П.АМГАЛАН

 

Дэлхий дээр хэдэн тэрбум хүн амьдардаг ч бүгд өөрийн гэсэн үзэл бодол,  хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маягтай. Гэхдээ бүгд  эрх тэгш сурч хөгжих, ажил хөдөлмөр эрхлэх эрх, үүрэгтэй.

Үүнийг ч Монгол Улс Үндсэн хуулиндаа тусгасан байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах “Салхич шувуу” төвийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн шинэчилсэн найруулгын 144  дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн тухай хэрхэн тусгасан байдаг, хуулийн хэрэгжилтийн талаарх цуврал нийтлэлээ хүргэж байна. Нийтлэлийнхээ эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 144  дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар  хэрхэн тусгасан байдгийг хүргэе.

144.1-д  Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар  хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй.


144.2-д Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай  аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа  дөрвөн хувиас доошгүй орон тоонд  хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна.


144.3 Аж ахуй нэгж, байгууллага энэ хуулийн  144.2-д зааснаар  хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй  тэнцүү байх бөгөөд  уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө.


144.4 Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах  зэргээр тэдний үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн  144.3-д заасан төлбөрөөс чөлөөлж, эсвэл хөнгөлж болно.


144.5-д Энэ хуулийн  144.3-д заасан  төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална. Энэ төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний  хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах бөгөөд  төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд  хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана.


144.6-д Ажил олгогчийн энэ хуулийн 144.1 заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр  хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хориглоно.


144.7-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр,  тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах  болон энэ хуульд заасан бусад хуульд заасан эрхийг хязшаарлах үндэслэл болохгүй.


144.8-д Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас, бүтэн бус цагаар  ажиллах  нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг

авна гэж найман заалтаар тусгасан байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 159 дугаар конвенцид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олох, ажлын байраа хадгалах, ахиж дэвших адил боломж олгох, тэгш хандах, тухайн ажил нь өөрийн сонголтод нийцэж, хувь хүний боломж чадварыг харгалзсан байх зэрэг нийтлэг хэм хэмжээг заасан байдаг. Түүнчлэн тус конвенцид мэргэжлийн нөхөн сэргээлтэд хамруулах, хөдөлмөрийн зах зээлд нээлттэй оролцуулах, хөдөлмөр эрхлэлт, нөхөн сэргээлтийн дэд бүтцийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын цагийг богиносгох, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг татвар, бусад төлбөрөөс чөлөөлөх, мэдээлэл хүргэх, тэднийг дэмжихэд чиглэсэн орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, багш нарыг бэлтгэх, давтан сургах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад зөвлөсөн байна.

 

Ажлын байрны тохируулга хийхэд санхүүгийн хүндрэл үүсдэг

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас холбогдох байгууллагуудтай хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд өнгөрсөн улсын хэмжээнд анх удаа судалгаа хийсэн байдаг.   Судалгааны хүрээнд  ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн таван  арга хэмжээнд хамрагдсан зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч, ААНБ, ТББ-уудаас 523 оролцогчдоос  ярилцлагын аргаар судалгаа авсан байна. Тодруулбал,  тусгай хэрэгцээт 357 иргэн, 70 төрийн бус байгууллага, 81 компани, бусад гэсэн зохион байгуулалтаар судалгаа авчээ. Уг судалгаагаар тухайн байгууллагад ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл ханамжийг үнэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй мөнгө төлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын шалтгааныг тодруулан гаргасан байна. ХБИ-ийн ажиллаж байгаа ажлын байрны нэр төрөл, чиглэлийг үзвэл хамгийн их буюу 46 хувь нь оёдол, эсгүүр, гагнуур, гар урлалын салбарт ажиллаж байна. Харин 12 хувь нь дугуй засвар, засварын үйлчилгээ,үсчин, гоо сайхан, маникур, бариа засал, хоол үйлдвэрлэл, цагаан идээ, махны чиглэлд ажил эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ. Харин хөдөлмөрийн биржийн зуучлагч, менежер, график дизайн, теллер гэсэн чиглэлд  зургаан  хувь нь ажиллаж байна.

Харин хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ХБИ-ийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байгаа шалтгааны талаар ХБИ-тэй ярилцахад үйлдвэрлэлийн түүхий эд, материалын үнэ нэмэгдсэн нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд хүндээр тусч үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн тохиолдлууд их байна. Харин аж ахуй, нэгж байгууллагуудад ХБИ-ийг ажиллуулахын тулд ажлын байрны тохируулга хийхэд санхүүгийн болон тэдэнд зориулсан техник, багаж хэрэгсэл байхгүй зэрэг асуудал үүсдэг аж.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 115.100 гаруй тусгай хэрэгцээт иргэн байна.  Харин өнгөрсөн оны байдлаар төрийн албанд 2113 тусгай хэрэгцээт иргэн ажил эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ. Жишээлбэл, нийт тусгай хэрэгцээт иргэдийн төрийн албан хаагчдын 1280 буюу 59.6 хувь нь эмэгтэй байна. Нийт эмэгтэй албан хаагч нараас удирдах албан тушаалд 61 буюу 4.7 хувь, гүйцэтгэх албан тушаалд 832 буюу 65 хувь, туслах албан тушаалд 387 буюу 30.2 хувь нь ажиллаж байна. Харин яамдад  нийт 1582 хүн ажиллаж байгаагийн 25 нь тусгай хэрэгцээт иргэд байна. Энэ нь ажиллавал зохих нийт дүнгийн 36 хувь нь гэсэн үг.  Харин яамны харьяа салбаруудад  236 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд үүний  4136 нь тусгай хэрэгцээт иргэд байна. Энэ нь  нийт ажиллавал зохих иргэдийн 50 хувь байна гэсэн судалгаа гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)