Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Булган аймгийн Тэшиг суманд аж төрөх М.Өнөрцэцэг үйлэнд уран гэдгээрээ нутаг усныхандаа алдартай нэгэн. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэрээрээ үйл урлаж, тэр дундаа буриад үндэсний дээл малгай оёдог түүнийг  бид “Урлан” буландаа онцоллоо.

 

Өнгө бүр өөрийн бэлгэдэлтэй

 

Тэшиг сумын төвийн хойх нь амьдрах М.Өнөрцэцэгийнд ороход цахилгаан машины дуу хадаж байв. Гэрээр нь дүүрэн олон өнгийн даавуу, бөөрөнхий утас, дээлний шилбэ, торгоны өөдөс харагдана. Түүнд захилга иржээ. Энэ удаад монгол цамц урлана. М.Өнөрцэцэг 1985 онд Хөдөлмөр нийгэм хамгааллын байнгын курст хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан оёдлын дамжаа гэж байгуулагдахад нь сурч төгсжээ. Үүнээс хойш сумынхаа иргэдэд хувцас урлаж худалдаалах болсон гэнэ. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хэзээ ч зүгээр суухыг хүсдэггүй хөдөлмөрч зан нь түүнийг ийнхүү хурцалсан байна. Анх зөвхөн өмд, цамц, пудволк зэрэг европ хувцас хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд монгол цамц болоод буриад үндэсний дээл, малгай урлах болсон гэнэ. Түүнд үргэлж авч явдаг жижигхэн өврийн дэвтэр бий. Түүнийг нь нээж харвал захиалга өгсөн хүмүүсийн нэр болоод хэмжээг нь аваад жирийтэл нь цэвэрхэн бичжээ.Түүнээс буриад болон монгол дээлний гол ялгааг асуухад “Эхлээд энгэр, захны ялгааг онцолж болно. Буриадууд дээлний энгэрийн эмжээр оёдлыг дээд дунд доод тэнгэр гэж бэлгэддэг юм. Дээд эмжээр нь улаан өнгөтэй хоргой торго. Энэ нь зүрхний гурван хорыг суган доогуураа хойш хаяхыг илэрхийлдэг. Дундах эмжээрийг хар өнгийн хилэнгээр оёдог бол гурав дахь эмжээрийг бүдэг хөх юм уу ногоон, шаравтар өнгөөр урладаг бөгөөд өнгө бүхэн өөрийн бэлгэдэлтэй” гэв.

 

Өөрийн хийцээр гоёдог

 

Биднийг очих үед М.Өнөрцэцэг өөрийн урласан үндэсний дээлээ өмсөж гоёсон юм. Урт сувдан унжуургатай, булганы арьсан эмжээртэй малгай түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулж байв. Түүний өмссөн дээл нь нөхөрт гарсан бүсгүйчүүд өмсөх ёстой эхнэр дээл юм. Ууж чимэгтэй, хормой нь хар. Тэрбээр нэг дээлийг хамгийн хурдан оёлоо гэхэд долоон хоног зарцуулдаг гэсэн. Харин иж бүрнээр нь зарах үнэ 600000 мянгаас эхэлдэг гэж байв.  М.Өнөрцэцэг ямар ч үед өөрийн хийцээрээ гангарах дуртай. Буриад үндэсний хувцсаа өмсөөд гарахад төрөлх нутаг, ард түмнээрээ бахархах сэтгэл төрдөг гэсэн юм. Сүүлийн үед нутгийн залуучууд ч үндэсний хувцсаа өмсөх дуртай болсон учир түүнд захиалга өгөх нь элбэг болсон гэж байлаа. М.Өнөрцэцэгийн ойрын зорилго нь охиндоо иж бүрэн дээл  хувцас оёж өгөх ажээ. Учир нь үйлчлүүлэгчдийн захиалга их байгаа учир охиндоо дээл оёх зав гараагүй байсан гэнэ. Харин ойрноос тухтай сууна гэж бидэнд хуучилсан юм.

 

Буриад дээлэнд улаан, цэнхэр өнгө голлодог

 

Буриад дээлийг ажаад байхад халх монгол дээлнээс ялгарах нэг онцлог нь гоёл чимэглэл байсан юм. М.Өнөрцэцэг энэ тухай “Буриад дээл оёход чимэг зүүлт хийх гээд нарийн ажиллагаа их шаарддаг. Өнгөний хувьд улаан цэнхэр өнгө голлодог уламжлалтай. Цэнхэр өнгөөр хөх тэнгэрийг бэлгэддэг юм. Мөн Буриад эмэгтэйчүүд шүрээр гоёх дуртай байдаг” гэлээ. Тэрбээр дээл хийх материал болон чимэглэлээ ихэвчлэн Улаанбаатар хотоос авдаг гэнэ. М.Өнөрцэцэгийн хувьд өдрийн ихэнх цагийг цахилгаан машиныхаа ард үйл урлаж өнгөрүүлдэг нэгэн. Өөрийн энэхүү авьяас чадвараа нутгийн залуу бүсгүйчүүдэд заахсан гэдэг нууцхан мөрөөдөл тээж явдагаа  ч бидэнд ярьж байсан юм.        

Түүний хань үйсээр эдгээр савыг урлажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 185 (7170)