Д.ОТГОНБАЯР
Дэлхий дахинаа “Хүн төрөлхтний түүх” гэдэг номоороо ихээхэн алдартай болсон Иерусалимын Еврей их сургуулийн профессор Ювал Ноа Харари өнөөгийн технологид суурилсан нийгмийн харилцааны хамгийн идэвхтэй хэрэглэгчид болсон өсвөр залуу насныхан хоорондоо юуны тухай ярьж, бичиж байсан талаар хэдэн мянган жилийн дараа малтлаг хийж судлах эрдэмтэн судлаачид баримт олоход хэцүү байх болно гэж бичсэн байдаг. Технологи хөгжиж, хүмүүсийн мэдээлэл авах, харилцах боломж өргөн нээгдсэн ч гэлээ харин уг харилцааны гэрч, түүх болж юу үлдэх вэ гэдэг нь бас сонин санаа.
Хүн, хүн төрөлхтөн үргэлж урагшилж, хөгжиж ирсэн нь маргаангүй үнэн. Гэхдээ бидний өнөөдрийн агуу гээд байгаа бүтээл, санааны эх нь үргэлж өнгөрсөн түүхтэй очиж уялдаж холбогдож байдаг. Өнөөдрийн бидний сонгосон зам болох ардчилал буюу олонхийн засаглал гэдэг нэр томьёоны тухай ярихад л эртний Грек, Ромын сэтгэгчдийн гаргаж ирсэн санаа гээд түүнийг л тойрон мөлжиж, улс орнууд ямар удирдлагатай яаж явах вэ гэдэг дээр маргаж мэтгэлцэж байх жишээтэй. Сансар огторгуйг эзэмшиж, өөрийгөө оруулах хиймэл оюун ухаан хөгжүүлж байгаа өнөөдрийн хөгжил нь өнгөрсөн түүхийн гайхамшгийг олж илрүүлэхэд тусалж, өнө эртний хүмүүс өнөөдрийн биднийхээс ч илүүг бүтээж хөгжиж байсан дүр төрх улам тодорч гарч ирсээр байна. Үүний нэг жишээ бол эртний майячуудын түүх юм.
Эртний соёл иргэншлийн түүх гэхээр Грек, Ромын тухай гэж ойлгодог, Колумб Америкийг нээсэн гэдэг дунд сургуульд заадаг уламжлалт хэвшмэл ойлголтоос огт өөр, өнө эртний машид хөгжсөн соёл иргэншил бүхий улс ард түмэн байсан гэдгийг батлах баримтууд, тэдгээрийг судлах судалгаа ихээхэн хийгдэж ирсэн байна. Майя нарын өнгө төрх, хэр хэмжээг илэрхийлэх 1000-аад хот, гурван мянга шахам суурингийн туурь ил болоод байна гэдэг тоо баримт нь өөрөө судалгааны цар хүрээг харуулна. Тэгвэл 2018 онд гэхэд археологичид Төв Америкийн шигүү ширэнгэн ойд нуугдаж байсан эртний майячуудын соёл иргэншлийг судлахын тулд 1970-аад онд НАСА-гийн инженерүүдийн анх боловсруулсан лазер технологийг ашигласан ба ингэснээр Гватемалын ширэнгэн ой дундаас 61 мянга орчин байгууламжийг илрүүлсэн нь тухайн үедээ олон улсын хэвлэлүүдээр шуугиан тарьсан мэдээлэл болж байсан билээ. Энэ судалгааны үр дүнд майячуудын байгуулсан өргөн цар хүрээтэй зам, хамгаалалтын байгууламж, хөдөө аж ахуйн системийг танилцуулсан бөгөөд судлаачдын өмнө тооцоолж байснаас дөрөв дахин олон хүн амыг тэжээх чадвартай дэд бүтэц байсан гэдэг дүгнэлт хийсэн байдаг.
Зохиогчдын бичсэнчлэн олон улсад хийгдсэн судалгаа шинжилгээний өөр нэг чиглэл нь гарч ирсэн хот, барилга байгууламж даган олноор илэрч байгаа дүрс бичгээр чулуун дээр үлдээсэн бичвэр, мөн Өмнөд Америкийн хүн ард өнөө хэр хэрэглэсээр байгаа цаглабар, цаг тооны бичиг. Хүн төрөлхтөнд ийм их биет хийгээд оюуны өв үлдээсэн майя нар өнөөдөр хаана байна гэх асуултын хариуг хайсан хот суурин, бичиг үсэг, хэл соёлыг судлах судалгаа ингэж хийгдсээр байгаа төдийгүй майячуудын уг гарвал нь монголтой холбоотой байх магадлалтай гэдэг гаргалгаа ч байж болох хувилбарын нэг аж.
Ийм сонирхолтой түүхийг өгүүлэх, хэв маяг нь нэг уншвал түүнээс салах боломжгүй мэт мэдрэмж төрүүлэх бүтээлийг орчуулагч Норовын Пүрэвдагва, түүхч Санждоржийн Туяа нар уншигчдадаа өргөн барьж байна. Угтаа бол 2012 оны дэлхий сөнөнө, сөнөхгүй гэж маргаж байх үеийн өмнө “Майя нарын зөн билэг” ном уншигчдад хүрсэн. Өмнө гарсан хэсэг байгаа боловч энэ нь шинэ ном. Учир нь түүхч С.Туяагийн Америкаар аялж, майя нарын үүх түүхтэй холбоотой ном бүтээлийг судалж, олж ирснээр ихээхэн баяжиж, агуулга хийгээд баримтын тухайд өргөн хүрээтэй болсон. Ингэснээр өмнө нь монгол хэлээр гарч байгаагүй, майячуудын тухай олон баримт уншигчдад хүрч байгаагаараа онцлогтой байна.
Майячуудын гарал үүсэл монголтой холбогдох тухай зүгээр нь сэтгэлийн хөөрлөөр ч хэлээд байгаа хэрэг биш. Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хааны одон хүртсэн америк эрдэмтэн Жак Уэторфордын судлан бичсэнээр АНУ-ыг үүсгэн байгуулсан удирдагчид болон Жон Адамс, Томас Жефферсон нарын хүмүүс Чингис хаан, түүний засаглалын талаар судалж байсан байж болох баримтууд байгаа ба Жон Адамсаас Томас Жефферсонд 1812 оны зургадугаар сарын 28-ны өдөр бичсэн америкийн уугуул иргэдийн шашин, түүхийн талаар “индиануудын итгэл, бишрэл”-ийн тухай бичсэн 1812 оны зургадугаар сарын 28-ны өдрийн захидалд индианууд нь Азиас эсвэл Шотландаас нүүдэллэн ирсэн байж болно гэсэн дүгнэлт хийсэн үндэслэлээ захидал бичигч эрхэм Жон Адамс Чингис хааны армийн довтолгооны арга тактикийн нэг болох уухайтай индиануудын уухай дуудлага адилхан байгаатай холбон тайлбарласан байдаг нь анхаарал татах баримт яах аргагүй мөн. Оросын судлаачдын бүтээлд индианчуудын өвөг дээдэс Сибириэс гаралтай гэж үздэг нь түгээмэл байдаг.
Эртний Америкийн уугуул иргэдийн соёл иргэншлийн гарал үүсэл үргэлж маргаантай байсаар ирсэн бөгөөд археологийн шинэ баримтуудыг судлах, майячуудын өвөг дээдэс монголтой холбоотой байж болох тухай таамаг хувилбар бол судлаачдаа хүлээж байгаа том ажил, том сэдэв. Ийм өргөн хүрээтэй агуулга руу хөтөлж байгаагаараа зохиолч орчуулагч Норовын Пүрэвдагва, түүхч Санждоржийн Туяа нарын “Майя нарын зөн билэг” бүтээлийн үнэ цэн оршиж байна гэж “Бадрангуй урлаг” ТББ-ынхан үзэж, уншигчдадаа хүргэхэд хамтран ажиллав.
Ирээдүйд юу болох вэ гэдгийг урьдчилан хэлсэн майячуудын зөн билэг үргэлжид дэлхий дахинаа сая сая хүмүүсийн анхаарал сонирхлыг татсаар ирсэн ч, түүнээс илүүтэйгээр өнгөрсөнд ямар байсныг өнөөдөртэй харьцуулан судалснаар ирээдүйд юу болох вэ гэдгийг таамаглах боломж бий болдог учраас энэ номыг өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бүтээл гэж хэлж болно.
Энэхүү бүтээлийн хэвлэгдэн гарахаас өмнө цаг гарган уншиж, бүтээлийн чанар чансааг сайжруулахад оюун бодлоо уралдуулан дэмжсэн Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Болд, “Жиком Пресс” хэвлэлийн газрын захирал, доктор Д.Ганболд нарт “Бадрангуй урлаг” төрийн бус байгуулагын бичил хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)