С.УЯНГА
Монгол Улс эрүүл мэндийн салбартаа даатгалын санхүүжилтийн томоохон шинэчлэл хийж буй түүхэн цаг үе тохиож байна. Шинэчлэлийн суурь хэр оновчтой, бат бөх тавигдах, үр дүнг хэн хэрхэн хүртэхээс хамаарч энэ салбарын ирээдүй зурагдах учиртай. Товчхондоо, иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй, эрсдэлгүй, чанартай авах суурь, мөн чанар яригдаж байгаа.
ЧАНАР ШААРДАЖ, ... НЭГ ТАЛДАА ГАРСАН 72 ЦАГ...
Эрүүл мэндийн салбарын гол тоглогчдын нэг нь ЭМДЕГ. Энэ байгууллага татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах амбицтай. Үндсэндээ 708 төрлийн оношийн хамааралтай бүлгээр зөвхөн тусламж үйлчилгээнд их наяд төгрөг төсөвлөдөг гэхээр бага мөнгө биш. Тэгвэл гурван жил үргэлжилж буй шинэчлэлийн гол концепц нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг даатгалын санхүүжилтээр шахаж буй менежмент юм. Харин тэр чанарыг баримтаар баталгаажуулдаг. Энэ заагт л эрүүл мэндийн байгууллага, даатгалынхны багахан зөрчилдөөн үүсдэг. Даатгалын байгууллагад зөвхөн нэг сард л сая руу дөхсөн нэхэмжлэх ирдэг гэхээр аргагүй ч юм шиг. Гэтэл нөгөө талд эрүүл мэндийн байгууллагууд иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр бүрээ нэхэмжилнэ. Хэн ч арай илүү санхүүжилт авахыг боддог бичигдээгүй хууль бий. Тиймээс л эрүүл мэндийн байгууллага, даатгалынхантай хэзээ ч “найз” байх боломжгүй гэсэн яриа гарсан биз ээ. Гэхдээ ингэж хоёр талд амбицлахгүй ч байж болно. Эрүүл мэндийн байгууллага, даатгалын салбар хэдийгээр хоёр өөр замаар явж байгаа ч монгол хүний дундаж наслалтыг уртасгах, чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах нэг зорилго “малгай”-тай. Үндсэндээ үр дүнг санхүүжүүлэх процесс үйлчилж буй. Одоохондоо ойлголцох, нэг талдаа гарах л асуудал юм. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн суурь шинэчлэлтэй холбоотой энэ мэт амин чухал асуудлаар холбогдох байгууллагууд бүгд нэг дээвэр дор цуглаж, ойлголцлын ширээний ард суусан нь бүтэн гурван өдөр үргэлжиллээ. Ёстой л мэргэжлээрээ мэтгэлцэх гээч болов. Энэ дундуур ЭМДҮЗ-ийн тогтоол, дүрэм журмыг сайн уншихгүй байна гэх шүүмжлэл ч өрнөж амжлаа. Ийнхүү хууль журам цээжлүүлж, баахан “хуурай” хичээл заахаас илүү агуулга мөн чанарыг ойлгуулахыг чухалчилсан. Хэн нэгнийг сонсоод суух биш өөрсдөө дунд нь ороод суралцах, мэдэхгүйгээ нэрэлхэлгүй асууж нэгэнтэйгээ туршлага хуваалцах, мэдлэг арга зүй, цахим ур чадвараар хангасан нь сургалт, зөвлөгөөнийг “уйтгартай” гэж төсөөлдөг нийтлэг хандлагыг өөрчилсөн, өгөөжтэй өдрүүд байв. Нэг үгээр илэрхийлбэл, зөвхөн сургалт биш хандлага өөрчлөх үр дүнг үзүүлэв. Энэ үеэр даатгалын агентлагийн дарга Л.Бямбасүрэн мэдээллийг цаасаар авахаас эхлээд үнэхээр даатгалын байгууллагаас шалтгаалж буй болж бүтэхгүй зүйл байвал холбогдох нэгжүүдтэйгээ ажиллая, засч залруулаад явъя. Өөрөө ч гэсэн хариуцлагаа чангаруулья. Эцэстээ бид бүгд хүн ардын эрүүл мэндийн төлөө явж буй шүү дээ гэсэн нь хичээлийг улам чөлөөтэй болгож өгөв. Ийн Чингис хотод болсон сургалтад Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагч, мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар,Өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн төлөөллүүд зэрэг шат шатны 200 гаруй хүн хамрагдлаа. Иргэндээ аюулгүй чанартай тусламж худалдан авч өгөх, санхүүжилтийг чанар, үр дүнтэй уяхыг таниулсан. Цаг мөч болгонд чанар шаардаж, ойлголтоо нэгтгэсэн гурван өдөр буюу 72 цаг байв. Яг ийм сургалтыг өмнө нь баруун, төвийн бүсийнхэнд хийгээд байгаа юм.
ЦЭНХЭР ДЭВТРЭЭС ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮРТЭЛХ ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ
Хэрэгжээд гурван жил болж буй эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг амьдралд хамгийн ойроор жишээлбэл цэнхэр дэвтэр. Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрийг сар бүр бөглүүлдэг. Бөглөсний дараа харьяа дүүргийн даатгалын хэлтэст барьж очиж тамга дарж байж сая эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах эрхтэй болдог байлаа. Энэ шат дамжлага бүрт хүнд суртал, завхрал гардаг байсан нь нууц биш. Харин одоо бол тэс өөр. Ийш тийш гүйж тамга даруулах биш и монголиа юм уу эрүүл мэндийн даатгалын цахим системд хандахад 15 минутын дотор үйлчилгээгээ авах боломж бүрдсэн. Ингэснээр и баримт апплейкшнаар долоо хоногт 450 сая төгрөгийн орлого төлөгддөг. Сардаа тэрбум гаруй төгрөгийг технологиор дамжуулаад даатгалын сан руу асар богино хугацаанд төвлөрүүлж байна. Энэ орлогоос иргэдийн санхүүгийн ачааллыг хуваалцдаг. Цахим системийн бас нэг онцлог нь иргэн тухайн жилдээ даатгалын сангаас ямар хөнгөлөлт эдэлснээ хянаж болж байгаа.
Шинэчлэл үр өгөөж өгч буй хамгийн наад захын жишээ бол хөнгөлөлттэй эм. Түүнчлэн тухайн хүн өвдлөө гэхэд даатгалын сангаас хоёр сая төгрөгийг нь даадаг, илүү гарсныг иргэн халааснаасаа төлдөг байсан бол одоо хязгааргүй болсон. Энэ хүрээнд нэг иргэн 120-130 сая төгрөгийн хөнгөлөлт авсан кейс ч байна. Мөн өнгөрсөн жил иргэд 40 тэрбум төгрөгийн хамтын төлбөрөөс чөлөөлөгдсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний эрсдлээс сэргийлж чаджээ гэсэн үг.
Даатгалын сангаас олгодог хамгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ бол эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа. Элэг шилжүүлэн суулгахад 110 гаруй сая төгрөг байдаг аж. Иргэн өмнө нь 28 хүртэлх сая төгрөг төлдөг байсан бол одоо таван сая төгрөг гарах хамтын төлбөрийн журамтай. Түлэгдэлтэд арьс нөхөх мэс засал 40 сая төгрөг байсан. Шинэчлэлээс өмнө 10 сая төгрөгийг иргэнээр төлүүлдэг байсан бол одоо бүрэн даатгалын сангаас хариуцдаг болсон. Тархины судасны цүлхэнгийн хагалгаа 90 сая төгрөгийн өртөгтэй. Харин даатгалаас бүрэн даана гэдэг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хүндрэлээс бүрэн сэргийлж байгаа хэрэг. Амьдралд ойр наад захын шинэчлэлээс дурдахад ийм. Энэ бүх шинэчлэлийн үр дүнд эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцох боломжгүйгээс хүнд суртал, давхардал үүсгэдэг, хуурамч нэхэмжлэл гаргадаг, хяналт сул байсан, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй давхар буюу дабль стандартыг халж чаджээ. Одоо ялгавартай хоёр өөр стандарт үйлчлэхгүй боллоо гэсэн үг.
Тэгвэл даатгалынхан дараагийн шинэчлэлдээ оржээ. Ингэхдээ иргэний өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, иргэнд чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлсэн эсэхийг хиймэл оюун ухаан олж тогтоох юм байна.
Даатгалын шинэчлэлийн талаар мэргэжлийн хүмүүс ингэж ярьж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн: ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ИРГЭНД ЭЭЛТЭЙ ОЛОН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙГАА
-Санхүүжилтийн томоохон шинэчлэлийн хүрээнд Монгол Улс нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний зардал нэмэгдэж байгаа. ЭМДЕГ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах нь энэ шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манай улсын даатгалын системийн онцлог бол эв санааны зарчим дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой нь бага орлоготой хүнийхийг, залуу нь өндөр настныхаа эрсдлийг хуваалцдаг. Санхүүгийн шинэчлэл хэрэгжсэнээр иргэнд ээлтэй олон бодлого хэрэгжиж байгаа. Иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалаар 30-70, 100 хувийн хөнгөлөлттэй авах эрх үүсч байна. Энэ бүхэнд үндэслэн олон талын мэдлэг ойлголт өгсөн бүсчилсэн сургалтыг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай албан хаагчид орон нутагт газар дээр нь очиж, батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж байгаа нь үр дүнгээ өгч байна.
ЭМДЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил: ТӨРИЙН НЭГДСЭН СИСТЕМД ХОЛБОГДОЖ ИРГЭНЭЭ ТАНЬДАГ БОЛСОН
-Даатгалын байгууллага 2018 оноос үйлчилгээнүүдээ үе шаттай цахимжуулж ирсэн. Өнөөдөр бүхий л үйлчилгээ цахимд шилжлээ. Эрүүл мэндийн даатгалын цахим системтэй одоогоор 2500 гаруй байгууллага холбогдоод байна. Даатгалын системийг цахимжуулснаар маш олон шинэчлэл, давуу тал бий болсон. Ингэж шимтгэл төлөлтийг цахимжуулснаар иргэнийг хурууны хээгээр баталгаажуулж, төрийн нэгдсэн системд холбогдож иргэнээ таньдаг болсон. Мөн гүйцэтгэлийг цахимаар хянаж иргэн даатгуулагчид E-Mongolia, E-barimt-аар шимтгэлээ шуурхай төлж байна. Тэр хэрээр иргэн үйлчилгээгээ чирэгдэл хүлээгдэлгүй авч байна.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга С.Хэнчмэдэхгүй: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ХЯНАХАД ИЛҮҮ ДӨХӨМ БОЛЖ БАЙНА
-Орон нутагт байгаа эрүүл мэндийн даатгалын ажилтнууд чадавхижсанаар хамтарч ажилладаг байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх давуу талтай. Мөн үйлчилгээний чанарыг хянахад илүү дөхөм болж байна. Аймагт тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж байна. Тухайлбал, хавдарын дараах химийн эмчилгээг аймагт хийдэг болсноор иргэд нийслэл рүү явж ачаалал нэмэхгүй боллоо. Орон нутагт чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх юм бол чирэгдэлгүй, санхүүгийн дарамт багасч байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго нь нэн шаардлагатай тусламж үйлчилгээг даатгуулагчдад үзүүлэх, өвчнийхөө улмаас санхүүгийн эрсдэлд орохгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)