Ц.МЯГМАРБАЯР

Хөвсгөл аймгийг  мал аж ахуй газар тариалангийн салбартаа органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж 2022 онд НҮБ-ын ЮНЕСКО-оос Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулсан юм. Мөнх цас, мөсөн голуудаас их авсан 46 гол горхи цутгадаг Хөвсгөл нуур нь дэлхийн нийт  цэнгэг усны 0.4 хувь, монгол орны цэнгэг усны 74 хувийг эзэлдэг. Нуурын ай савыг тойрсон бэлчээрийн мал аж ахуй байгаль газарзүйн таатай нөхцөлд идээшлэн өсөн үржиж байгаа нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн их боломжтойд тооцогдож байна. Энэ давуу талаа ашиглан “Органик мах” брэнд бүтээгдэхүүнтэй болгох зорилт тавиад байгаа юм. Энэ хүрээнд “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” тухай Монгол Улсын Засгийн газрын 424 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр тогтоогдсон билээ.

Гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг энэ сарын 12,13-нд зохион байгуулах гэж байна.

“Шадар ван Чингүнжав”- ын талбайд болох өдөрлөгөөр үзэсгэлэн, худалдаанаас гадна  “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах, уламжлалт идээ ундааг сурталчлах,  органик мах, мах боловсруулалт, хоолны технологийн амталгаа, хоолны шоу үзүүлбэр зэрэг сонирхолтой арга хэмжээ болох юм байна.

Хөвсгөл аймгийн “Малчдын зөвлөлдөх уулзалт”-аар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулах цогц арга хэмжээ нь “Органик мах хөвсгөл экспо-2023” өдөрлөг ажээ.

Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн хэвээр байна. Ямаан сүргийн тоогоор улсад нэгдүгээрт ордог, жилд 1.5 - 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлдэг гээд Хөвсгөл аймагт мал аж ахуйн салбар орлогоороо тэргүүлдэг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаярын мэдээлснээр мал аж ахуйн салбарт жилд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн эргэлддэг байна. Одоогоор аймагт мах бэлтгэлийн долоон үйлдвэр ажиллаж байна. Эдгээр  үйлдвэрээ экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого барьж ногоон технологи, инновац шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлж, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татахаар ажиллаж байгаа тухай мэдээллээ.