Н.ЖАРГАЛМАА

 

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 28 дахь удаагаа Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, төрийн болон төрийн бус байгууллагууд болон БНСУ-н “Жэжү 4.3 Энхтайвны сан”-гийн хамт олонтой хамтран зохион байгууллаа.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-н Чэжү хотын “Чэжү 4.3 Энхтайвны сан”-ын цэцэрлэгт хүрээлэнд “Монголын их хэлмэгдүүлэлтийн түүх” сэдэвт үзэсгэлэнг нэг сарын хугацаанд толилуулсан. Энэ нь Зүүн өмнөд азийн бүс нутагт анх удаа Монгол Улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн түүхийг танилцуулсан түүхэн үйл явдал болсон юм. Уг айлчлалын хариу айлчлал болгон УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн урилгаар “Чэжү 4.3 Энхтайвны сан”-ын тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчид ирж “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын түүх” хэлмэгдүүлэгсдийн тусгай үзэсгэлэнг гаргав. Нэгдсэн арга хэмжээг нээн УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяа үг хэллээ.

Жил бүрийн энэ өдөр бид хэлмэгдэгсдээ хүндэтгэх, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэх ажлуудыг улс орон даяр хийдэг. СХД-т “Анхны -14” хэмээх хэлмэгдэсдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллаагааг амжилттай зохион байгууллаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Харь улсад цаазаар авхуулсан 249 Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэнд хүндэтгэл үзүүлэх Гэрэлт хөшөө, Ногоон байгууламж, Ногоон төглийг байгуулж  хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн алс холын Москва хотын дурсгалын танхимд хүндэтгэл үзүүлэх боломжгүйгээр олон жилийг ардаа үдсэн. Харин тэднийхээ дурсгалыг мөнхжүүлж эх орондоо уг дурсгалын гэрэлт хөшөөг бий болгосноор ар гэрийнхэн дурсгалыг хүнлэтгэх мод тарих боломж бий болж байна. Энэ жилийн хувьд бид анх удааа гадаад харилцааг өргөжүүлж БНСУ-н “Чэжү 4.3 Энхтайвны сан”-тай хамтран зохион байгуулж байна. БНСУ-н  Чэжү аралд 1948 онд өрнөсөн хэлмэгдүүлэлтээр нийт 34 мянган хүн өртөж үүнээс 14 мянга хүн цаазаар авхуулж байсан байдаг. Иймд бид бусад орнуудад өрнөсөн хэлмэгдүүлэлтийг таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хоёр улсын хамтын ажиллагаа нь Ардчиллыг бэхжүүлэх нэгэн зорилготой. Ардчиллыг бэхжүүлснээр хүний эрх, эрх чөлөө хангагддаг. Хүний эрхийн зөрчилгүй байхын төлөө ажилладаг, тэмцдэг бидний үндсэн чиг баримтлал ижил төстэй учраас бид өнөөдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа” гэлээ. Түүний дараагаар “Чэжү 4.3 Энхтайвны сан”-н тэргүүн Ко Хи Бум “Хамгийн тэргүүнд энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон түүхэн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Өнгөрсөн хугацаанд түүхийн гашуун үнэнийг илчилж бидэнд таниулж өгсөн тэдгээр гэр бүлүүдэд мөн эмгэнэл илэрхийлж байна. Монголын их хэлмэгдүүлэлт, Чэжү 4.3-н гашуун түүх бол хэзээ ч мартаж болохгүй түүх. Энэ түүхийн гашуун үнэнийг мартах л юм бол хэзээ нэгэн цагт дахин давтагдах болно. Тиймд бид энэ түүхийг огтоос марталгүй үргэлж санаж байх ёстой. Түүхэн сургамжийн хамгийн чухал үндсэн нь юу вэ гэвэл тусгаар тогтнол, хувь заяагаа өөрсдөө шийдэх хэрэгтэй” хэмээлээ.

Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт ирсэн Монголын төр нийгмийн зүтгэлтэн Банзаржавын Баасанжавын зээ охин Сүрэнгийн Мөнхцэцэг "Жил бүр энэ өдрийг хэлмэгдэгсдийн дурсгал болгон зохион байгуулж байгаад талархаж байна. Миний өвөө төр нийгмийн зүтгэлтэн байсан. Анх энэ хэлмэгдэгсдийн ар гэрийн хүмүүс олноор цугладаг байсан ч жил ирэх тусам цөөрсөөр байгаа. Улсаас мөнгө тарааснаас хойш цөөхөн хэдэн хүн тэднийхээ дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна. Зөвхөн манай улс бус өөр улсууд ч мөн хэлмэгдэгсдээ хүндэтгэж тэднийхээ дурсгалыг мөнхжүүлж байгаа арга туршлагаа хуваалцаж байгаад баяртай байна”гэв. Чэжү 4.3 Энхтайвны сангийн төлөөлөгч И Жэ Сын "Манай хоёр орон энэ жил анх удаа хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тиймээс цаашид бие биенээ илүү сайн мэдэж түүхийн энэ үйл явдлыг судалж хамтарсан үйл ажиллаагаа хэрэгжүүлэх байх" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)