Рагчаагийн ОЮУН

 

Намрын налгар өдрүүд үргэлжилсээр, автобус дүүрэн ахмадууд Өмнийн цэнхэр говийг зорихоор ХХЕГ-аас хөдөллөө. Олон жилийн дараа уулзаж байгаа тэд очих газраа хүртэл элдвийг хөөрөлдөнө. Энэ ахмадууд бол Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид ажиллаж, амьдарч байсан үе үеийн офицер, ахлагч, цэрэг, түрүүч, ажилтан албан хаагчид юм. Тус анги энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй учир тэд ийн ойн арга хэмжээнд оролцохоор явж буй нь энэ.

Хилийн цэргийн 0131 дүгээр анги 1933 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар Өмнөговийн тусгай комендатур болон байгуулагджээ. Энэ цагаас хойш олон алдартан, генералууд, төр, нийгмийн зүтгэлтэн төрснөөс гадна хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Түүгээр ч барахгүй 2023 оны долдугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус ангийг Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын нэрэмжит болгожээ.

Чогын Сандр нь ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургууль, ЗХУ-д Хилийн цэргийн дээд курс, 1982-1985 онд Москва хотод М.Фрунзийн нэрэмжит цэргийн академийг төгссөн байна.  Тэрбээр их сургуулиа төгсөж ирээд 0131 дүгээр ангид байлдааны бэлтгэл хариуцсан офицер, 1976-1979 онд Говь-Алтай аймгийн 0214 дүгээр ангид Хилийн албаны нэгдүгээр тасгийн дарга, 0131 дүгээр ангийн захирагч, хожим 1990-1994 онд Улсыг аюулаас хамгаалах газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн даргаар ажиллаж байжээ.

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр анги ойгоороо Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит болсон батламжаа гардан авч түүний хүндэтгэлийн хөшөөний нээлтэд ирсэн зочид, төлөөлчид болон тус ангийн бие бүрэлдэхүүн цэцэг өргөлөө. Мөн энэ үеэр Хил хамгаалах байгууллага, Өмнөговь аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын барилгын шав тавих үйл ажиллагаа боллоо.   

Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын хүндэтгэлийн хөшөөний нээлтийн туузыг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Б.Батхүү, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Л.Амарсанаа болон хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын гэргий С.Даваа, том хүү нар хайчилсан юм.

Энэ үеэр зочид, төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

 

Ч.Сандр агсны гэргий С.Даваа:Миний хань эгэл дэслэгчээс хошууч генерал болтлоо хилийн цэрэгт зүтгэсэн

 

-Миний ханийн дурсгалыг мөнхжүүлж хөшөө босгосонд гэр бүл болон төрөл төрөгсөд нь баяртай байна. Миний хань эгэл дэслэгчээс хошууч генерал, Хилийн цэргийн дарга болтлоо хилийн цэрэгт хүчин зүтгэсэн хүн. Миний хань Ч.Сандр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрж өсөн, аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Бид 1971 онд гэр бүл болж, гурван хүү төрүүлж өсгөсөн. Ханийгаа 0131 дүгээр ангид офицер байхад нь би отрядын угаагчаар ажиллаж байлаа.

 

Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Л.Амарсанаа: Хилчид бид тусгаар тогтнолынхоо баталгаа болж бат зогсоно

 

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хийлийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэн мөр зэрэгцэн ажиллаж буй эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, цэрэг, түрүүч, ажилтан, алдар гавьяагаа мөнхжүүлэн чөлөөндөө гарсан ахмад хилчид, Өмнөговь аймгийн хамтран ажилладаг байгууллагуудын хамт олон, түүний удирдлагууд, хил хамгаалах туслах хүчний гишүүддээ хил хамгаалах байгууллагын 90, одонт отрядынхаа 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Өмнийн цэнхэр говийн домогт отрядын 90 жилийн түүх бол эх орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд бие сэтгэлээрээ хамтран зүтгэж, анги байгууллагынхаа хөгжил, цэцэглэлт, ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө залуу халуун насныхаа эрч хүч, мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж ирсэн үе үеийн хилчдийн гавьяа юм. Хилчид бид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ цэргийн ёсоор нэр төртэй гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ найдвартай ар тал, тусгаар тогтнолын баталгаа болж бат зогсоно гэдэгт итгэл төгс байна.

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:Говийн ард түмэн бол хилчин ард түмэн

 

-Хилийн цэргийн 0131 дүгээр бол Өмнөговь аймгийн түүхтэй салшгүй холбоотой. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагдсан. Үүнээс хоёр жилийн дараа Хилийн цэргийн 0131 дүгээр анги шаваа тавьсан байдаг. Энэ ангийн хариуцсан хэсэгт Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сум багтдаг. Аймгийн үе үеийн удирдлагууд болон ИТХ-аар тус ангийн офицер, ахлагч, энгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч дэмжиж ирсэн. Тухайлбал, говь цөлийн бүсэд авто уналга чухал учир хилийн манаанд явах зориулалтаар шинэ автомашин, мотоцикль авч өгөх, засварлах ажлыг хийдэг.

Хилийн цэргийн 0131 дүгээр анги малчид, ард иргэдтэйгээ ойрхон ажиллаж, хэцүү бэрх цагийг давж ирсэн гэдгээрээ онцлог. Түүнчлэн говийн ард түмэн бол хилчин ард түмэн. Энэ ч утгаараа говийн өргөн уудам газар нутгийг хилчид маань говийн ард түмэнтэйгээ хамтарч өнөөдрийг хүртэл улсынхаа аюулгүй, хилийнхээ халдашгүй дархан байдлыг хамгаалж ирсэн. Цаашид хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, хилийн цэргийн анги, барилга байгууламжуудыг шинэчлэхэд бид анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн үе үеийн удирдлагууд 90 жилийн хугацаанд энэ анги, хамт олныг өдий зэрэгтэй Монгол Улсдаа нэр төртэй авчирсан тус ангийн үе үеийн офицер, ахлагч, ажилчид болон энэ ангид хугацаат цэргйин албаа хаасан үе үеийн хилчин дайчиддаа Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ынхаа нэрийн өмнөөс болон аймгийн нийт ард түмнийхээ төлөөллөөс 90 жилийн ойн халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий:Штабын даргын торгон цэрэг гэдгээрээ бахархдаг

 

-Би Хилийн цэргийн 0131 дүгээр ангид 1978-1981 он хүртэл гурван жил алба хаасан. Намайг цэрэг болж ирэхэд хошууч генерал Ч.Сандр штабын дарга байлаа. Тэр үед холбооны цэргүүдийг “Штабын даргын торгон цэрэг” гэдэг байсан. Би энэ хүний торгон цэрэг байснаараа бахархаж явдаг. Тухайн үед хилийн байдал маш хэцүү, нэгдүгээр дайсан Хятад гэдэг байсан. Хил дээр холбоо харилцаа их чухал үүрэг гүйцэтгэж байсан учраас өндөр хариуцлагатай. Би заставт жил гаруй байхдаа бүтэн нойртой унтаж байгаагүй. Хоёр цаг тутам холбоогоор харилцдаг байсан. Тэр үеийн эх орноо хамгаалах хилчин дайчид нойр, хоолгүй бэлэн байдалд байдаг байлаа.    

 

Хилчдийн домог болсон “Мөрч Сүхээ”

 

Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын нэрэмжит Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хамт олон “Сүхээ гуай эмнэлэгт хэвтсэн. Маргааш гарна, өнөөдөр уулзаж амжихгүй гэнэ” гэж ярихад нь ахмад хилчин, генерал байх гэж бодлоо. Гэтэл хилчдийн дунд домог болсон “Мөрч Сүхээ” гэх 70 гарсан эмэгтэй байв. Тэрбээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчин бөгөөд хил хамгаалалтад туслах хүчний гишүүн аж. 1975 оноос хойш хилийн заставтай хамтран ажиллаж, хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд энгэрт нь хошой “Онц хилчин” тэмдэг гялалзана. Л.Сүхээ гуай Улаан хошууны заставынхантай хамт салхи уруудсан, алдсан малыг хайж олох, унаагүй үед нь харуул сольж, хоол хүнсийг нь дөхүүлэх гээд нийгэм цагийн байдал солигдсон хүнд үед тэдний найдвартай ар тал болдог байжээ. Заримдаа цэрэг халагдах үед түр хугацаагаар харуулд гарч, хоёр цаг зогсчихоод явдаг байсан аж.

Л.Сүхээ гуай мөр дундаас тэмээний мөр их содон. Гэхдээ олон тэмээний мөр холилдчихвол ялгахад бэрх. Анх малын мөр их хөөдөг байсан. Ямаа, хонь салхи дагаад цувна. Тэгж мөрийг харсаар нэг удаа зээрийн сүрэг явсан мөр дотроос ганц ишигний мөр хайсан. Тэр ишигний мөрийг хөөж явсаар олж авсан. Тэгээд сүүлд хүний мөр хайж эхэлсэн. Харин хүний мөр тухайн хүний онцлогоос шалтгаалж гадагшаа, дотогшоо, хазгай гишгэдгийг нь ажаад авбал амархан. Бие зассан, унтсан, татсан тамхины ишийг нь дагаад л хөөнө. Одоо ч хөл өвдөөд явахгүй. Нүд ч юм үзэхээ байж дээ гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)