Н.ЖАРГАЛМАА
Жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр Үндэсний бичиг үсэг, номын баяр зохион байгуулагдлаа. Энэ удаагын номын баяр намрын бороо шивэрсэн сэрүүхэн өдрүүдэд тохиолоо.
Тагтаа болон Непко паблишинг хамтран Хятадын зохиолч Үй Хуаг урин оролцууллаа. Номын баярын эхний өдөр төв талбайд уншигчидтайгаа уулзаж гарын үсэг зурсан бол дараагийн өдөр нь СТӨ-нд уулзалт зохион байгууллаа.
Мөн Халимаг, Буриад улсын яруу найрагч, зохиолч нар шинэ номтойгоо ирж оролцлоо.
Номын баярын үйл ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Эрдмийн их сургууль, ОХУ-ын ашгийн бус бие даасан байгууллага “Институт Перевода”, Уланбаатар дахь “Русский дом” хамтарсан санамж бичигт гарын үсэг зурсан юм. Соёлын харилцаа холбоо бол улс орон, ард түмний хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, найрамдлыг бэхжүүлэх чухал суваг билээ. Ийнхүү сонгодог хийгээд орчин цагийн Оросын утга зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн цувралаар хүргэх, Монголын уран зохиолын шинэ шилдэг бүтээлүүдийг орос хэлнээ хөрвүүлэн түгээх үйл ажиллагааг баталгаажууллаа.
Төв талбайд эгнэсэн асрууд дундаас “Сонгогчдын боловсролын төв”-ийн асрыг зорин төслийг менежэр Д.Элбэрэлтэй ярилцлаа.
-“Энэ удаагийн номын баяртаа “Оролцоно, Төлөөлнө” амлалтын өдөрлөгөөр оролцож байна. Энэ өдөрлөгийн гол зорилго бол бид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн хэвшмэл ойлголтын талаар мэдээлэл өгөх нөлөөллийн үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагааг явуулж байгаа. Үүнд, Дижитал дата үзэсгэлэнг гаргасан.Улс төрийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо, залуучуудын ирцийн статистик тоон мэдээллүүдийг харуулж байна. Жендэрийн хэвшмэл ойлголтыг илэрхийлсэн маш том ханын буддаг зургийг гаргасан. Залуучууд маань ханын будгыг будаж илүү сонирхолтой байдлаар мэдээлэл авах боломжтой. Манай төвөөс “Оролцоогоо нэмэгдүүлье” буландаа эмэгтэй гишүүдээс юу хүсэж байгаа тухай, шийдвэр гаргалтын түвшинд хүйсийн тэнцвэртэй байдал яагаад чухал гэх асуудлуудаар иргэд өөрсдийн санал бодлыг нээлттэй илэрхийлэх боломжийг мөн бүрдүүлж өгсөн. 18-25 насны сонгуулийн насны залуучууд маань сонгуульд илүү идэвхтэй оролцохыг уриалсан үйл ажиллагаанууд мөн хэрэгжүүлж байгаа. Эдгээр залуучууд надаар дутвал гэх хандлагаар бус нэг ч гэсэн миний санал үнэ цэнтэй гэж сонгуульд оролцоосой хэмээн хүсдэг. Энэ хандлагын нийгэмд бий болгохын төлөө ажиллаж байна” хэмээн хэллээ.
Номын баярын хоёр дахь өдөр төв тайзнаа илтгэл хэлэлцүүлсэн "Философи номын дэлгүүр"-ийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяртай ярилцлаа.
-Та “Философи” цахим хуудсыг ажиллуулдаг. Үүнээс салбарлаад номын дэлгүүрээ нээсэн. Хэзээнээс номын дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн бэ?
-Анх цахим орчинд Философи хуудсыг хөгжүүлээд номын эшлэл зураг постеруудыг оруулаад явдаг байсан. Тэр үед манай хуудсанд “Энэ номыг чинь худалдаж авмаар байна, олдохгүй байна” гэх сэтгэгдэл их ирсэн. Түүнээс үүдээд хэсэг хугацаанд бодож төлөвлөснөөр номын дэлгүүрийг нээсэн. Бид одоогоор Философийн номыг худалдаалж байгаа.
-Төв тайзнаа тавьсан илтгэлийн талаар олон зүйл тодруулмаар байна. Та яагаад энэ илтгэлийг тавихаар болов?
-Миний зүгээс “Ницше ба түүний бүтээлүүд” гэсэн илтгэлээ багахан хүргэлээ. Номын баярын гурав дахь өдөр үргэлжлүүлэн илтгэлээ тавина. Би Ницшег илүүтэй уншдаг, түүний ямар ямар бүтээлүүд байдаг вэ, ямар санаа агуулсан бэ гэдэг талаар ярьсан. Тэр дундаас Нишчегийн шүүмжлэлтэй санааг хэлсэн. Тэр нь вэ гэхээр хүн байнга зогсоо зайгүй ном уншаад байна гэж байдаггүй. Яагаад гэвэл тархи таргална. Бидний бие махбод маш их хоол байнга идээд огт дасгал хийхгүй байгаатай адилхан. Тиймээс дунд нь багахан амсхийж, бодож эргэцүүлэх цаг хугацаа хэрэгтэй, яг хоолоо шингээж буйтай ижил. Ном унших гэдэг өөрөө юмсыг танин мэдэх үйл ажиллагааны нэг хэсэг болохоос бүхэлдээ биш. Тасралтгүй ном уншсанаар хүн дээшилж дэвжээж сайн сайхан байна гэсэн үг биш. Ном унших зөв, сайн, хэрэгтэй. Гэхдээ тэрийгээ тунгааж бодох эргэцүүлэл үргэлж байх ёстой. Хүн хайрын тухай ном уншаад байдаг хэрнээ бодит амьдрал дээрээ хайртай хүндээ сэтгэлээ илчилж чадахгүй гэдэг ч юмуу, ном уншаад өөрөөнийхөө буланд шигдээд суух биш гараад яг бодит амьдралд дээр болж байгаа зүйлс нь үнэн. Тиймээс хэт их номонд донтох байдлыг шүүмжилж гаргаж ирсэн байдаг. Энэ нь яг одоо хүмүүс цахим орчинд донтож байгаатай ижил зүйл юм. Бидний амьдралыг, цаг хугацааг, бодит байдлаас ном хулгайлж байж болох уу гэдэг л асуудлыг хөндөж үзээд байна.
Бид хэдий номын дэлгүүр ажиллуулж байгаа ч аль болох хүмүүсийг бодож ойлгооосой гэсэн номнуудыг цуглуулдаг. Бас уншигчид залуучуудыг бодож уншдаг гэж итгэдэг. Зөвхөн ном уншихын төлөө уншдаг биш байгаасай гэж боддог. Мэдээж ямар ном сонгож унших нь тэр хүний сонголт. Гэхдээ дээр дурьдсанчлан бидний бодит амьдралыг ном хулгайлж болохгүй. Амжилтанд хүрсэн хүмүүсийг номыг мянга уншсан ч бид өөрсдөө хөдөлмөрлөөгүй цагт тэр амжилт хэзээ ч бидэн дээр ирэхгүй. Тийм болохоор миний зүгээс илүү бодож уншаасай гэж хүсдэг. Бас бидний зүгээс цааш цаашдаа Философийн үзэл гол санааг дан ганц номоор хэвлэмэл хэлбэрээр биш шинэ үеийн платформуудаар дамжуулан түгээсэээр байх болно гэсэн юм.
Номын баярын хүндэт оролцогчдын нэг СГЗ, Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуайн сэтгэгдлийг сонслоо.
-Номын баяр жил бүр уламжлал болж буй нь сайхан байна. Энэ өдрүүдэд хэвлэлийн газрууд болон зохиолчид, уншигчид хоорондоо уулзалдаж, санал бодлоо хуваалцан танилцдаг. Мөн бүх зохиолчид уран бүтээлээ дэлгэдэг учир эрсэн хайсан номоо олж авах боломж бүрддэг.
СГЗ, Сэтгүүлч Б.Ганчимэг шинэхэн сэтгүүлээ номын баярт дэлгэсэн байв. Түүний сэтгэгдлийг хүргэе.
-Би өөрөө номын баярын дэмжигч, хэрэглэгч, уншигч. Энэ удаад редакцын бүтээл болох “Interview” сэтгүүлээ анх удаа борлуулж байна. Сэтгүүл бол олон дамжлагатай хэцүү хөдөлмөр. Хэн нэг нь сонгодог сэтгүүл зүй, цаасан хэвлэлийн төлөө зүтгэх ёстой учраас бид зүтгэж байна. Цаашид бүх дугааруудаараа оролцоно. Энэ удаагийн номын баяр илүү олон улсын гэх чиглэл рүүгээ алхаж байна. Дотоодынхоос гадна өөр улсын зохиолчид оролцож байгаа нь манай номын баярын нэр хүндийг өргөж байна. Сэтгүүлийнхээ агуулгад их анхаарч ажиллаж байна. Энэ цаг үеийг бүтээлцэж байгаа залуусыг онцолж илүү урлаг уран сайхан руу чиглэж байна. Цахим орчин дахь шуурсан, зүрх дэлсүүлсэн цуу яриа, хөнгөн шингэн зүйлсээс холдуулж уншигчдынхаа хэрэгцээг хангах зорилготой. Ингэж байж сонгодог сэтгүүл зүйн үндэс суурь үлдэх ёстой. Үүнийгээ хотын соёлд оруулж байгаа бодитой хувь нэмэр хэмээн бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)