ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандр агсны хүндэтгэлийн хөшөөг Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жагсаалын талбайд байрлуулж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон хамтран ажиллаж байсан үе үеийн хилчид мөн тус ангийн бие бүрэлдэхүүн цэцэг өргөлөө. Мөн тус ангийг түүний нэрэмжит болгосон юм. Чогын Сандр нь ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургууль, ЗХУ-д Хилийн цэргийн дээд курс, 1982-1985 онд Москва хотод М.Фрунзийн нэрэмжит цэргийн академийг төгссөн байна.  Тэрбээр их сургуулиа төгсөж ирээд 0131 дүгээр ангид байлдааны бэлтгэл хариуцсан офицер, 1976-1979 онд Говь-Алтай аймгийн 0214 дүгээр ангид Хилийн албаны нэгдүгээр тасгийн дарга, 0131 дүгээр ангийн захирагч, хожим 1990-1994 онд Улсыг аюулаас хамгаалах газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн даргаар ажиллаж байжээ.

 

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийг Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит болгосон батламжийг ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Б.Батхүү тус ангийн захирагч, дэд хурандаа Л.Амарсанаад гардууллаа. 

Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын хүндэтгэлийн хөшөөний нээлтийн туузыг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Б.Батхүү, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Л.Амарсанаа болон хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын гэргий С.Даваа, том хүү нар хайчилсан юм.

 

Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандр агсны гэргий С.Даваа талархал илэрхийлж сэтгэлийн үгээ хэллээ.

Эх сурвалж www.zms.mn