Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Спорт” булангийнхаа дугаарын зочноор Булган аймгийн Тэшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Ю.Соёлмааг урилаа. Тэрбээр Бээжингийн өвлийн олимпод цанын төрлөөр эх орноо төлөөлөн оролцсон А.Энхтуулын анхны багш юм.

 

Ю.Соёлмаа

-Монголын өвлийн спортын түүхэнд таны шавь нэгэн шинэ хуудсыг бичлээ. Шавийгаа олимпод оролцохыг харах ямар мэдрэмж байсан бэ?

-Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байлаа. Өмнөөс нь догдолж, сандарч, алдаа гаргачих вий гэж санаа зовж суусан. Өнөөдөр манай оронд өвлийн спорт хөгжиж эхэлж байна. Тамирчид маань олон улсын тэмцээн тэр дундаа цэнгэлийн манлай олимпийн наадам оролцож байна гэдэг сайхан. Бүр тэр тамирчин нь манай Тэшиг сумын унаган охин байна гэдэг бахархмаар санагдаж байна.

-А.Энхтуултай та анх хэрхэн багш, шавь болж байв?

-А.Энхтуул маань манай сумын уугуул. Анх над дээр дөрөвдүгээр ангид байхдаа вольейбол сурах зорилготой гэж ирсэн түүхтэй. Ингээд миний секцэнд сурч байгаад ар гэрийн шаардлагаар Эрдэнэт хот руу шилжсэн. Тэнд очоод цанын спортоор хичээллэх болсон. Спортын мастер Цогзолмаа гээд их ч сайн багшийн шавь болсон юм билээ.

-Гэхдээ спортоор хичээллэх анхны суурийг нь та тавьжээ?

-А.Энхтуул маань малчин айлын охин. Их хурдтай, шөрмөслөг охин байсныг нь санадаг. Багаасаа биеэ даачихсан, дасгал заахаар хурдан хүлээж аваад сурчихдаг онцлогтой хүүхэд байсан. Тэгэхээр анх спортод дурлах суурь нь энэ сургууль дээр тавигдсан гэж хэлж болно. 

-А.Энхтуулын хувьд цанаар хичээллэх болсноосоо хойш тантай холбогдсон уу. Хэрэв холбогдсон бол та ямар заавар зөвлөгөөг өгч байв?

-Бид байнгын холбоотой байдаг. Ер нь багш хүн тухайн хүүхдэд хичээл заахдаа зөв хүн болоосой, спортоос зөв хүмүүжил олж аваасай гэж хүсдэг. А.Энхтуул олимпод явж ирээд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Борнуур суманд болоход хамгийн түрүүнд над дээр гүйж ирээд, үнсүүлээд явсан. Тухайн үед багш болсноороо, шавиараа бахархах сэтгэл төрсөн шүү.

-Та Тэшиг сумын уугуул хүн үү. Эсвэл хотоос томилолт өвөртөлж ирсэн юм уу?

-Би Тэшиг сумын уугуул.  Төрөлх сумандаа биеийн тамирын багшаар ажиллаад 32 жил болж байна. Хотод Мон-Алтиус багшийн сургуулийг дүүргэсэн. Анх  мэргэжил эзэмшсэн, залуухан багш ирж байлаа. Түүнээс хойш олон жил өнгөрчээ.

-Танай сургуулийн спортын амжилтын түүхээс сонсмоор байна. Одоогоор хэдэн хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай сургууль 90 гаруй жилийн түүхтэй. Сум орныхоо онцлогоос шалтгаалаад олон тамирчин төрж байгаа бахдам амжилтыг өдгөө ч түүчээлж байна. Миний хувьд энэ сургуульд багшилж, спортоор жигүүрлэсэн бяцхан хүүхдүүдэд бие бялдрын жигд хөгжил олгох, спортын авьяасыг нь нээх, суурийг нь зөв тавихад нь тусалж байгаадаа баяртай байдаг.

-Ихэнх охид монгол хэл, уран зохиол гэсэн хичээлийн багш болохыг хүсдэг. Гэтэл таны хувьд яагаад биеийн тамирын багшийг сонгосон юм бэ?

-Би багаасаа л их хөдөлгөөнтэй охин байсан. Гудамжинд ах эгч нар бөмбөг тоглож байвал бөмбөгийг нь зөөж гүйнэ. Ямарсайндаа ээж “Миний охин халуунд халтайчихаад, хөлс нь гойжоод л гүйгээд байх юм” гэж өхөөрддөг байсан. Ингээд дөрөвүгээр ангид орсон жил биеийн тамирын багш маань намайг гарбөмбөг тоглох сонирхолтой гээд секцэнд хамруулах болсон. Тэр үеэс хойш гарбөмбөгийн спортоор хичээллээд 50 гаруй жил болж байна. Мөн шавь нартаа ч энэ спортын ач тус, сайхныг мэдрүүлсэн. Миний шавь нараас мастерийн болзол хангасан олон хүн бий.

-Таныг цанын секц хичээллүүлдэг гэж сонссон. Тэшиг суманд энэ спортын төрөл хөгжих хэр боломжтой вэ?

-Манай сум цанын спортын эртний түүхтэй шүү дээ. Манай аймагт цанын спортын хөгжүүлэхэд өөрийн тус нэмрийг оруулсан олон багш байсан. Мөн нутаг усны онцлогийг харвал энэ спортын төрөл манай суманд хөгжих боломжтой. Миний хувьд хүүхэд байхдаа л цанаа унаад үеийн хүүхдүүдтэй уралдаж, унаж босоод л тоглодог байлаа. Энэ үеэс цанаар хичээллэхсэн гэсэн хүсэлтэй болсон юм. Харин миний энэ хүслийг Чинбат багш маань ойлгож, зорилгодоо хүрэх түлхэц болсон. Би өсвөр насандаа аймгийн аваргын тэмцээнд тогтмол оролцдог байлаа. Тэгэхээр хүүхэд наснаасаа дурлаж, сонирхож ирсэн энэ хоёр спортоо улам хөгжүүлж, ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа зааж, сургахаар тэмүүлж явна.

-Анх цанын секц хичээллүүлэхэд хүндрэлтэй байсан уу. Эд хэрэглэл нь хэр хүрэлцээтэй байсан бэ?

-Анх цанын сургалт хийх болоход ямар ч эд хэрэглэл байгаагүй. Тухайн үед Засаг дарга дээрээ ороод учир байдлаа танилцуулахад их сайхан хүлээж авсан. Тэгээд хот яваад надад хоёр цана авчирч өгсөн юм. Өнөөх хоёр дээрээ 20 гаруй хүүхдээ ээлжилж гулгуулсаар хичээлээ заадаг байлаа. Ингээд тэр жилээ аймагт очоод багаараа хоёрдугаар байрт орсон. Харин улсын аваргаас нэг алтан медальтай ирсэн. Багш хүн чинь хүүхдүүдийнхээ жаахан амжилтад л хөөрч, догдолдог юм билээ. Үүнээсээ урам зориг аваад сумандаа цанын спортыг тасралтгүй хөгжүүлье гэсэн зорилт өөртөө тавьсан.

-Хичээлийн шинэ жил эхлээд 19 хонож байна. Цанын хичээл хэзээнээс эхлэх вэ?

-Цанын хичээл ороод эхэлчихсэн. Ирэх долоо хоногт манай аймагт дугуйт цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энгийнээр тайлбарлавал ролик дугуйтай цана гэсэн үг. Тэгш зам дээр гулгаж уралддаг онцлогтой. Энэхүү тэмцээнд шавь нараа бэлтгэж байгаа.Одоогоор 12 хүүхэд оролцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.    

-Удахгүй цас орно. Гадаа бэлтгэл эхлэх байх даа?

-Хүйтрээд, цас унахаар гадаа бэлтгэлдээ орно. Сургуулийн урд талын давааны цаана сайхан бэл бий. Бид гулгах бэлтгэлээ ихэвчлэн тэнд хийдэг юм. Мөн сургуулийн урд  жижигхэн талбай зассан. Гэхдээ бэлтгэлийн үед зөвхөн цанаар гулгуулаад байдаггүй. Хүчний бэлтгэлийг түлхүү ордог. Ингэхдээ хүүхдүүддээ хичээлийг илүү сонирхолтой болгох зорилгоор уулын оргил булаацалдуулах жишээтэй.

-Шавь нартаа хэр итгэж байна. Танай сумын хүүхдүүдийн бусад хүүхдүүдээс ялгарах давуу тал нь юу бол?

-Манай Булган аймаг өвлийн хүүхдийн спортын наадмынхаа амжилтаар улсдаа тэргүүлдэг. Цанаар гурван удаа аваргалж байсан туршлагатай. Тэр буухиаг нь үргэлжлүүлээд аваргын цомыг өвөртөлнө гэсэн зорилго тавьчихаад байна. Мөн шавь нарынхаа амжилтаас дурьдвал 2020 онд Швцайрьт болсон Хүүхэд залуучуудын олимпод О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ гээд шавь нар минь амжилттай оролцсон. Б.Золбаяр 70 гаруй тамирчнаас 38, Б.Номин-Эрдэнэ маань 14-хөн настай мөртлөө 78 тамирчнаас 53 дугаар байрт орж, хувийн амжилтуудаа эвдэж ОУХМ –ийн болзолыг хангасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)