Т.САЙХАН
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр "Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрт үүсээд буй гацааг хэрхэн арилгах, цаашид тухайн ажлыг яаж хэвийн үргэлжлүүлэх талаар шийдвэр гарлаа. Тус үйлдвэрийг барих анхны санхүүжилт 2016 онд Энэтхэгийн талаас нэг тэрбум ам.доллар өгөхөөр амлаж байснаар эхэлж байсан. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-аар нэг тэрбум 236 сая ам.доллар буюу яг ТЭЗҮ-ийнх нь дагуу зээлийг баталсан. Цар тахлын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын хувьд удааширсан. Энэ оны нэгдүгээр сар гэхэд нэг тэрбум 236 сая ам.доллароос дөнгөж 112 сая ам.долларыг л манай тал авч хэрэглэсэн. Гэтэл гэрээний дагуу энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 64.5 сая ам.доллар төлөхөөр болоод байсан юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт урагшлах боломжгүй нөхцөлд хүрсэн. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар Энэтхэг улсын Экзим банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Ингэсний үр дүнд гэрээний өөрчлөлтөө амжилттай хийж чадсан. EPC-1, 2, 3, 4 гээд бүгд тусдаа гэрээ хийсэн. Тус тусдаа зэрэг санхүүжилт авах боломж бүрдсэн. EPC-4 гээд тодорхойгүй байсан хэсэг дээр одоо батлагдсан 236 сая ам.долларын хэмжээнд гэрээ хийж, ажлыг нь цааш үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа" хэмээв.
Эх сурвалж:www.polit.mn