Доржийн ОЮУНЧИМЭГ
"Зууны мэдээ" сонины “Эрдэмтний үг” булангийн энэ удаагийн дугаарт МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв“-ийн эрхлэгч, МУБИС, БХССХ-ийн секторын эрхлэгч, Доктор, дэд профессор Д.Одгэрэлийг урилаа.
-“Хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг тодорхойлолт орчин цагт оновчгүй байна гэж хэлэх болсон. Учир нь харилцааны бэрхшээлтэй хүүхдийг сургах, нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэх юм. Та энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд юу хэлэх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд гэх мэт нэр томъёо бий. Боловсролын ерөнхий хуульд ялгаатай хэрэгцээтэй хүүхэд гэдэг тодорхойлолт орсон. Энэ нь боловсрол эзэмшихтэй холбоотой хөгжлийн бэрхшээл, онцгой авьяас, хэл соёл, жендер, эдийн засаг, нийгэм байршлын ялгааг хэлнэ гэсэн байдаг.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Бие эрхтэн, танин мэдэхүй зэрэг байнгын согогтой хүн нийгмийн үйл ажиллагаанд бусдын адил оролцож чадахгүй байгаа хүнийг хэлнэ” гэсэн тодорхойлолт бий. Гэтэл гадны улс орнуудад “тусгай хэрэгцээтэй”, “чадварын өөрчлөлттэй” болон бусад тодорхойлолтыг гаргахдаа маш нарийн судалгаа, үнэлгээ хийдэг. Манай улсын хувьд “хөгжлийн бэрхшээлтэй” гэх статистик мэдээллийн төвөөс гаргасан асуумжийг анги удирдсан багшийн үнэлэмжээр гаргаж байна. Тэгэхээр үүнд үндэслэсэн тоон мэдээлэл баталгаатай мэдээлэл болж чадахгүй гэдгийг хэлмээр байна.
Нөгөөтэйгүүр “хөгжлийн бэрхшээлтэй” гэдгийг эмчийн оноштой хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх эсэх асуудлыг Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын дэд комиссын хуралдаанаар шийдвэрлэдэг. Ингэхдээ тэтгэмж авах эсэх болоод эрүүл мэндийн ямар үйлчилгээ авахыг нь шийдэж байна. Тиймээс манай улсад тусгай хэрэгцээтэй хүүхдийг тодорхойлж үнэлдэг мэргэжлийн байгууллага байхгүй учраас Нагояа их сургуулийн багш нартай хамтран “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан. Энд тусгай хэрэгцээт хүүхэд гэж хэн бэ. ямар шинж тэмдэг байна вэ гэдгийг боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаа хандлагыг судалж тусгай хэрэгцээтэй гэдэг дүгнэлтийг гаргаж, ямар туслалцаа, дэмжлэг шаардлагатай байна вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажилладаг. Мөн “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээг илрүүлж, судалгаанд түшиглэн тэдний хөгжлийг дэмжих асуудалд анхаарал хандуулж ажилладаг. Тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгоход хэрэгцээтэй бүхий л зүйлсийг хөгжүүлэхийг зорьж байна.
-Энэ талаар гадны улс орнуудад ямар туршлага байдаг бол?
-Япон, Америк гээд хөгжингүй орнуудад мэргэжлийн баг хүүхдийн үнэлгээг гаргадаг юм билээ. Харин энэ багт нь эмч, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, тусгай боловсролын багш болоод эцэг эх оролцоно. Мэдээж шаардлагатай бол нарийн мэргэжлийн хүмүүсийг ч хамруулдаг. Энэ баг тусгай хэрэгцээт хүүхдэд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгааг нэн тэргүүнд эрэмбэлдэг. Ингээд цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг зөвлөгөө өгдөг. Тэгэхээр үнэлгээ, тодорхойлолт ямар байх ёстой вэ гэдгийг холбогдох газруудад нь хүргүүлсэн боловч ямар нэг хариу ирээгүй байна. Мэдээж цаг үеэ дагаад нийгмийн харилцаанд орж байгаа хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тохирсон боловсрол олгох асуудлыг хойш тавьж болохгүй гэж хардаг. Бид хэдий болтол зөвхөн эрүүл мэнд талаас нь оношлоод боловсролын хэрэгцээг нь орхигдуулах вэ. Үүнд анхаарал хандуулах цаг нь болсон.
-Энэ төрлийн эрэлт хэрэгцээ нийгэмд нэлээдгүй байгаа харагддаг. Тэгэхээр танай төв үйл ажиллагаа явуулснаас хойшхи хугацааны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Нийгэмд эрэлт хэрэгцээ их бий. Тухайлбал, орон нутгаас тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн төв байгуулах хэрэгтэй байна гэдэг саналыг манайд тавьсаар байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ үнэлүүлэх хүсэлтийг ирүүлсээр байгаа. Харамсалтай нь манай төв тэр бүрийг ажил хэрэг болгох боломжгүй.
Харин АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар, МУБИС-ийн багш нар болон Нагояа их сургуулийн багш нартай хамтарч ажиллан тусгай хэрэгцээт хүүхдийг үнэлэх, тодорхойлох тогтолцоог хэрэгжүүлэх болох юм гээд төсөл хэрэгжүүлж байгаа. Хамгийн сүүлд “Хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” төсөл хэрэгжиж байна.
Тэгэхээр хүүхдийн үнэлгээг хийхэд эхлээд илрүүлнэ. Үүний дараагаар тодруулж боловсролын болоод эрүүл мэндийн тодорхойлолт гаргадаг юм. Гадны орнуудын туршлагаас харахад Тусгай боловсролын хуульдаа тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг хэрхэн үнэлэх, сургах вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Харин манай улсын хувьд хараахан тийм зүйл алга. Ер нь тусгай хэрэгцээт хүүхэд хаанаас ямар дэмжлэг авах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Нийгмийн харилцаанд оролцоход, ангийн багш тухайн хүүхэдтэй хэрхэн харилцах гээд нэг бүрчлэн заасан байдлаар үнэлгээ хийдэг юм билээ.
Гэтэл манай улсад хүүхэд ярихгүй байна гэвэл хэл ярианы гажигтай байж магад гэж үзэн шат шатны эмнэлэгт очиж оношлуулдаг. Шаардлагатай гэвэл комиссын хуралдаанд орж “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн тодорхойлолт гаргаж байна. Энэ бол зөвхөн эрүүл мэнд талаас нь анхаарч байгаа хэлбэр. Тэгвэл тусгай хэрэгцээт болон “хөгжлийн бэрхшээлтэй” хүүхэд хэрхэн боловсрол эзэмших вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлснээр хүүхдийн оюуны болон нийгэмших, суралцах чадавхи болоод харилцааны байдлаас хамаарсан үнэлгээг гаргах мэргэжлийн байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийг цогцоор нь үнэлэх чадамжтай “Хүүхэд хөгжлийн оношилгоо, үнэлгээний төв” зайлшгүй шаардлагатай учраас манай төв өдгөө 10 дахь жилээ ажиллаж байна. Бид тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хэрэгцээтэй боловсролын хөтөлбөр, төлөвлөгөө гарган, эцэг эхэд нь зөвлөгөө өгч ажилладаг.
-Тодорхой хүрээнд хязгаарлагдмал байдлаар ажиллаж байна гэж болох уу. Илүү өргөн цар хүрээг хамрахын тулд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Манай байгууллага өөрийн нөөц бололцоо, хүчин чадлынхаа хэрээр ажиллаж ирсэн. Бидний хийж байгаа ажлыг бусад орнууд хэрхэн хийж хэрэгжүүлдэг вэ гэдгийг судалж үзсэн. Тэд боловсролын байгууллагынхаа дэргэд тусгай хэрэгцээт хүүхдийн үнэлгээг хийдэг төвүүдтэй.
Бид өнгөрсөн хугацаанд судалгаа, шинжилгээ хийж ирсэн. Тэндээсээ дүгнэлт, зөвлөмжийг гаргаж холбогдох газруудад, салбарын яаманд хүргүүлсэн боловч хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох ажлыг хийхгүй байна. Хүүхдийн хөгжлийн үнэлгээ, оношлогоонд хэрэгжүүлэх тогтолцооноос эхлээд зохистой хууль эрх зүйн орчин шаардлагатай. Хэдийгээр цаасан дээр буусан дэмжлэгийн ажил хийгдэж байгаа ч бодит амьдрал дээр ажиллах мэргэжлийн хүн байхгүй. Тэгэхээр хүүхдийн хөгжлийн үнэлгээ, оношилгооны төв байгуулан мэргэжлийн хүмүүс ажиллаж бусад байгууллага, хүмүүст зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллах нийгмийн шаардлага үүсч байгааг онцлон тэмдэглэмээр байна. Үндсэндээ хүүхдийг тэгш хамруулан сургахын тулд боловсролын “тусгай хэрэгцээтэй хүүхэд” гэж хэн бэ гэдэг тодорхойлолтыг нарийвчлан гаргах хэрэгтэй. Тэр ч бүү хэл, оюуны болон харааны бэрхшээлтэй, аутизмтай хүүхэд гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ч боловсрол эзэмшихтэй холбож тодорхойлох хэрэгтэй. Энэ бүхнийг эрүүл мэнд талаасаа тодорхойлж байгаа ч боловсрол талаасаа байдаггүйг л тал бүртээ ойлгож анхаарал хандуулах цаг нь болсон.
Дашрамд дурдахад, 2013 онд Нагояа Их сургуулиас профессор Мацүда Такэо профессор Мацүмото Марико, профессор Морита Мияако, доктор Номура Кенжи нар Монголд ирж, МУБИС-т ажиллажээ. Энэ үеэс хоёр сургуулийн хамтын ажиллагаа эхэлсэн. МУБИС-иас олон багш нар НИС дээр очиж мэргэжил дээшлүүлсэн. МУБИС болон Нагояа Их Сургуулийн багш нар сургалт, судалгаа, зөвлөгөө өгөх чиглэлээр үр өгөөжтэй ажиллаад 10 жил болж, энэ өдрүүдэд хамтын ажиллагааны 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)