Ц.БАЯР

“Органик мах Хөвсгөл Экспо-2023” үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 12,13 ны өдрүүдэд болж буй уг үзэсгэлэн худалдааны гол зорилго Хөвсгөл аймаг органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2030 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн таван хувийг органик батагаажуулалтад хамруулах боломжтой гэж үзсэн. Иймээс  2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарлажээ. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулах цогц арга хэмжээ нь “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөг юм.

 

Хөвсгөлийн алдарт эрчмийн ямааны боодог амсаж, дархадын өрөм идэж, мөрөнгийн шийгау амтлав

“Эсгий туургантан” төслийг санаачлагч, ерөнхий продюссер М.Галхүү

Өдөрлөгөөр олон сонирхолтой арга хэмжээ болсны нэг нь “Эсгий туургантан” төслийг  санаачлагч, ерөнхий продюссер М.Галхүү эрчмийн үүлдрийн ямаагаар хийсэн боодгоороо зочдыг дайлж амтлууллаа. Тэрбээр “Монгол орныхоо хоолыг судалж 11 жил ажиллалаа. Баруун бүсийн аймагт ажиллаж ирээд Хөвсгөл аймагт энэ өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Монгол үндэсний хоол нарийн учир жаяг, хийцтэй монгол хүний биед зохицсон байдаг”  гэж ярьсан байна.            

Өдөрлөгийг Хөвсгөл аймгийн Стандарт хэмжилзүйн газар, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, сумдын Засаг даргын тамгын газар, “Шинэ Мөрөн” худалдааны төв, МҮХАҮТ-ын Хөвсгөл дэх салбар,  “Чинээлэг малчин” хөтөлбөр, Хөвсгөл таван эрдэнэ”  ХХК, “Хүнс хөдөө аж ахуйн хөгжлийн нэгдэл” ТББ зэрэг байгууллага, хамт олон  хамтран зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин П.Батхишиг

Мөн өдөрлөгт эрчмийн хар ямааны сүүн баялаг, амталж, хатаасан борц, нөөшилсөн мах махан бүтэгдэхүүн, нутаг нутгийн цагаан иднээ, эсгий, арьс, ноосон гар урлал, эдлэл, сур, дээс, хонь ямааны арьсан эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, худалдаалсан нь олны сонирхол хэрэгцээг татсан байна. Энэ үеэр өдөртлөгт оролцогчдын нэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин П.Батхишиг ярихдаа “ Суран эдлэл хийх аргыг хөгшин ааваасаа сурсан. Энэ өдөрлөгт  10 гаруй төрлийн эд хэрэглэлтэй оролцож байна. Дан гар аргаар үйлдвэрлээд долоон  жил болж байна. Жилд арваад үхрийн шир бэлтгэж эд хэрэглэл хийдэг. Нэг үхрийн ширийг сар гаруй хугацаанд элдэж бүтээгдэхүүн гаргадаг болохоор тийм ч амар ажил биш. Бугуйл 120 мянга хазаар 35-79 мянга, даруулга, олом 45-60 мянга бол  ташуур 25 мянган  төгрөгний үнэ ханштай байна.  Хотоос хөдөөнөөс захиалга авч хийдэг. Онцлог нь миний бүтээгдэхүүн эдэлгээ сайтай” гэсэн юм. Түүнчлэн уг үзэсгэлэнд  өөрсдийн хийсэн  бүтээгдэхүүнээр оролцож буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм.

 

Гурван-Эрдэнэ сургуулийн бага ангийн багш Э.Тэгшжаргал: Зуны амралтын хугацаанд тарвас тарьж  10 тонныг  хураан авлаа

Ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ хүнтэй хамт хүнсний ногоо тариад дөрөв дэх жилдээ орж байна. Монгол сармис тариалж эхэлсэн бол одоо таван төрлийн хүнсний ногоо тарьж, борлуулж байна. Энэ жил анх удаа тарвасаа  хураагаад баяртай байна. Зуныхаа амралтын гурван сарын хугацаанд 50 сот газарт тарвас тарьж 10 орчим тн тарвас хурааж авлаа. Нэг кг-ыг нь 2000 төгрөгөөр зарж байна. Энэ жил ургац сайтай, бид ч ажилтай, орлоготой сайхан байна.  Ер нь санаачилж, ажиллаж хийж чадвал бидэнд боломж байна. Хичээлээ зааж ирчхээд амжвал талбайдаа ажиллана. Эсвэл амралтын өдрөөр ажиллана. Одоо ч сайн сурч байна.  

 

Мөрөн сумын Улсын аварга ногоочин М.Гантөмөр: Голландын сортын үр тариаллаа

 “Шинэ хөдөө” төслөөс хоёр хүлэмжийг зээлээр авч Голландын дээд зэргийн сортын үр тариаллаа. Өөр өөр сортын улаанлоолын  ургацаа хураагаад байж байна. Шар хулуу, борокли, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван  гээд 20 гаруй төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байна. Мөрөнгийн төвөө тойроод 10 гаруй га талбайд ногоо тариад 10 дахь жилдээ золгож байна. Нэг  га-аас 25 тн, жилдээ 150-160 тн  ногоо хураадаг. 2022 онд гурван хувийн хөнгөлөлттэй зээл авч үрээ шинэчилж, тоног төхөөрөмжөө сайжрууллаа. Хүлэмжиндээ хураана, шууд борлуулна, бас хүүхдийн цэцэрлэгүүдэд өгдөг. Энэ жил ургац сайн байлаа. Одоо их хураалт эхэлнэ.  

 

Эрдэнэбулган сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч  Я.Сүхболд:  Жилд 400-500 арьс элдэх боломжтой жижиг цех ажиллуулдаг

 

-Түйсэн сав, манай эцэг эх өвөг дээдсүүд хийдэг байсан. Хонины арьс их хаягдаж байна. Хонь, тарваганы арьсаар эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Хүмүүс хаяж байхаар авчирч өгч элдүүлж болно. Нэг хонины арьсыг 2000 төгрөгөөр элдэж байна. Жилд 400-500 арьс элдэх боломжтой жижиг цех ажиллуулдаг. Хуучин арга болох гангаар элдэхээр хүмүүс үнэр танар гээд бас голох маягтай болохоор үйлдвэрийн аргаар хийж байна. Сая сумаасаа, бас Булганы Хутаг-Өндөр дэх “Мах маркет” компаниас хонь, ямааны арьс авч элдэж, суудлын бүрээс, олбог, дээлийн дотор зэрэг бүтээгдэхүүн хийж байна.

Эх сурвалж: www.zms.mn