Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаагийн дугаартаа УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулгыг урьсан юм. Түүний хувьд ОХУ-ын Театр урлагийн сургуулийг төгсөж ирээд, жилийн өмнө театрын найруулагчаар томилогдож, алдарт “Макбет” дуурийг тайзнаа авчирсан юм. Харин энэ жилийн хувьд театрынхаа түүхт 60 жилийн ойн арга хэмжээний ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

 

ЭНЭ ЖИЛИЙН ҮЗВЭРИЙН ХӨШГӨӨ “КАРМЕН” ДУУРИАР НЭЭНЭ

-Монголын театрын урлаг 60 настайгаа золголоо. Ойн тоглолтоо гадаа талбайд хийж, хүн бүхэнд сонгодог урлагийн гайхамшгийг дэргэдээс нь мэдрэх боломжийг олгосон нь гайхалтай бэлэг болох шиг санагдсан?

-Бид түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд олон томоохон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Түүний эхлэл нь өнгөрсөн ням гарагт Сүхбаатарын талбайд болсон “Сонгодог жаран” гала тоглолт байсан юм. Үүний дараа бид аравдугаар сард хүндэтгэлийн гала концерт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү тоглолтдоо УДБЭТ-ын 60 жилийн түүхийг бичилцсэн ахмад уран бүтээлчидтэйгээ хамтарч, тэднийгээ алтан тайзан дээр нь урьж дуулуулна. Заримыг нь хүндэтгэлийн суудалд зална. Тэгэхээр энэ үдэш ахмад болон залуу үеийнхэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, дурсамж хүүрнэсэн гайхалтай өдөр болно гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна 60 жилийн тухай ном, сэтгүүл, баримтат кино, дурсгалын энгэрийн тэмдэг хийнэ гээд төлөвлөсөн ажил олон бий.

-Дэлхийн алдартай театруудад урилгаар дуулдаг, хоолойн цар хүрээ, авьяас билэг нь бялхсан дуучдын уран бүтээлийг задгай талбайд суугаад сонсох нь үзэгч миний хувьд сайхан мэдрэмж байсан. Магадгүй тэр бүр олдоод байхгүй аз, завшаан байх?

-Би театрт ирээд жил гаруй болж байна. Өмнөх тоглолтуудыг ажаад байхад үзэгчид бараг үзэлгүйгээр мэддэг болчихсон, хэтэрхий ойр, олон давтамжтай байх нь бий. Мөн үзэгчид энэ дуурийн гол дүрд тэр л дуучин дуулна гээд мэдчихсэн байх нь элбэг. Тэгвэл энэ удаагийн тоглолт арай өөр байлаа. Мэдээж 60 жилийн турш тоглогдсон дуурь, балетаасаа сорчилсон. Гэхдээ ямар ямар номерууд гаргах вэ гэдгээ нэлээд бодож, ярилцсан. Жишээлбэл, тоглолт бүрийг “Таравиатта” дуурийн алдарт хундагын дуугаар хаадаг байсан бол үүнээс өөр ямар дуу дуулах боломжтой юм, ямар үзүүлбэрээр нээж болох уу зэрэг нэлээд өөр, шинэлэг, өвөрмөц байдлыг шигтгэснээр үзэгчдэд илүү таалагдсан болов уу.

-Мэдээж тоглолтын оргил нь өнөөдөр дуурийн театрын өнөөгийн өнгийг тодорхойлж, ачааны хүндийг үүрч яваа алтан хоолойтнууд байлаа?

-Энэ цаг үед УДБЭТ-т 28 гоцлол дуучин бий. Тэгэхээр таны хэлдгээр энэ цагийн өнгө төрхийг тодорхойлж яваа тэдгээр дуучдынхаа нэгийг ч үлдээлгүйгээр тоглолтдоо оролцуулахыг зорьсон. Энэ л хамгийн том даалгавар байлаа. Учир нь 28 дуучин гарч ирээд том дуурийн ариг дуулна гэдэг чинь үнэндээ хоёр өдрийн тоглолттой дүйцэх хэмжээний цаг хугацааг шаардана. Тиймээс хэрхэн багтааж болох вэ. Гоцлол байх уу, хослон дуулах уу гээд олон найруулга, зохицуулалтын ажлыг хийсэн.

-Дуурийн театр маань нэгэн жарныг амжилттай туулж, өдгөө 61 дэх улирлын нээлт буюу дахин нэг түүхийн хуудсыг эхлүүлэх гэж байна. Мэдээж үүнд ач холбогдол өгөх ёстой?

-Бид 61 дэх жилийн үзвэрийн нээлтээ энэ сарын 30 болон аравдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байна. Нээлтээ хийхээс өмнө эхлээд 60 дахь улирлынхаа тэмдэглэлт үйл ажиллагааг хийж дуусгах гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч Үндэсний урлагийн их театр засварт орсны улмаас манай тайзан дээр тоглолтуудаа хийсэн зэрэг шалтгаанаас болоод жаахан хойшилсон тал бий. Гэхдээ бид төлөвсөн хугацаагаа барихаар хурдтай ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд үзвэрийн хөшгөө “Кармен” дууриар нээнэ. Удирдаачаа гаднаас урьсан. Хэн болохыг нь тухайн цаг үед нь зарлана. Мөн энэ жилийн хувьд манай уран бүтээлчид илүү том даацтай, дэлхийн хэмжээний гранд опера бүтээлүүдэд хүч сорино. Учир нь 60 жилийн түүхтэй театр гэдэг өөрийн арга барил, ур чадвар болоод дуучид нь өндөр бэлтгэлтэй байх учиртай. Үүнээс гадна энэ жил манай Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин, сурган хүмүүжүүлэгч Д.Банди агсны 90 насны ой тохиох юм. Энэ эрхэм хүмүүний үе үеийн шавь нар өдгөө манай театрт ажиллаж байна. Тиймээс уран бүтээлүүдээ эрхэм багшаа дурсах, алдаршуулах зэрэг олон үйл ажиллагаанд чиглүүлнэ.

-“Кармен” бол монголчуудын сайн мэддэг, манай зарим дуучдын нэрийн хуудас болсон дуурь. Хамгийн сүүлд гоцлол дуучин Б.Энхнаранг дуулж байхад нь үзсэнээ тод санаж байна. Харин энэ удаад ерөнхий найруулагч хэнийг “онилсон” бол гэдэг нь сонирхол татаад байх юм?

-Манай театрт миний бие болон надтай хамт сургууль төгссөн Мэндбаяр гээд найруулагч бий. Бидний хувьд театртаа буцаж ирээд юуг чухалчилж, ажил хэрэг болгож байна вэ гэвэл дуурь бүрийн өмнө театр дотроо сонсгол хийж байна. Тус дуурьт дуулах хүсэлтэй хүн бүрт нээлттэйгээр. Ингээд сонсож байгаад дуучнаа сонгоно. Тиймээс “Кармен” дуурийн сонсголыг удахгүй зарлана. Энэ сонсголоос хэн дуулах нь тодорхой болох байх. Найруулагч дүрээ хуваарилахдаа дуучиндаа “Та өмнө нь энэ дуурьт дуулчихсан, одоо дахин дуулуулахгүй” гэж хандаж болохгүй. Үнэхээр тэр дуучин сайн байгаа бол хэдэн удаа дуулах нь нээлттэй  байх ёстой. Ачааллаа даагаад, бэлтгэлээ сайн хийвэл 61 дэх улирлын турш ч тухайн дуурьт дуулах боломжийг нь олгодог системд шилжих нь шударга, зүйтэй гэж бодож байна. Тиймээс энэхүү сонсголыг хийж заншина. УДБЭТ өөрөө сонгодог урлагийн үнэнч үзэгчдэд зориулагдсан үйлчилгээний байгууллага шүү дээ. Байгууллага үйлчлүүлэгчээ татахын тулд хамгийн эхэнд чанарыг эрхэмлэдэг. Манай театр ч энэ зарчмын дагуу ажиллах ёстой.

 

УДБЭТ-ЫН ГОЦЛОЛ ДУУНЫ АНГИЙН БОСГО ӨНДӨР БАЙХ УЧИРТАЙ

 

-Өнөөдөр тус театр 28 гоцлол дуучинтай гэж та онцоллоо. Энэ үнэхээр ханасан тоо мөн үү?

-Үүнийг онцлохын тулд дахиад л чанар яригдана. Жишээлбэл, 28 дотроос 20 нь яг чанартай ажлаа хийдэг, гэтэл найм нь жаахан хангалтгүй байж болно шүү дээ. Тиймээс энэ тоог би нэлээд өндөр орон тоо гэж харж байгаа. Учир нь УДБЭТ-ын гоцлол дууны ангийн босго өндөр байх учиртай. Үүнийг дагаад дуучдын ур чадвар ч дэлхийн хэмжээнд яригдана. Тиймээс энэ жил нэлээд олон жил тасарчихаад байгаа атестатчилал оруулахаар болсон. Магадгүй шалгалтын дараа уран бүтээлчдийн дунд баярлах, гомдох гээд олон асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол Монголын сонгодог урлагийн хөгжлийн төлөө хийх ёстой алхмын нэг. Өнөөдөр дэлхийн сор болсон театруудын тайзнаа манай баргил хоолойтнууд олноороо дуулах боллоо. Энэ үед манай театрыг харах, бодол харцаа илгээх гадны театрууд байна. Тэд “Монголд яагаад ийм хоолойтнууд төрөөд байна вэ”, “Ямар школ вэ” гээд сонирхдог. Тиймээс энэхүү хүлээлтийн араас манай гоцлол дуучид уран бүтээлээ нэлээд чанарын өндөр түвшинд хүргэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.

-Сонгодог урлагийн энэ түүхэн цаг хугацаанд театрын хамгийн хариуцлагатай ажил болох ерөнхий найруулагчийн албыг та хашиж байна. Энэ бол хэн бүхэнд заяахгүй ховорхон хувь тавилан болов уу?

-Уран бүтээлч миний хувьд үнэхээр дахин тохиохгүй ховорхон болоод хариуцлагатай үе тохиож байна. Тиймээс энэ цаг хугацаандаа театрынхаа төлөө өөрийн чадах бүхнээ зориулж илүү тогтвортой, тэнцвэртэй, өгөөжтэй, сайн уран бүтээл хийхийн төлөө хөдөлмөрлөх болно. Би нэг үгийг их хэлэх дуртай. Тэр нь “Уран бүтээлч бид үзэгчидтэйгээ цуг хөгжинө” гэсэн үг. Зарим хүнд уран бүтээлчдийн сэтгэлгээ хөгжихөд үзэгчдийн сэтгэлгээ дагана гэсэн буруу ойлголт байдаг. Уг нь үзэгчид биднээс илүү зүйл хүсэх тусам уран бүтээлчид хөгжих ёстой. Тиймээс үзэгчдийнхээ хүсэл сонирхол дээр тулгуурлаж, уран бүтээлээ хийнэ гэсэн хэтийн бодол бий. Театрт маань мундаг дуучдаас гадна хоёр сайхан залуу найруулагч байна. Энэхүү уран бүтээлчдийн нөөц бололцоог ашиглаад, үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, чанартай уран бүтээл хийх нь бидний туйлын зорилгын нэг.  

-Ц.Түвшинтөгс захирал ажлаа хүлээлгэж өгсөн. Одоогоор театр албан ёсны даргагүй буюу түр орлон гүйцэтгэгчийн удирдлагатай байгаа. Ямар ч байсан 60 жилийн ойг дуусахаас өмнө албан ёсны шинэ даргын нэр сонсогдохгүй нь бололтой?

-Одоогоор УДБЭТ-ын даргын үүрэгт ажлыг Уран зургийн галерейн дарга Б.Сарантуяа хавсран гүйцэтгэж байна. Менежмент, удирдлагын хувьд туршлагатай хүн. Уран бүтээлийн хувьд ч шаардлага өндөр байна. Энэ арга барил нь ч зөв гэж бодож байна. Тиймээс миний хувьд нэлээд ээдрээтэй цаг үед ерөнхий найруулагчийн үүрэгт ажлыг хүлээж авлаа. Үнэндээ энэ 60 жилийн ойн тоглолт, арга хэмжээнүүд намайг сорьж байна гэж хэлж болно. Гэхдээ театрын урлагтаа хайртай, уран бүтээлчдийнхээ хичээл зүтгэлээр бид цаашдаа илүү ихийг хийхийн төлөө хамтдаа хичээх болно.

-Та өмнө нь 10 гаруй жил театртаа найрал дуучнаар ажилласан. Тиймээс энэ хамт олныг хамгийн сайн мэдэх байх. Тэгвэл хэсэг хугацааны дараа эргээд ирэхэд театрын дотоод уур амьсгал хэрхэн өөрчлөгдсөн санагдав?

-Миний хувьд найрал дуучнаар ажиллаж байхдаа зөвхөн уран бүтээлээ хийхээс бусдаар бодлого, удирдлагын түвшинд оролцоо бага байсан. Харин эргээд ирэхдээ арай өөр албан тушаалд буусан. Мэдээж өмнө нь алдаа оноо байсан л байх. Гэхдээ тэр бүхнийг дурсамж болгоод ардаа орхих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Харин энэ цаг үед манай театрын тухай цахим ертөнцөөр эерэг, сөрөг, шүүлтүүргүй олон мэдээлэл цацагдлаа. Үнэхээр бидэнд дутагдал байгаа бол түүнийгээ одоо засаад урагшилъя. Харин ололт амжилт нь арвин бол улам бататгаад хичээцгээе гэсэн бодолтой ажиллаж байна.

-10 жил ажилласан театртаа удирдах албан тушаалтан болоод ирэхэд хамт олон хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг үнэндээ одоо ч би дасаж өгөхгүй их эвгүй байдаг шүү. Учир нь хамт ажиллаж байсан найзууд, ах эгч нар минь одоо ч дуучнаа хийгээд байж л байна. Зарим үед тэдэнтэйгээ ажлын цагаар анд нөхдийн журмаар харилцчих гээд байгаа тал бий. Гэхдээ мэдээж ажил амьдралаа салгадаг байх нь чухал. Ажлын цагаар уран бүтээлийн шаардлагаа тавина. Харин театраас гараад явахаараа сайхан нөхөрлөл минь хэвээрээ үргэлжилдэг.

-Та дөнгөж найруулагчийн ажлаа авчихаад нэгэн хэвлэлд жаахан айдас байна гэж ярилцлага өгснийг уншлаа. Одоо тэр айдас алга болсон уу?

-Ерөнхийдөө энэ хугацаанд хоёр уран бүтээл дээр ажиллахад тэр мэдрэмж өөр болж эхэлдэг юм байна. Найз нөхөд маань ч ажил амьдралын ялгаагаа мэддэг болчихсон. Энэ харилцаагаа л сайн барих хэрэгтэй гэдгийг ойлгосон. Уран бүтээлд найзын харилцаагаар хандах юм бол л буруудна. Энэ тухай Л.Эрдэнэбулган багш минь ч захидаг байсан. Нэг удаа “Чамд театртаа ирээд найруулагчаар ажиллахад хэцүү байна. Зарим үед уурламаар үе олон гарна. Гэхдээ тухайн уран бүтээлч тайзан дээр чиний хүссэнийг гаргаад байвал чи эвийг нь олохоос өөр замгүй. Түүнээс энэ надтай таардаггүй юм гэж хувийн араншингаар хандаж болохгүй. Найруулагч хүн цаг ямагт ягаан театр, уран бүтээлээ л бодох ёстой. Үүний дараа л чиний эрх ашиг яригдана” гэж байсан юм. Өдгөө багшийнхаа хэлсэн энэ захиасыг л санаж явахсан гэж хичээж байна.

-Таныг шууд ерөнхий найруулагчаар томилсон юм уу. Яамнаас ямар нэгэн санал асуугаагүй юу?

-Найруулагч Мэндбаяр бид хоёрын туршилтын хугацааны тушаал яг нэг өдөр гарсан. Туршилтын гурван сар яваад үндсэн ажилтан болсон. Ингээд шинэ жилийн дараа нэгдүгээр сарын эхээр удирдлагын зүгээс над дээр Ерөнхий найруулагчаар туршилтын гурван сарын хугацаа өглөө гэсэн томилгоо явагдсан. Надаас ямар нэгэн санал асуугаагүй. Энэ л миний хувьд их том айдас байсан. Учир нь адилхан хоёр найруулагч бол ажил үүргээ тэнцүү гүйцэтгээд явчихна. Харин ерөнхий найруулагч гэдэг илүү бодлогын хэмжээнд ажиллах хариуцлагатай алба. Анх энэ тушаалыг сонсоод “Ямар ч байсан би хийгээд үзье. Болохгүй бол больж болно шүү дээ” гэж өөртөө хэлж байлаа. Ингээд “Макбет” жүжгийг хийж байх үед ерөнхий найруулагчийн тушаал гарсан.     

-Нэг хэсэг театр ерөнхий найруулагчгүй цаг хугацааг туулсан. Гэтэл гэнэт С.Баттулга найруулагч “Макбет” дуурийг тавих тухай мэдээлэл цацагдсан. Мэдээж энэ бүтээл дэлхийн хэмжээний том дуурь. Шинэхэн найруулагчийн хувьд эрсдэлээс айгаагүй юу?

-Энэ дуурийг сонгох болсон шалтгаан нь өөрөө их сонин хувь тохиол. Би ОХУ-д ГИТИС буюу Театр урлагийн их сургуульд сурч байх хугацаандаа “Макбет” дуурьтай танилцах боломж олдсон юм. Тухайн үед курсын ажлаараа тус дуурийн нэгдүгээр  үзэгдлийн том дуэтийг найруулах болсон. Миний тавьсан тэр дуэтийн тухай Ж.Верди өөрөө “Энэ дуурийг тавихад энэ дуэт л алга болох юм бол дуурь биш” гэж хэлсэн үг нь бий. Ингээд багшдаа шалгуултал сайн үнэлгээ авч, урамшиж байсан удаатай. Энэ үеэс би “Макбет”-д дурласан. Үнэхээр хөгжим, сужет нь гайхалтай. Найруулагчийн хувьд ч дуурь судлах, сонирхох, хийхэд мөлжүүр ихтэй гэх үү дээ. Ингээд эх орондоо ирээд дипломны ажлаа хийж байтал сургуулиас багш холбогдоод “Залуу найруулагч нарын олон улсын уралдаанд Макбет дууриар оролцооч” гэсэн санал тавьсан. Тэрхүү уралдаанд оролцоод, шилдэг найман бүтээлийн нэгээр шалгарсан түүхтэй. Ингээд сургуулиа төгсөөд эх орондоо ирлээ. Гэтэл хөгжмийн сургуулиас хамтран ажиллах санал тавиад тоглох боломжтой дууриудын дунд нь дахиад л “Макбет” дуурь явж байсан. Тэр үед үнэхээр хүний хүсэл мөрөөдөл биелдэг юм байна гэсэн бодол төрж билээ. Тиймээс эргэлзэх шалтгаангүйгээр энэ дуурийг сонгосон доо.

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СОНГОДОГ БҮТЭЭЛ АЛГА

Caption

-Би нээлтийн тоглолт үзсэн. Тухайн үед таныг өөртөө нэлээд өндөр босго тавьчихлаа гэсэн бодол төрсөн. Мэдээж үзэгчид таны дараа дараагийн уран бүтээлийг “Макбет”-тай харьцуулна?

-Таны хэлдгээр мэдээж том дуурь. Яг үнэндээ үзэгчид дараа дараагийн уран бүтээлд өндөр хүлээлт тавих болов уу гэхээс эмээж л байна. Гэхдээ нэгэнт л уран бүтээлчийн замналыг сонгосон учраас хичээх болно. Гэхдээ дараа дараагийн бүтээлийг хийхдээ үзэгчдийн эрэлт хэрэгцээнд голчилно гэсэн бодол байна. Ялангуяа одоогоор хүүхдэд зориулсан сонгодог бүтээл алга. Мөн залуучуудад зориулсан дуурь балет хэр билээ. Энэ мэт судалгааны ажлуудыг хийсний дараа шинэ бүтээлийн ажил эхлэх байх.

-“Макбет”-аас хамгийн их таа­лагд­сан зүйлээ онцлоход эхлээд тайз. Сонгодог тайз тийм өөр, орчин үеийн байж болдгийг хараад О.Баярмагнай зураачийн чадвар болоод мэдрэмжээр бахархаж суусан шүү?

-Манай теартын урлагт мэргэшсэн зураач гэвэл О.Баярмагнай байна. “Макбет” жүжигт өөрийн зургийн багтайгаа ирж ажилласан. Түүний хувьд нэг бүтээлд орохоороо түүгээрээ “өвчилж”, амьдарч чаддаг хүн. Хэдийгээр авьяас гэж байдаг ч ажлаа төгс хийж гүйцэтгэхэд сэтгэл хамгийн чухал гэдгийг О.Баярмагнай зу­раа­чаас харж болно. Үнэхээр сон­го­дог урлагийн тайз засалтыг шинэ түв­шинд авчирсан гэж онцолмоор байна.

-Театрын урлагт тайзны зураач ямар чухал юм бэ гэдгийг “Сычуаны сайн хүн” болон “Макбет” дуурь харууллаа. Дэлхийн театрууд ч тайзны ажилд компьютер графикийг түлхүү ашиглах болсон. Гэтэл тэдгээр шийдлийг авчирахад манай хөгжим техник чанарын шаардага хангахаар байгаа юу?

-“Макбет” жүжиг өөрөө хар бараан тайзны шийдэлтэй учир энэ удаад аргалаад аль болох болох талаас нь л хийж гүйцэтгэсэн. Хэрэв хүүхэд залуучуудад зориулсан гэгээлэг бүтээл ороод ирвэл тун эвгүй. Манай театрын гэрэл техник их олон жил болсон, шинэчлэл хийгдээгүй удсан учир хүссэнээрээ ашиглахад хэцүү. Гэтэл үзэгчид биднээс дэлхийн хэмжээний уран бүтээл хүсээд байдаг. Түүнийг гүйцэлдүүлэхэд техник технологийн шинэчлэл яаралтай хэрэгтэй байна.     

-Дуурь дуурийн оргил нь агуу Ж.Верди шүү дээ. Түүний тансаг аялгуу, хөгжмийн торгон мэдрэмж танд юу бодогдуулдаг вэ?

-Хүн бүхэнд хөгжмийн мэдрэмж гэж бий. Түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалаад уран бүтээл төрнө. Хөгжим өөрөө драматургитай. Тиймээс хөгжмийн театрын найруулагч хүн мэдрэмжээс гадна өндөр мэдлэгтэй байх нь чухал. Хөгжмийг зөвхөн чихээрээ сонсоод гоё юм байна гэсэн догдлолоор уран бүтээл хийж болохгүй. Мэргэжлийн хувьд олон талаас нь судалдаг, ойлгодог байх нь чухал. Жишээлбэл “Макбет” гэхэд л драмын жүжиг нь байдаг шүү дээ. Тэгвэл дуурь болохоороо юугаараа ялгаатай вэ. Цомнол болгоход хэдэн дүр нь хасагдаж байна вэ. Ямар учраас тэдгээр дүр шааррдлагагүй гэж үзэв. Яагаад нэг дүр дээр тулгуурлаж, энэ хөгжмийг бичсэн бэ гээд их судалгаанд тулгуурлаж хийх бүтээлээ сонгох нь зөв. Ж.Верди бол зүгээр нэг ноот бичихгүй. Бичсэн бүхнийх нь цаана характер нуугдаж байдгаараа онцлог. Манай үзэгчид ч дуурь үзэх бус дуурь сонсоно гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яагаад харахгүй сонсоод ойлгоод байна вэ гэвэл хөгжмийн драматурги тэнд байна гэсэн үг. Тиймээс дуурийн театрыг зорьж байгаа хүн драматурги ойлгодог байвал давуу талтай, тус бүтээлийг төгс ойлгоно.

-Сүүлийн жилүүдэд театр ихэнхдээ гаднаас удирдаач урих болсон. Жишээлбэл “Макбет”. “Кармен” дээр ч ялгаагүй гадаад хүн ирж дохино гэлээ. Манай театр удирдаачийн хомсдолд орчихсон юм уу?

-Удахгүй хоёр шинэ удирдаач сургуулиа төгсөөд ирнэ. Нэг нь энэ арванхоёрдугаар сард, нөгөөх нь ирэх тавдугаар сард төгсөх юм. Тэр үед дуурийн театр эзэнтэй болно гэж ойлгоорой. Гэхдээ монгол удирдаачид байсан ч бид гаднаас удирдаач урих нь зөв гэж боддог. Учир нь хөгжмийн театрт гадны удирдаач ирэхэд их том сургалт, хичээл болдог. Яагаад гэвэл удирдаач хүн палкаа аваад оркестрынхоо урд зогсоход л бүгдтэй нь ойлголцдог чадвартай. Хөгжим өөрөө дэлхий нийтийн хэл. Тиймээс гадны туршлагатай удирдаачдыг авчирна гэдэг дуучид болон хөгжимчдийнхөө мэдлэгт зориулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

-Энэ цаг үед Монголын мэргэжлийн урлагийн хоёр том театрт Э.Ёндоншарав, С.Баттулга гэсэн залуу найруулагчдын эрин үе эхэлж байна гээд хэлчихэд буруудахгүй байх. Та хоёрын хувьд хамт сурсан гэдэг бил үү?

-Бид амьдрал дээр ч сайхан найзууд. ОХУ-д нэг сургуульд хамт сурч байсан юм. Энэ хугацаандаа олон сайхан болоод хөгжилтэй дурсамжтай учирч явлаа. Хамтдаа түрээсийн байр хайгаад хулхидуулж ч явсан удаа бий. Орос гэдэг их хүн амтай том гүрэнд сайн болоод муутай нь ч таарч явсан. Монгол хүний итгэмтгий зангаар хамаг мөнгөө өгчихөөд хаачихаа мэдэхгүй сандарч явсан инээдтэй, сургамжтай үе ч байсан. Найз маань сургуулиа төгсч ирээд “Сычуаны сайн хүн” жүжгийг амжилттай найрууллаа. Адилхан уран бүтээлчийн, найзын хувьд анд нөхрөө хараад бахархаж суусан шүү.

 

ТЕАТРТ ЭРГЭЖ ИРЭХ ХАМГИЙН ТОМ ШАЛТГААНЫ НЭГ НЬ МИНИЙ БАГШ

 

-Э.Ёндоншарав найруулагчид Б.Баатар найруулагч зааж зөвлөж байсан бол таныг  Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гарын шавиа болгож, зам мөрийг тань тэгшилсэн гэх юм билээ. Эрхэм багшийн тань тухай дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлмээр байна?

-Үнэхээр ховорхон хувь тохиолоор би багштайгаа учирсан юмаа. Багш минь миний амьдралын, уран бүтээлийн зам мөрийг тэгшилж өгсөн буянтан. Зөвхөн надаас гадна хамтдаа ажиллаж буй найруулагч Мэндбаярыг ч ОХУ-руу сурах түлхэц болсон. Бид хоёрыг ОХУ-руу сурахаар явахад өөрийнхөө “Их хувь заяа” гэсэн номоо дурсгасан юм. Тухайн номон дээрээ гарын үсгээ зураад “Мөрийг чинь би гаргалаа. Хаа хүрэхээ өөрсдөө мэд” гэж бичсэн нь бий. Тэр үед багш минь номон доороо хадаг дэлгэчихсэн “Над шиг шавь нартаа хадаг барьдаг тэнэг хүн байхгүй л байх” гэж хэлж байсныг нь мартдаггүй. Ингэж хэлсний учраа тайлбарлахдаа “Энэ ягаан байшин зогсож, нурах учиргүй. Ямар ч цаг үед үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх нь чухал” гэж аминчлан захисан юм. Тиймээс миний театртаа буцаж ирэх болсон хамгийн том шалтгааны нэг нь миний багш юм. Даан ч төгсөж ирэхийг минь үзэж чадсангүй дээ.

-Багштайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Ковидын үеэр хичээлийнхээ дундуур хотод ирчихсэн байх үед Булганд багшийн бие гэнэт муудаад би очсон юм. Тэр л сүүлийн уулзалт байж дээ. Амьсгал татахад нь хамт байж, алтан хайрцганд нь хийлцээд нутгийнх нь зүг үдэж өгсөн. Тэр үед яалт ч үгүй сургуулиас дуудсан учир багштайгаа салах ёс хийгээд буцсан.

-Өнөөдөр та өрөөндөө багшийнхаа зургийг залсан байна. Тэнгэрээс шавийгаа хараад бахархаж, ивээж суугаа байх даа?

-Багш бид хоёрын хооронд хөгжилтэй, бас айдастай олон дурсамж байдаг юм. Хүнийхээ хувьд их энгийн нэгэн байсан даа. Хааяа гэнэт хамтдаа хоол идэж сууснаа “Залгуур харагдвал надаас энэ юу вэ” гэж асууна. Би “Залгуур” гээд хэлчихвэл болохгүй шүү дээ. Тэгэхээр нь фантазалж хариулна. “Босчихсон могойн толгой” байна ч юм уу.  Энэ ярианаасаа баяжуулж, үргэлжлүүлээд л ярина шүү дээ. Энэ нь миний сэтгэх чадварыг хөгжүүлэх багш хүний ухаан л байсан юм билээ. Уран бүтээлч болоод тайзан дээр ажиллаж эхлэхэд багшийн хэлж байсан үг, зааж байсан хичээл тунчиг хэрэг болсон доо.

-Багшийнхаа уран бүтээлээс сэргээх бодол, төлөвлөгөө бий юу?

-Нэг удаа багш бид хоёр жүжиг үзсэн юм. Тэр бүтээл нь яг багшийн өөрийнх нь найруулж тавьсан бүтээл байсан юм. Гэтэл гарч ирээд надад “Энэ миний жүжиг биш байна” гэж хэлсэн. Тэгэхээр он цаг хугацаа өнгөрөхөд тэр хүний хийсэн зүйлүүд бага багаар хаягдаад байдаг юм байна гэсэн бодол төрсөн. Тиймээс багшийнхаа бүтээлийг яг л тэр хэвээр нь мөнх байлгахсан гэж хүсдэг юм.

 

ХЭН НЭГНИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ БУС ТЕАТРАА ТАНИУЛАХ НЬ ЧУХАЛ

 

-Таны дуучин болох хүсэл мөрөөдөл хэзээнээс ихтэй вэ. Ялангуяа дуурийн дуучин болно гэж төсөөлдөг байв уу?

-Би бага байхдаа урлаг уран сайхан их сонирхдог байсан ч ахлах ангид ортлоо дуучин болно гэж бодож байгаагүй. Математикийн гүнзгийрүүлсэн ангид явдаг тул том болоод тоогоороо л конкурс өгнө гээд төлөвлөчихсөн. Ингээд есдүгээр ангид ортол урлагийн үзлэгээр манай ангиас дуулах хүүхэд олдоогүй тул албан шахалтаар намайг дуулуулах боллоо. Гэтэл түрүүлчихсэн. Энэ үеэс ер нь дуулж чадах юм байна гэсэн бодол төрөх болсон. Ингээд аравдугаар ангиа төгсөх жил манай аймагт СУИС-ийн хуваарь ирнэ гэж бодож байтал эхлээд Соёлын коллежийнх хүрээд ирсэн. Хүүхэд байсан учир эхлээд энэ сургуульд нь шалгалт өгөөд биеэ халаагаад, өөрийгөө хэр хэмжээнд байгаагаа мэдэж авъя. Дараа нь туршлагатай болчихоод СУИС-ийн шалгалтад оръё гэж бодоод өгтөл тэнцчихсэн. Гэтэл өнөөх сургууль маань шууд бичиг баримтыг маань аваад есөн сарын 1-нд хичээлдээ ирээрэй гээд явчихсан. Гэхдээ одоо бол би эхлээд тус коллежид сурсандаа харин ч баярладаг юм. Эндээс би хөгжмийн суурь мэдлэгүүдийг бүрэн эзэмшсэн. Их олон хөгжмийн алдартнууд энэ сургуулиас төрсөн. Сургалтын хувьд ч чанартай чанга байлаа. Бид анх 71 хүүхэд нэгдүгээр дамжаанд орж байлаа. Ингээд хагас жил гэхэд түүнээс 20 гаруй хүүхэд үлдсэн. Би хөгжмийн багшийн ангид нухлуулсан нь СУИС-ийг төгсөхөд, найрал дуучнаар ажилд ороход, ОХУ-д сурахад, театрын найруулагчаар ажиллахад хамгийн их дэм, давуу тал болж байна.

-Та Европын том гүрний нэг, ОХУ-ын урлагийн хамгийн нэр хүндтэй сургуулийг төгссөн. Сонгодог урлаг ч Европоос эхтэй. Энэ цаг үед театрууд нь хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна гэж хардаг вэ?  

-Хүмүүс орос школ гэж их ярьдаг. Би ч ялгаагүй тийм л бодолтой тус улсад хөл тавьсан хүн. Гэтэл ОХУ-д очоод дэлхий нэг болжээ гэдгийг харсан. Тэнд орос школ гээд бусдаас ялгарах зүйл нь тун бага. Монголын сонгодог урлаг ч ялгаагүй нэг зам руу хөгжиж байна. Жишээлбэл нэг бүтээлийг гурван оронд тавилаа гэж бодоход сэтгэлгээгээрээ л ялгарч байна. Монгол хүний сэтгэлд энэ зохиол хэрхэн бууж байна вэ, орос, итали хүний сэтгэлгээгээр энэ бүтээл хэрхэн төрж байна вэ гэдгээрээ өөр. Тэгэхээр дэлхийд яагаад монгол школ байж болохгүй гэж. Азаар манай урлаг их байгаль руугаа, энгийн тал руугаа хөгжиж байна. Гэхдээ энэ ондоошил удахгүй ч байж магадгүй. Учир нь дэлхий тэр чигээрээ байгаль руугаа хандах боллоо. Хүн бүхэн эзгүй хээр байгалийн сайханд байхыг чухалчилдаг боллоо. Тиймээс бид энэ ялгараад байгаа ондоошлоо уран бүтээлдээ хэрхэн шингээх вэ гэдэг асуулт найруулагч нарын өмнө гарч ирж байна. Жишээлбэл би “Макбет” дуурийг тавихдаа хэвлэлийн хурлын үеэрээ “Монгол уран бүтээлчдийн сэтгэлгээгээр Макбет дуурь ямар байж болохыг л ирж хараарай. Түүнээс би хэн нэгнээс илүү байна гэж амлахгүй” гэж хэлээд нэг хүнд зэмлүүлж байсан удаатай. Бидэнд сэтгэлгээний тэр ондоошил байгаа. Яг энэ ондоошлоороо л дэлхийд өрсөлдөх үе ирээд байна.

-Өнөөдөр Монгол Улсыг дэлхийд хамгийн их сурталчилж байгаа хүн нь Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дуурийн дуучид байна. Тэд бол өөрсдийн бор зүрхээрээ л хөдөлмөрлөж өнөөдрийн амжилтад хүрсэн. Тэдний араас энэ түүчээг таслахгүй байхсан. Ядахдаа бодлогоор нь дэмждэг төртэй болчихвол олон алтан хоолойтон их хол ниснэ дээ?

-Үүний тулд л өнөөх миний яриад байгаа театрын босгыг өндөрсгөх шаардлагатай юм. Миний бодлоор уран бүтээлчид маань бүгдээрээ үнэхээр авьяастай, чадвартай, дүрд хувирах мэдрэмжтэй, хөгжмийн өндөр боловсролтой болчих юм бол хэн нэгнийг дэлхийд гаргах бус театраа дэлхийд таниулах боломж бүрдэх юм. Өнөөдөр Монголын сонгодог урлагийн менежментэд энэ л чухал байна. Үүнийг хийгээд сурчихвал монгол дуучид дэлхийд цойлно шүү дээ. Мэдээж үүнийг хийхийн тулд их олон жилийн зөв бодлого шаардлагатай болох байх. За бүр болъё. Ядахдаа Азидаа тэргүүлдэг. Азийн үзэгчид манай улсыг зорьж ирж дуурь үздэг, бид бүрэн бүрэлдэхүүнээрээ өөр улсын театрт очоод тоглодог болчихвол сайхан даа.

-Үүний төлөө л та болон танай удирдлагууд ажиллах ёстой байх даа. Хэрэв бүгд нэг бодлоор нэгдэж чадвал тийм ч хол юм шиг санагдахгүй байна?

-Миний бодол сэтгэл үүний төлөө л ажиллаж байна. Хоёрдугаарт бид нэгэнт дэлхийд танигдчихсан уран бүтээлчдээрээ монгол дуурийг нь дуулуулдаг баймаар байна. Түүний тулд дэлхийн стандартад нийцсэн зохиол шаардлагатай. Нэг ч болтугай улсын дуурийн театрын урын санд монгол дуурь орчихвол гайхалтай биз дээ. Нэг монгол уран бүтээл дэлхийн театруудыг хэсээд салхи шиг шуурч яваасай. Энэ бол ганцхан минийх бус энэ урлагт сэтгэл зүрхээ зориулсан олон уран бүтээлчийн мөрөөдөл шүү дээ. Та түрүүн “Монгол залуусын түүчээг таслахгүй яаж дэлхийд гаргах вэ” гэж асуусан. Тэгвэл тэр залуус өөрсдөө шигшигдэж, танигддаг юм. Түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг юм.

-Монгол дууриудаасаа сэргээж, засаж янзлаад тоглох боломж байхгүй юу?

-Бидэнд уг нь монгол сонгодогийн нөөц бололцоо бий. Гэхдээ хөгжмийн бичилт талаас нь ярихад гадны уран бүтээлчид судалж үзээд “Ламбугайн нулимс” дуурийг дэлхийн жишигт жаахан дөхөх юм байна гэж дүгнэсэн байдаг. Би гуравдугаар дамжаанд байхдаа тус дуурийн Цэрэнлхам Лодой хоёрын дуэтийг курсын ажлаараа хийж, орос дуучдаар дуулуулж байсан юм. Гэтэл багш нар маань “Их сонин юмаа. Энэ монгол дуурийг сонсоход Пуччини л харагдаад, сэтгэлд орж ирээд байх юм” гэж байсан удаатай. Тэгэхээр дуурийн урлагийн тэр нандин шигтгээ нь “Ламбугайн нулимс”-д байдаг юм байна гэсэн бодол надад төрж байсан.       

-Үнэхээр гадныхан Монголд дуурь үзэхээр ирдэг болчихвол гоё оо. Гэвч тийм сайн зохиол “төрүүлэх” зохиолч бидэнд хэр билээ?

-Уг нь өнөөдөр хүн бүхэнд боломж нээлттэй болчихсон цаг үе. Хүүхэд өөрөө хүсээд, бэлдээд, шалгалтаа өгвөл дэлхийд урлагийн мундаг сургууль олон бий. Магадгүй хөгжмийн чиглэлээр гадаад, дотоодод сурч байгаа хүүхэд байгаа л байх. Харин яг энэ цаг үед бүтээл туурвил хийж байгаа зохиолчдоос би Х.Алтангэрэл багшийг л арай дөнгүүр болов уу гэж харж, хүлээдэг юм. Дуурь бичих чавдар болоод туршлага нь бүрдчихсэн хүн.

-Зохиол гэхээр бид энэ цаг үед ямар сэдвийг барьж авбал оновчтой, байгаа зөв онох бол?

-Уучлаарай би өөрийнхөө энэ сэдвийн хүрээнд эмзэглэж явдаг нэг зүйлээ ярьчих уу. Гэхдээ энэ миний л бодол шүү. Манайхан зохиол гэхээр хэтэрхий том, түүхээрээ оролдоод байдаг. Заавал Чингис, Хубилай хоёр байх ёстой юм шиг. Энэ түүхээ хоёрхон цагт багтаахын тулд алдаатай, дутмаг бүтээл хийгээд байдаг. Үнэхээр том бүтээл хийх хүсэлтэй бол тэр хэмжээний мэдлэг, туршлагатай, том хүнээр л хийлгэсэн нь дээр. Уг нь бол зохиол гэдэг сэтгэлгээний л асуудал. Жишээлбэл, өнөөдөр та бид хоёрын ярилцаж байгаа энэ цаг үеийг ч жүжиг болгоод бичиж болно шүү дээ. Бид хоёр ч ялгаагүй ирээдүйд түүх болоод л мөнхөрнө. Тиймээс манай уран бүтээлчид зохиолоо л зөв сонгох нь чухал юм болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)