Н.ЖАРГАЛМАА

 

Тэртээ 1963 онд Улсын Драмын театраас өрх тусгаарлаж Александр Пушкины “Евгений Онигин” дууриар өндөр үүдээ нээсэн энэ их театр өдгөө 60 жилийн түүхийг бүтээжээ. Театрын уран бүтээлчид энэ сарын 9-нд Сүхбаатрын талбайд “Сонгодог жаран” нээлттэй тоглолтыг үзэгч түмэндээ хүргэлээ. Түүхт жаран жилийн хугацаанд дэлхийн сонгодог дуурь, балетуудыг хийгээд монголын сор болсон бүтээлүүдээр урын сангаа баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр ирсэн юм. Энэхүү нээлттэй тоглолоор уран бүтээлүүдийн дээжээс толилуулж 60 жилээ дүгнэлээ.

Түүхэн ойг тохиолдуулан МУАЖ А.Дашпэлжээтэй ярилцлаа.

-Өнөөдөр УДБЭТ-н 60 жилийн ой тохиож байна. 60 жил гэдэг бол багагүй хугацаа шүү дээ. Иймд та ахмад жүжигчний хувьд өөрийн сэтгэгдлийг хуваалцаач

-Монголчуудын он тоололд жарнаар тоологддог. Манай театр үүсгэн байгуулагдаад нэгэн жарныг үджээ. Миний хувьд театртаа гоцлол дуучнаар 40 гаруй жил, уран сайхны удирдаачаар тав, зургаан жил ажиллажээ. Миний амьдралын бүхий л сайн сайхан, алдаа оноо ажил хөдөлмөр үнэлгээ театртай маань салшгүй холбоотой. Тиймд би машид баяртай байна. Энэ дашрамд энэ театрт ажиллаж, амьдарч байсан байгаа бүхий л уран бүтээлчдэд баярын мэндийг дэвшүүлье

-Та шинэ үеийг юу гэж харж, хэрхэн үнэлж байна вэ?

 - Мэдээж хэрэг бид бүгд дахин нэг жаран руу алхаж байна. Миний хувьд театрынхаа ахмад үе нь боллоо бас СУИС-д багшлаад хаана ч явсан холбоо сүлбээтэй байдаг л даа. Театрын удирдах уран бүтээлчид гэдэг хамгийн чухал удирдаач, хормейстэр, баллетмейстэр нар гэсэн үг шүү дээ. Шинэ залуу үеийн сайн сайн залуучууд гадаадад мэргэжил дээшлүүлээд, монголдоо сурах нь сураад нэг үеийн шижигнэсэн залуу баг бүрдэж байгаа юм. Дараачийн жарныг нэг гэж тоологдохоос эхлээд эдгээр залуучууд удирдан авч явна. Энэ залуус амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Ямарваа нэгэн юм үе үеэрээ л байдаг. Дан ганц удирдах хүмүүс гэлтгүй дуучид бүжигчид ч мөн залуу үеийнхэн орж ирж байгаа. Тиймээс эдгээр залуучууд үзэгч та бүхний урмыг хугалахгүй. Үзэгчдийн хүлээлтэд хүрч чадна гэдгийг би бахдал дүүрэн хэлмээр байна. Мөн түүнчлэн түүхэн цаг хугацаанд манай театрт ирж дуулсан, бүжиглэсэн уран бүтээлчид сэтгэл хангалуун буцдаг. Үүнтэй ижлээр манай театрын уран бүтээлчид дэлхийн олон улс орноор тоглолтуудыг хийж явахад хэзээ ч дундуур үнэлгээтэй байдаггүй. Үргэлж үзэгчдийн сэтгэлд хүрсэн халуун алга ташилттай өндөр үнэлгээтэй байсаар ирсэн. Олон улсын томоохон тэмцээнүүдийн шагналуудыг хамаад л ирдэг ийм сайхан хамт олон баг бүрэлдэхүүнтэйгээр жаран жилийн туршид үзэгчидтэйгээ хамт байлаа. Манай театр бол азидаа ховорхонд тооцогддог сонгодог урлагын театр. Хуучин комуннист орнууд зөвлөлтийн бүрэлдэхүүнд байхад ч эрдмийн теарт буюу анхны “академик театр” хэмээх цолыг хүртэж байсан их театр минь. Тиймээс ч бид үүгээрээ бахархахгүй байхын аргагүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)