Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Булган аймгийн Тэшиг сум. Аймгийн төвөөсөө 200 гаруй км-ийн зайнд орших энэхүү буйдхан сум буриадуудын өлгий гэдгээрээ алдартай. Ажилч хичээгүй буриад ястан үеийн үед өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгож ирсэн баялаг түүхтэй. Түүний нэгэн түүчээ болсон О.Энхжаргалынд зочиллоо. Тэрбээр тэшигчүүдийг өглөө бүр өөрийн жороор хийсэн шинэхэн талхаар дайдаг юм байна.

 

Хөгшин ээжээсээ талх барихыг сурсан

 

Үүрийн 03:30 минут. Тэшиг сумыг харанхуй нөмөрч, айл бүрийн гэрэл унтраастай байхад ганцхан айлын цонх гэрэлтэй байх ажээ. Дотор нь цагаан халаат, нимгэн бээлий өмсөөд гурил зуурч, цагаа харан хурдан хөдлөх нэгэн эмэгтэй байна. Учир нь саалийн цаг дөхөж байгаа учир ийнхүү яарч байгаа нь энэ. Тэшигчүүдийн идэх дуртай амттай, зөөлөн талх ийнхүү үүр шөнийн заагаар үйлдвэрлэлээс гардаг юм. Харин талх хийж, брэнд бүтээж яваа тэрхүү эмэгтэйг О.Энхжаргал гэх. Түүний өглөө бүхэн яг л энэ жишгээр эхэлдэг. Тэрбээр амьдралынхаа энэхүү хэвшилд дасан зохицсон гэлтэй. Хийж байгаа ажилдаа түүртсэн шинжгүй. Харин ч хийж буй ажлаараа бахархаж, бардаж ярих нь сайхан. О.Энхжаргалын ээж нь Тэшиг сумын уугуул ажээ. Тэрбээр хотод оюутан байхдаа охиноо төрүүлж, 20 гаруйхан хоногтой байхад нь хөгшин аав, ээж дээр нь буюу эмээ өвөөд нь үлдээгээд сургуульдаа сурахаар явжээ. Энэ цагаас О.Энжжаргал өнөөдрийг хүртэл Тэшиг сумандаа ажиллаж, амьдарсаар явна. Нутгийн залуутай гэр бүл болж, мал маллахаас гадна гэрээрээ талх үйлдвэрлэж, нийт тэшигчүүдийг амтат талхаараа дайлсаар байгаа юм. О.Энхжаргалын эмээ нь өөрийн уламжлалт буюу хөрөнгөний талхыг анх барьдаг байжээ. Багаасаа эмээгийнхээ талх барихыг харж өссөн охин өдгөө ч тэр л уламжлалынх нь дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа гэнэ. Өнөө цагт бид гэрийн нөхцөлд исгэгч ашиглаж талх барьдаг бол О.Энхжаргалын хувьд хөрөнгө буюу тэдний хэлж заншсанаар ихээр талхаа хөөлгөдөг юм байна. Энэ их нь эмээгээс нь өвлөгдөж ирсэн гэнэ. Тухайн их гэдэг нь гурил давс, уснаас бүрддэг ажээ. Тэгэхээр ямар нэгэн хурдан хөөлгөх химийн бодис ороогүй, цэвэр эко бүтээгдэхүүн гэж онцолдог юм байна.

 

Өдөрт 50 гаруй талх үйлдвэрлэдэг

 

О.Энхжаргалын хувьд анх 15 жилийн өмнөөс талх барьж эхэлжээ. Тэрбээр гэртээ үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд хоёр шарах шүүгээтэй юм байна. О.Энхжаргал “Хэрэв би талхаа бариад л байх юм бол амархан зарагддаг. Гэхдээ хажуугаар нь саалиа авч, цагаан идээ боловсруулдаг учир хараахан их хэжээгээр гаргаж амждаггүй” гэв. Тэрбээр зуны цагт хамгийн ихдээ өдөрт 50 талх гаргадаг гэж байв. Учир нь зуны цагт сургуулийн хүүхдүүд амрахаас гадна аялж зугаалахаар ирэх хүмүүс Тэшиг сумыг зорьдог учир ийнхүү эрэлт нь ихэсдэг ажээ. Харин өвлийн цагт өдөрт 20 гаруй талх хийдэг гэж байв. О.Энхжаргал ачаалалтай үед өглөө бүр гурил зуурахдаа шууд 36 талхны гурил бэлддэг ажээ. Эхнийхийг нь саванд нь хийж хөөлгөөд, үлдсэн 24 талхыг нь өөр саванд зуурч хөөлгөдөг ажээ. Энэ нь эхнийх нь талх болж дуусахад дараагийнх нь талх яг хөөлтөө аваад шарах шүүгээнд ороход бэлэн болсон байдаг гэнэ. Талхчин О.Энхжаргалын хувьд уг нь олон төрлийн талх хийх сонирхолтой гэнэ. Хотод зардаг шиг үзэмтэй, чихэртэй, загасан талх хийхсэн гэсэн хүсэл бий. Гэхдээ гэрийн нөхцөлд үйлдвэрлэл эрхэлж байгаа учир хараахан боломж нь хүрэхгүй байгааг учирлаж байсан юм. Харин арай том, зориулалтын тоног төхөөрөмжтэй цехтэй, хажуудаа 1-2 хүн ажиллуулдаг болчихвол хүссэнээрээ нарийн боов, амттан хийх боломжтой гэж байв. Хэрэв сумандаа өөрийн гэсэн цехтэй болчихвол зөвхөн Тэшиг гэлтгүй бусад сумдад ч талхаа түгээх боломжтой юм. Одоогоор Хонгор багаас түүний талхыг зарах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэнэ. Зарим үед Хонгор баг руу явах замын унаа байвал цөөхөн ч хамаагүй байгаа талхаа дайгаад явуулдаг тухайгаа О.Энхжаргал ярьж байсан юм.

 

“Талх зарагдаад дуусах мэдрэмж л сайхан”

 

Сумын иргэдээс О.Энхжаргалын талхны тухай асуухад “Өглөө бүр шинэ, зөөлөн, хөвсгөр байдаг” гэж магтаж байсан юм. Үнэхээр түүний талх аманд ороод уусах мэт сайхан мэдрэмжийг төрүүлж байв. Хэтэрхий гашуун бус, зөөлөн амт нь таатай ажээ. О.Энхжаргалаас талхчин хүний хамгийн жаргалтай үе нь хэзээ байдаг вэ гэж асуухад “Миний талх дэлгүүрийн лангуун дээр очоод өдөр гэхэд зарагдчихсан байх мэдрэмж хамгийн сайхан” гэж хариулсан юм. Үнэхээр түүний талх өдөр гэхэд л дуусдаг тухай дэлгүүрийн худалдагчид ярьж байсан юм. Талхны амт чанар ямар гурил сонгохтой шууд хамааралтай ажээ. Хэрэв муу гурилаар зуурвал хөөлт орохгүй, бараан өнгөтэй болдог гэнэ. О.Энхжаргал шинэхэн талхчин байхдаа ийм алдаа гаргахаараа сэтгэлээр их унадаг байжээ. Тиймээс сүүлийн жилүүдэд ихэвчлэн “Алтан тариа”-гийн дээд гурилыг сонгох болжээ. Энэ гурил бусад гурилыг бодвол ширүүвтэр, том ширхэгтэй байдаг гэнэ. Тиймээс зуурсан талх нь цавцайсан цагаан, хөвсгөр мөртлөө биетэй болдог юм байна. Мөн гурил хөөлт сайтай болох үндэс нь дэндүү шингэн зуурах болон усны халуун хүйтнээр ихээхэн хамаардаг гэнэ. Тиймээс зуурмагаа л яг тааруулж чадвал тухайн талх төгс болдог ажээ. Тиймээс гурилаа зуурахдаа хэтэрхий халуун бус, хүйтэн ч биш голынх нь температуртай усаар зуурах хэрэгтэй гэж О.Энхжаргал зөвлөж байсан юм. Тэрбээр “Манай Тэшиг сумынхан хүнсэндээ үргэлж эко бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг. Олон төрлийн химийн бодис орсон худалдааны бүтээгдэхүүнээс илүү өөрсдөө гэртээ талх боорцгоо хийчихдэг. Жимс гэхэд л зун, намартаа ургах үеэр нь түүгээд нөөцөлчихнө. Өвөл нь хүүхдээ ханиаднаас хамгаалж өнөөх хөлдөөсөн жимсээ хандлаад хүнсэнд хэрэглэх жишээний. Мөн өөрсдийн хөрсөнд тарьсан ямар ч химийн бордоогүй хүнсний ногоогоо идэж байгаа азтай улс” гэж онцолсон юм. О.Энхжаргал талхнаас гадна өдөр бүр саалиа авч, цагаан идээ боловсруулдаг чухал ажилтай. 

 

Д.Очир зааны зээ охин

 

Булган аймгийн Тэшиг суманд нэгэн хөшөө байдаг нь Д. Очир зааных ажээ. Хүч тэнхээ, уран барилдаанаараа нутагтаа төдийгүй улсад алдартай явсан түүний зээ охин нь О.Энхжаргал юм. Тэрбээр “Миний өвөө Дугарын Очир 1912 онд төрсөн. Жаахан байхаасаа л сумын наадамд зодоглож, нутаг усандаа нэр алдараа цуурайтуулж явсан юм билээ. Мөн арилжаа наймаанд одтой нэгэн байсан гэдэг. Анх манай Тэшигт гахай гэж байхгүй байх үед авчирч нутагшуулж байсан түүхтэй. Үүнээс гадна улаан халзан үхэр гэж байхгүй байхад өөр сумаас авчирч үржүүлж байсан удаатай. Тиймээс нутгийнхандаа их алдартай. Тэшигийнхэн бүгд л аварга Д.Очир гэж авгайлдаг байлаа” хэмээн дурссан юм.

О.Энхжаргал талхаа хийчихээд 08:00 цагтай уралдаж ирээд үнээгээ сааж, цагаан идээгээ боловсруулж эхэлдэг байна. Тэрбээр энэ жил 19 үнээ сааж байгаа гэв.Түүний саалийн гэрт ороход өрөм, цөцгий, ааруул, аарц тэргүүтэн өрөөтэй байсан юм. О.Энхжаргал зунжингаа бэлдсэн цагаан идээгээ хадгалж байгаад хүүхдүүддээ өгч, үлдсэнийг нь өвлийн цагт худалдаалдаг гэнэ. Харин түүний талх барих арга барилыг наймдугаар ангийн зээ охин нь өвлөж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)