Б.ТУУЛ
Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл 2012 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд 2020 оноос хоёрдугаар шат эхэлсэн байдаг. Тэгвэл нийслэлийн сургууль цэцэрлэгийн цөөнгүй хувь нь олон жилийн өмнө баригдсан учир дулааны болон эрчим хүчний алдагдал ихтэй, өвөл хүйтэн, зун борооны ус гоожих, хана нь мөөгөнцөртөж чийгтэх явдал элбэг тохиолддог. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурахад хүндрэл учруулдаг. Тиймээс хуучин барилгатай хичээл сургуулийн байрнуудын дулаан алдагдлыг бууруулж, хэмнэлт гаргах зорилгоор энэхүү төслийг Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Ботаникт байрлах Хүүхэд хөгжлийн төвд хэрэгжүүлж дуусчээ. Төслийн багийнхан өнөөдөр энэхүү ажлаа холбогдох комисст хүлээлгэн өгч байгаа аж. Төслийн үр дүнд хүүхдийн сурах хөгжих орчин сайжрахын сацуу хичээлийн байрны өнгө зүс шинэчлэгдсэн, гаднах дулаалга хүйтний алдагдалгүй, нийт 50 гаруй цонхийг сольж, вакум болгосон, байшингийн дээвэр засаж шинэчилсэн, зургаан ширхэг ус зайлуулах шугам хоолой гээд олон ажлыг шинэчилж хийсэнд талархаж байгаагаа албаныхан хэлж байв.
Эх сурвалж: www.zms.mn