П.АМГАЛАН

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  өнөөдөр эхэлсэн.  Гэхдээ шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 13.30 цаг хүртэл хойшилсон.  Мөн тус шүүх хуралдааны үеэр  "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хувьд ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлт гарган юм. Тэрбээр  “11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Энэ зургаан үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй.  Анх 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50, 60 хэрэг мэдүүлэг аваад л яваад байсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэн гэдгийг би мэдэхгүй. Энд байгаа зургаан үйлдэл бол хоёр хүнийг танилцуулсантай холбоотой. Хөрөнгө оруулсан, хөрөнгө авсан энийг би  танилцуулсан учраас хэрэг болгож хилсээр тулгаж байгаа. УИХ дээр нүүрстэй холбоотой нүүрсний хэргийг ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой юу ч байхгүй. 11 хүнд холбоотой ямар ч хэрэг байхгүй. Намайг цагдан хорьсон шүүгчийн 19 захирамж гарсан. Үүний есийг ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудлууд гарсан учраас ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна “гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn