Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эрчим хүчний салбар бол тухайн улс орны үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбарын нэг. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбарт гурван үеэрээ хүчин зүтгэхээс гадна салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн гэр бүлийг энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцолж байна. Эдгээр эрхэм хүмүүс бол ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль /ЭХС/-ийн Цахилгааны инженерийн салбар /ЦИС/-ын зөвлөх профессор, Монгол улсын төрийн шагналт, Академич, Монгол Улсын Гавьяат багш, техникийн шинжлэх ухааны доктор (D.Sc), профессор Д.Содномдорж, түүний хүү С.Ууганбаяр, зээ охин Б.Номундарь нар юм.
Өвөөгийн дурсамж
Д.Содномдорж 1948 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Цагаан дугуйн Хонд гэдэг газар Дарийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр хүүхэд насаа ээж, хоёр ахын хамт өнгөрөөсөн байна. Энэ тухайгаа Д.Содномдорж “Ээж маань жирийн л нэг малчин эмэгтэй байсан. Манайх ядруухан айл байсан. Тиймээс бид бэлтэй айлын хаяа бараадан амь зуудаг байлаа. Тухайн үед хүүхдүүд найман настай сургуульд ордог байсан бол би айлын хонь хариулсаар 10 настай сургуульд орсон” гэв.
Д.Содномдорж 1958 онд Дэлгэр сумын бага сургуульд элсэж дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшжээ. 1962 оны намар математик, физиктээ гаргууд сайн өндөр шар хүү Говь-Алтай аймгийн төвийн дунд сургуульд суралцахаар очсон юм. Зарчимч, хичээнгүй тэр хүү сурлагаараа ангидаа толгой цохиж эхлэв. Тэр тусмаа математикийн хичээлд авьяастай нэгэн байв. Тодруулбал, математикийн олимпиадад удаа дараа оролцож эхний гурван байранд тогтмол шалгарч байлаа. Ингэж явсаар 10 жилийн дунд сургуулиа Алтан медальтай төгсөж 1968 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуулийг Цахилгаан системийн мэргэжлээр суралцах урилга авсан юм. Тухайн үед алтан медальтай төгссөн хүүхдүүдийг ЗХУ-д сургадаг байж. Энэ тухайгаа Д.Содномдорж “1968 онд Уралын польтехникийн коллежд бэлтгэлгүйгээр орж, цахилгаан систем шугам сүлжээний мэргэжлээр их сургуулиа онц дүнтэй төгсөж байсан. Мөн дадлагын ажлуудаа ОХУ-ын цахилгаан станцуудад хамгаалсан” гэв.
Түүний ирээдүйн эрдэмтэн болох зам оюутан ахуй цагаас эхэлжээ. Тодруулбал, дээд сургуулийн нэгдүгээр курсээсээ математик, физик, дүрслэлийн геометр, материалын эсэргүүцэл хичээлүүдийн олимпиадад оролцож сургуулийн хэмжээнд тэргүүн байранд шалгарч байсны зэрэгцээ оюутны эрдэм шинжилгээний ажилд оролцож "Монголын төвийн эрчим хүчний системийн статик тогтворжилтын судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл нь тэргүүн байранд шалгарч байсан юм.
Д.Содномдорж 1970 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа гэргий М.Нарантуяатайгаа учирчээ. Эхнэр маань Уралийн их сургуульд цахилгаан техникийн факультетэд суралцахаар ирсэн. Тухайн үед манай сургуульд Монголоос 60 орчим оюутан сурдаг байлаа. Танилцах үдэшлэгийн үеэр эхнэртэйгээ танилцаж, тэр жилдээ сургуулийнхаа цайны газар хуримаа хийж байлаа.
1973 оны өвөл ЗХУ-ын Свердловск хотод удам залгах ууган хүү С.Ууганбаярыгаа өлгийдөн авчээ. Тэр жил Д.Содномдорж төгсөх курсийн оюутан байлаа. Диплом бичих гээд тун завгүй. Тиймээс Свердловскд эхнэр хүүгээ сар орчим асраад монгол руу хүргэсний дараа дипломоо хамгаалсан гэдэг.
Д.Содномдорж дээд сургуулиа төгсөөд МУИС-ийн эрчим хүчний факультетэд багшаар орж сургалт, эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн байна. Энэ л цаг үеэс тэр цахилгаан системийн горимын олон талт асуудлаар эрдэм шинжилгээний ажил хийж, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор улсын төсөвт болон аж ахуйн гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлсээр иржээ.
Д.Содномдорж нь өөрийн судалгааны ажлыг ОХУ-ын нэрт эрдэмтэд болох ОХУ-ын шинжлэх ухаан, техникийн гавъяат зүтгэлтэн, техникийн шинжлэх ухааны доктор,профессор Д.А.Арзамасцев,техникийн шинжлэх ухааны доктор, профессор В.З.Манусов, Л.Л.Богатырев, П.И.Бартоломей, АЛ.Мызин нарын удирдлага болон тэдэнтэй нягт уялдаатай ажиллаж хамтын бүтээлээ туурвижээ. Мөн тэрбээр АНУ, Хятад, Япон, өмнөд Солонгос болон ОХУ-ын олон эрдэмтэдтэй нягт холбоотой ажиллаж тэдний зохих бүтээлтэй байнга танилцаж судалгаа шинжилгээний ажлаа явуулдаг байна.
Д.Содномдорж Монгол Улсын эрчим хүчний салбарт нэгэн томоохон ололтыг эрдэмтэдтэйгээ нийлж хийсэн нь Улаанбаатар, Багануур, Дархан, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газруудын эрчим хүчний алдагдлыг бууруулах ажил юм. Тодруулбал, Цахилгаан станц дээр эрчим хүч үйлдвэрлэгдээд хэрэглэгчид ирэхдээ 25 хувиа алддаг байжээ. Энэ алдагдлыг 15 хувь болгон бууруулж түүгээрээ төрийн шагнал хүртсэн байна.
Хүүгийн хөрөг
Аав, ээжийгээ оюутан байхад төрсөн С.Ууганбаяр эхээс гурвуулаа. Тэд бүгд эрчим хүчний салбарын мэргэжил эзэмшжээ. Энэ тухайгаа “Би нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Бид гурав гурвуулаа эрчим хүчний мэргэжил эзэмшсэн. Би аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Эмэгтэй дүү С.Уянга санхүүч мэргэжилтэй ч магистрын зэргээ эрчим хүчний менежмент мэргэжлээр хамгаалсан. Отгон дүү С.Уламбаяр ШУТИС-ийг цахилгаан системийн мэргэжлээр төгссөн. Миний эхнэр цахилгаан эрчим хүчний системийн мэргэжилтэй. Мөн миний зээ дүү Б.Номундарь цахилгаан системийн инженер мэргэжилтэй. Нэг үгээр Д.Содномжоржийнх гэдэг айл эрчим хүчний салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байна” гэв.
С.Ууганбаяр “Миний хүүхэд нас тухайн үеийн МУИС-ын хоёрдугаар байранд байрлах политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультеттэй салшгүй холбоотой. Аавыгаа дагаад ажил дээр нь очно. Хичээл заахыг нь хараад бахархана. Аав шигээ л болох юм сан гэж мөрөөднө. Хичээлийн хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмжүүдийг нь сонирхоно. Ингэсээр цахилгаан эрчим хүч гэдэг зүйл хэдийнэ дотно, сонирхдог салбар болсон байжээ. Тиймээс дунд сургуулиа төгсөөд аавынхаа мэргэжлийг өвлөн цахилгааны инженер мэргэжлээр суралцсан” гэв.
Аавынхаа мэргэжлийг сонгосон нь хорвоог хамтдаа туулах ханьтайгаа уулзах гүүр нь болжээ. Тодруулбал, С.Ууганбаяр ангийн охин Х.Нарантуяад хайр сэтгэлтэй болж гэр бүл болон хоёрдугаар курстээ ууган хүү У.Баатарыгаа өлгийдөн авчээ. Тэд гэр бүлээрээ БНСУ-д очиж ажилласан тухайгаа “Намайг дээд сургууль төгсөх үед Солонгос руу хүмүүс явж эхэлж байсан үе. Тиймээс би ч бас эхнэрийнхээ хамт БНСУ-д ажиллахаар явсан. Азаар эзэмшсэн мэргэжилтэйгээ ойр буюу эмнэлгийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрт нэг жил ажилласан. Ингээд 1997 онд эх орондоо эргэж ирж байсан” гэв.
Тэрбээр 1997 онд Монголд эргэн ирж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газарт өндөр хүчдлийн залгах таслах аппаратурын инженерээр нэг жил ажилласан байна. С.Ууганбаяр өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1998 оны наймдугаар сард АНУ-ын Колорадо мужийн Денвер хотруу цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэгт суралцахаар хүлгийн жолоо залсан гэдэг. 1998-2000 онд эхнэр хүүхдийн хамтаар АНУ-д амьдарч магистрын зэргээ амжилттай хамгаалсан юм. Сургууль төгссөн жилээ удирдагч багш П.К.Сений туслахаар сургуульдаа ажиллаад дараа нь Колорадогийн инженерийн компаниудад ажиллаж туршлага хуримтлуулсан.
Эх орноосоо гурвуулаа гарсан бол АНУ-д отгон хүү У.Болд-Уян нь мэндэлж ам бүл дөрвүүлээ болоод 2008 онд эх орондоо эргэн иржээ. Ирээд М Си Эс Интернэйшнл ХХК хэмээх эрчим хүчний компанид ажилд орж, өдгөө 16 дахь жилдээ ажиллаж буй нь энэ юм. 2008-2009 онд Ухаахудаг 18 МВт дулааны цахилгаан станц төслийн урьдчилсан болон банкний ТЭЗҮ дээр гадны компанитай хамтран ажилласан. Энэ станц бол зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол инженерүүд бие дааж бүтээсэн анхны цахилгаан станц юм. Компанийнхаа хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурьдвал 2016 оноос хойш манай компани сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр илүү эрчимтэй ажилласан. Тодруулбал, 2016-2018 онд Цэций 50 МВт, Сайншанд 55 МВт салхин парк төслүүдийг хэрэгжүүлж ашиглалтанд өгсөн. Мөн 2017-2018 онд Замын-үүд 15 МВт, Шинэ нисэхийн 15 МВт нарны цахилгаан станц төслүүдийг түлхүүр гардуулах нөхцлөөр тус тус амжилттай хэрэгжүүлсэн. 2018-2019 онд Оюутолгойн төв дулааны станцыг 2Х29 МВт-аар өргөтгөх, төслийг хэрэгжүүлсэн. Оюутолгой гүний уурхайн бүтээн байгуулалтанд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт таван төслийг хэрэгжүүлсэн. 2021-2022 онд Улиастай таван МВт нарны, 3.6 МВт*ц эрчим хүч хуримтлуурын төсөл, 2022-2023 онд Алтай 10 МВт нарны цахилгаан станцын төслийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна. Сүүлийн хоёр нарны цахилгаан станцын төсөл бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжсэн төслүүд юм. Энэ жилээс АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ДЦС 3 ба 4-ийн ус хангамжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг цэвэрлэсэний дараа дээрх станцуудад ашиглах төсөл бөгөөд ингэснээр одоо ДЦС 3 ба 4-ийн ашиглаж байгаа цэвэр усны ихэнхийг хэмнэж Уланбаатар хотын ус хангамжруу нийлүүлэх төсөл юм” гэв.
Энэ мэтээр С.Ууганбаяр Монгол Улсад хэрэгжиж буй эрчим хүч, дэд бүтцийн олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж, эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулж яваа нэгэн юм.
Өвөөгийнхөө зам мөрийг үргэлжлүүлж байна
Гуравдахь үеийн төлөөлөл зээ охин Б.Номундарьтай ярилцлаа.
-ШУТИС-д багшлаад хэр удаж байна. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?
-Би 2017 онд ШУТИС-ийг цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд эрчим хүчний хөгжлийн төвд дөрвөн жил ажилласан. Ажиллах явцдаа техникийн ухаааны магистын зэрэг хамгаалсан. 2020 онд БНСУ-д эрчим хүчний бодлого төлөвлөлтийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Энэ жилээс ШУТИС-д цахилгаан эрчим хүчний сургуульд дадлагажигч багшаар ажиллаж байна.
-Эрчим хүчний салбартай холбоотой мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн нь нөлөөлсөн үү?
-Би ээж шигээ санхүүч болно гэж боддог байсан. ЭЕШ өгөх үеэр ээж маань эрчим хүчний салбар хөгжиж буй салбар. Илүү ирээдүйтэй. Тиймээс өвөөгийнхөө мэргэжлийг эзэмшсэн нь дээр гэсэн. Ээжийнхээ үгэнд орж өвөөгийнхөө мэргэжил болох цахилгаан системийн мэргэжлээр ШУТИС-д элссэн. Гэхдээ энэ мэргэжил миний хувьд огт мэдэхгүй салбар биш. Өвөө, эмээ, нагац хоёр ах, бэр эгч гээд энэ салбартай манай гэр бүлийн олон хүн холбоотой. Тиймээс суралцахад тийм ч хэцүү байгаагүй. Мөн өвөөгийнхөө зам мөрийг үргэлжлүүлэн ШУТИС-д багшилж байгаагаараа бахархдаг.
-Өвөөтэйгөө хамт нэг газар ажиллана гэдэг ховорхон заяах хувь тохиол. Өвөөтэйгөө ажиллах ямар байна?
-Өвөөгөөрөө маш их бахархахаас гадна хамт ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг. Таны асууснаар өвөөтэйгөө хамт ажиллахад сайхан, муухай хоёр талтай. Мэдэхгүй, чадахгүй зүйл байвал өвөөгөөсөө шууд очоод асуух нь сайхан санагддаг. Гэвч нөгөө талаараа ажил амьдралын харилцаа ойртоод ирсэн нь түүнийг зохицуулж сурах шаардлага гарсан. Дасан зохицоход бага зэрэг хүндрэлтэй байсан. Одоо бол зохицуулж сурсан.
-Ээж чинь айлын ганц охин. Чи бас айлын ганц охин гэсэн. Өвөө чинь чамайг их эрхлүүлдэг гэсэн?
-Тийм ээ. Аав нар охиндоо илүү хайртай байдаг шүү дээ. Ээж маань айлын ганц охин учраас өвөө маань ээжийг их эрхлүүлдэг байсан гэдэг. Намайг бас их хайрлаж, өөртэйгөө ойр байлгах гэдэг. Тийм ч учраас одоо хамт ажиллаж байгаа байх.
-Өвөө болон нагац ахынхаа тухай?
-Өөртөө хатуу байж чадсан хүмүүс амжилт үзүүлдэг гэдэг шиг өвөө маань их зарчимч хүн. Жишээлбэл, яг цагтаа хоолоо идэж, унтаж, уулздаг. Өөрөө тийм болохоороо бусдаас тийм зүйлийг хүсдэг. Тэр нь заримдаа хүндрэлтэй санагддаг. Нагац ах бас зарчимч хөдөлмөрч, оюунлаг хүн байдаг.
-Ирээдүйд ямар багш болно гэж бодож байна?
-Эрчим хүчний ирээдүйн боловсон хүчний бэлтгэх хариуцлагатай ажлыг хийж байна. Иймд хаана ч ажилласан үнэлэгдэх чанартай оюутнуудыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)