Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Сүүлийн 10 гаруй жил их сургуулиудыг хотын төвөөс нүүлгэх тухай ярих болсон. Энэ жил гэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар их дээд сургуулиудыг дэд төв рүү нүүлгэх судалгааг танилцуулсан юм. Тэгвэл бусад улс оронд их сургуулиуд нь улсынхаа хаана ямар байдалтай байдаг тухай энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцолж байна.
Монголд дотуур байр хоёр давхар төмөр ор, жижиг модон шүүгээтэй
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 69 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 33 нь их сургууль, 35 дээд сургууль, нэг нь коллеж байгаа юм. Тэгвэл нийт их сургуулийн 16 нь төрийн өмчийнх бол үлдсэн 50 нь хувийн өмчийн сургууль байдаг. Жил бүр дээрх сургуулиудад элсэн суралцахаар 60 гаруй мянган оюутан орон нутгаас Улаанбаатарт ирдэг. Тэдний нэг бол Б.Дашпүрэв юм. Тэрбээр энэ жил ШУТИС-ийн Архитектурын ангид элсжээ. Гэвч хотын түгжрэл, оюутны дотуур байрны ариун цэврийн асуудал таалагдаагүй ажээ. Энэ тухайгаа тэрбээр “Би Багануур дүүргээс ирсэн. Багануурт сурч байхдаа сургуульдаа алхаж очиж, явдаг байсан. Харин одоо түгжрэлд ихэнх цагаа өнгөрөөж байна. Мөн автобусанд суух үедээ утсаа хулгайд алдсан. Оюутны байранд орох гэхээр ариун цэвэр болон орчин таалагдаагүй. Тиймээс ирэх сараас байр түрээслэхээр болсон. Одоо ахындаа амьдарч байна” гэв. Манай улсын их сургуулиуд хотын төвдөө байрлалтай. Тодруулбал, Сүхбаатарын талбайг тойрсон 30 гаруй их сургууль бий. Үүнээс МУБИС-д 20 мянга, ШУТИС-д 15 орчим мянга, МУИС-д 18 орчим мянган оюутан суралцаж байгаа юм. Дотуур байрууд ихэнх нь элэгдэж хуучирсан, модон шалтай, нийтийн жорлонтой. Төмөр хоёр давхар ор, жижиг шүүгээнээс өөр зүйлгүй. Мөн заавал нэг өрөөнд дөрвөн хүүхэд амьдрах ёстой байдаг. Нэг үгээр дотуур байрны стандарт нь энэ гэлтэй. Энэ мэт их сургуулиудын стандарт, өнгө үзэмжийн талаар дурдвал олон зүйл бий. Тэгвэл хичээл сургууль эхэлдэг намрын улиралд нийслэл хотын түгжрэл дээд цэгтээ тулж, заримдаа тэг зогсолт хийдэг. Энэ нь их сургууль нь хотын төвд байрладагтай холбоотой гэхэд хилсдэхгүй. Тиймээс сүүлийн жилүүдэд их сургуулиудыг нүүлгэх тухай ярих болсон. Бүр судалгааг нь ч хийгээд амжсан.
Хятадад оюутны дотуур байр нь дөрвөн одтой зочид буудлын стандарттай
БНХАУ-ын их дээд сургуулиуд нь хотоосоо зайдуу тусдаа хотхон /cump/ маягаар хөгжсөн байдаг. Тодруулбал, Шанхайн сургуульд элссэн ч Шанхайгаас 15-30 kм-ын зайтай сургуулийн хотхонд суралцана гэсэн үг. Тухайн сургуулийн хотхонд суралцахад хэрэгтэй бүх зүйл байдаг ажээ.
Хятадын их дээд сургуулиуд гадаад оюутан авах эрх авдаг. Ингэхийн тулд оюутны дотуур байр нь дөрвөн одтой зочид буудлын түвшинд байхаар заадаг. Мастер болон бакалаврын оюутнууд өрөөндөө хоёулаа амьдардаг бол докторын оюутнууд ганцаараа амьдардаг. Мөн оюутны өрөөнд нь зурагт байдаггүй ба суралцахад зурагт үзэх шаардлагагүй гэж үздэг байна. Харин нийтийн зурагтын өрөө гэж тусдаа бий. Гэхдээ зөвхөн гадаад оюутнууд үзэх эрхтэй. Мөн галын аюулгүй байдлын үүднээс өрөөнд хоол хийхийг хориглодог ба нийтийн гал тогооны өрөөтэй. Тэнд хоол хийх багаж хэрэгсэл бүгд байдаг. Зарим сургуулийн оюутны байр хуучирсан, ачааллаасаа шалтгаалан зарим дутмаг зүйл байдаг аж. Гадаад оюутны байр нь тусгай харуул хамгаалалт жижүүртэй бөгөөд ихэвчлэн орой 23 цагаас хойш оруулж гаргадаггүй, мөн гаднын хүн оруулдаггүй зэрэг дүрэм журамтай. Мөн голдуу тусгай карт, кодтой байдаг.
Энэ тухай Б.Мөнхтуяа хэлэхдээ “Би Бээжингийн Донфаны их сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Хятадын ихэнх сургуулиуд хотын төвөөсөө зайтай байдаг. Манай сургууль төвөөсөө 20 гаруй км зайтай. Төв рүү ирж очих шаардлага бараг гардаггүй байсан. Учир нь сургууль нь дотроо оюутны дотуур байр, усан бассейн, хоолны газар, урлаг заал, сагсны шийд, ногоон байгууламж, номын сантай. Мөн том газартай бөгөөд ногоон байгууламж маш сайтай. Манайхаар бол цэцэрлэгт хүрээлэн шиг гэж хэлэхэд болно. Гадаад оюутнууд гээд гадуурхах зүйл ч гардаггүй. Зөвхөн мэдлэг боловсрол авах гэж очсон гэдгээ сайтар ухамсарлах хэрэгтэй” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)