ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс жил бүр уламжлал бүр Улаанбаатар дахь гадаадын Элчин сайдын яамдтай хамтран "Сайн санааны үйлс" олон улсын өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн олон улсын өдөрлөгт Австрали, АНУ, Беларусь, Вьетнам, Итали, БНСУ, Лаос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Японы Элчин сайдын яамд болон эмэгтэй манлайлагчтай 30 гаруй үндэсний бизнесүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, Гадаад харилцааны яамны удирдлага, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар гэр бүл, ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, Эмэгтэй дипломат клубын гишүүд оролцлоо. Жил бүрийн энэ арга хэмжээний хүрээнд цугласан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тоддорхой төслүүдийг санхүүжүүлж буян бүтээх үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлж харилцан ажилладаг ажээ.

"Сайн санааны үйлс" арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон хэлэхдээ клуб байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрсөн тавдугаар сард тэмдэглэж, өнгөрсөн түүхээрээ бахархах, ирээдүйд уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй ажиллах эрмэлзлэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж "Сайн санааны үйлс" арга хэмжээг жил бүр зохион байгуулж, уламжлал болгож, нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн олон сайхан төсөл хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэж, хандивын хөрөнгөөр санхүүжүүлдэг төслийн тоо жилээс жилд нэмэгдэж өргөн олныг хамарч байгаад талархаж байдгаа хэллээ.

"Сайн санааны үйлс" өдөрлөгөөр улс орнуудын соёл, бэлэг дурсгалын зүйлс худалдан авахаас гадна тухайн үндэсний хоолны амталгаа боллоо.

Улаанбаатар дахь гадаадын Элчин сайдууд дурсгалын зураг авахуулав.

Олон улсын өдөрлөгийн үеэр үндэсний үйлдэврэлгчид болон хувиараа аж ахуй эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлж харилцан ажилладаг ажээ.

Мөн энэ үеэр оролцогчдын дунд сугалаа зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр "Өнөр бүл" асрамжийн төв, Вьетнам, Орос, Энэтхэгийн хүүхэд, залуучууд уран сайхны тоглолт үзүүлж, Японы Элчин сайдын ажилтнууд Мочи Цүки хэмээх будааны боов хийх үзүүлбэр үзүүлсэн нь олны анхаарлыг татлаа. 

Эх сурвалж www.polit.mn