 73.5 хувь,  Хятад-Өмнөд Азийн эдийн засгийн коридорын хүрээнд хийсэн худалдааны хэмжээ 45.2 хувь байв. Үүнтэй харьцуулахад Төв, Зүүн Европтой хийсэн худалдааны хэмжээ 2020 оны Хятадын “Бүс ба зам” дагуух улс орнуудтай хийсэн нийт худалдааны дөнгөж 7.7 хувийг эзэлж байна. Энэ нь Хятад хийгээд эдийн засгийн зургаан коридор дагуух улс орнуудын худалдааны чадамж хангалттай байгааг харуулж байгаа аж [5].

 

4. Санхүүгийн чөлөөт эргэлт

 

“Бүс ба зам”-ыг санхүүгээр дэмжих гол байгууллага нь Хятадын Экспорт импортын банк, Торгоны зам сан зэрэг төрийн өмчийн санхүүгийн байгууллага, “АДБХОБ”, БРИКС-ийн Хөгжлийн банк зэрэг олон улсын шинжтэй байгууллага, мөн Хятадын Үйлдвэр худалдааны банк,  Хятадын Сэргээн босголтын банк гэх мэт цэвэр арилжааны банкууд. Үүнээс АДБХОБ бол Хятадын санаачилгаар байгуулсан анхны санхүүгийн олон талт байгууллага юм.

Тус санаачилгыг дэвшүүлснээc өнөөг хүртэл Хятад улс дэлхийн 150 гаруй улсад 1,5 их наяд ам долларын шууд болон худалдааны зээл олгож, дэлхийд хамгийн том албан ёсны зээлдүүлэгч болов. Олгосон зээлийн нийт хэмжээ нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллага зэрэг зээл олгогч засгийн газруудыг нийлүүлснээс ч хол давжээ [6].

 

5. Иргэдийн ойлголцол

 

Зам дагуух улс орнуудын соёлын ялгаа их байдаг нь “Бүс ба зам”-ын аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Хятад улсад сорилт дагуулдаг. Тиймээс улс орнуудын иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэхийн тулд соёлын харилцаа солилцоог нэмэгдүүлэх санал санаачилга, арга хэмжээ авсаар ирэв. Хамгийн сүүлийн жишээ дурдахад Хятад улсын дарга Ши Жиньпин-ий 2023 оны тавдугаар сарын 13 өдөр “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” дэвшүүлж, дэлхийн соёл иргэншлийн олон өнгө төрхийг хүлээн зөвшөөрье, улс орнуудын түүх соёл, уламжлал, хөгжлийн загварын эрх тэгш байдлыг хүндэтгэе, аливаа соёл иргэншлийн үр шим бүхнийг нандигнан хайрлая гэсэн уриалгыг гаргаад байна. Энэ нь бөмбөрцөг дэлхий дээр амьдарч байгаа бүх улсын иргэд бие биенээ хүндэтгэж, харилцан суралцаж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, харилцааны саад бэрхшээлийг багасгаж чадвал даян дэлхийд энх тайван тогтож, цаашлаад нийгэм эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа урагшлах суурь нөхцлийг бүрдүүлж, энэ нь эцэстээ “Бүс ба зам” төсөл амжилттай хэрэгжихэд нийгмийн суурь үндэс болно гэж Хятад улс үзэж байна.

 

Дүгнэлт

 

“Бүс ба зам” санаачилга нь Хятад улс өнөөдрийг хүртэл дотооддоо  бүтээсэн зам тээвэр,  дэд бүтцийн салбарт гаргасан амжилт, туршлага дээр тулгуурлан, зах хязгаарын, хөгжлөөр буурай муж, хотуудаа хөрш зэргэлдээ зам дагуух улс орнуудтай дэд бүтцээр сайтар холбож, бүс нутгийн тээвэрлэлтийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, цаашлаад бодлого, дэд бүтэц, худалдаа, санхүү гэх дөрвөн салбарын хөгжлөөр дамжуулан “иргэдийн ойлголцол” -ыг нэмэгдүүлэн олон улс орныг хамарсан хамтын хөгжилд хүрэх зорилготой мега санаачилга юм.

Хэрэв Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж чадвал өөрсдийн дотоодын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлээд зогсохгүй  “далайн хүчирхэг гүрэн” болж,  далайд байр сууриа бэхжүүлэх, сансар судлалын амжилтыг ахиулах, өмнөд туйлын хэрэгт идэвхтэй оролцох хийгээд хойд туйлын эрчим хүчийг нээн хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн салбарт дэлхийг тэргүүлэх бодлого, АСЕАН-ий орнуудтай цаашид харилцан холбогдож, харилцан нэвтрэлцэх томоохон төлөвлөгөөнд ч хүрэх бүрэн боломжтой гэж хятадын эрдэмтэд судлаачид бичиж байна. Үнэндээ энэ бол жирийн дундаж хөгжиж буй орон гүйцэтгэх аргагүй, яалт ч үгүй их гүрэн хийж дөнгөх ажил юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)