Т.БААСАНСҮРЭН
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
До.Цэнджав утга зохиол, сэтгүүл зүйн бүх төрөл, зүйлээр бичдэг авьяаслаг уран бүтээлч. Тэгэхдээ жигд бичдэг гэж тодотгое. Өөрөөр хэлбэл уран зохиолын өгүүллэг, тууж, роман, Сэтгүүл зүйн мэдээ, сурвалжлага, өгүүлэл, найруулал, эссе бүгдийг ур чадварын өндөр түвшинд урлан бүтээдэг гэсэн үг юм. Ийм авьяастан тун ховор. Хуруу дарам цөөхөн.
Урьд нь би түүний роман, тууж, өгүүллэгийн талаар, тэрчлэн нийтлэлийн зарим бүтээлүүдийнх нь тухайд нэг биш судлал, шүүмжийн өгүүлэл бичиж уншигчдын хүртээл болгож байсан тул энэ удаад олныг нуршихгүй.
Зөвхөн “Хийлч” хэмээх богино өгүүллэгийнх нь агуулга ба санаа, дүр дүрслэл ба уран чадварын тухай цөөн үг хэлье. “Хийлч” бол богино өгүүллэг. Ердөө 1.5 хуудас. “Цав цагаан даашинзтай, мушгирсан задгай хар үстэй, гантигаар сийлчихсэн юм шиг зэгзгэр гоолиг бие хаатай...” хэмээн өгүүллэг эхэлж байна. Хийлчин бүсгүйн гадаад гоо үзэмжийг зурж дүрсэлжээ. Цааш нь “залуу гоо бүсгүйн махбодийн гөлчгөр шуу, бугуй нь нүцгэнээрээ илхэн” гэж үргэлжлүүлээд “хийлч хааяа донж намбатай ганхасхийснээ, гэнэт хийлийнхээ маш нарийхан дээд өнгөнд тултал нь хүргэснээ, доошоо буулган, бүхий л бие цогцсоороо аялгуундаа уусах мэт болох ажээ” хэмээжээ.
Үзэсгэлэн гоо хийлч бүсгүйн үнэн тансаг төрх байдал, гоо үзэсгэлэн нүдний өмнө тодрон дүрслэгдэх агаад донж намбатай ганхасхийснээ гэнэт хийлийнхээ маш нарийхан дээд өнгөнд тултал нь хүргэснээ, доошоо буулган, бүхий л бие цогцсоороо аялгуундаа уусах мэт болох ажээ гэсэн байна. Бүхий л бие цогцсоороо аялгуундаа уусах мэт болох ажээ гэсэн өгүүлбэрийн төгсгөл хэсэгт хийлчин бүсгүйн дотоод ертөнц зурсхийгээд өнгөрч байна. Гадаад өнгө үзэмжийн гоо сайхнаас хийлчин бүсгүйн дотоод ертөнцийн гоо сайхан руу дүр дүрслэлээ шилжүүлжээ. Аялгуундаа уусах мэт болох ажээ гэсэн энэ таван үгэнд үлэмжийн гайхамшигт үзэсгэлэнт хийлчин бүсгүйн дотоод ертөнц гэрэлтэн дэлгэгдэж туяаран гийж байгаа юм. Өөрөөр хэлбэл зохиогч монголжин хийлчийн гадаад ба дотоод гоо үзэмжийг зэрэгцүүлэн сүлэлдүүлэн дүрсэлж үзүүлжээ.
Энэ нь Их Театрын өмнөх эгнээнд тухалсан Оросын хоёр том хөгжмийн зохиолчийн төдийгүй тус театрын тайзнаа залуу халуун нас, задарсан гоц авьяасаа үзүүлэн салхи шиг хийсэж, солонго шиг илбэдэж явсан “мушгисан даавуу шиг үрчлээтсэн гооногор хүзүүтэй, дундад зууных шиг хар малгайны торгон торны цаана бодолд дарагдсан” ардын жүжигчин авгайн гайхлыг эрхгүй төрүүлж тэд хоорондоо итгэж ядан шивнэлдэж байх ажээ.
Яг энэ мөчид хийл хөгжмийн чавхдаст дөрвөн утасны нэг нь гэнэт часхийн дуугарч, гялсхийн тасарч “ээ бурхан минь... одоо яанаа” гэж хөгшин авгай дуун алдаж байна. Гэвч хийлчин бүсгүй эхлүүлсэн аязаа таслалгүйгээр юу ч болоогүй юм шиг гүйцээн дуусгахад “торомгор хар нүдэнд нулимс гялтганав” гэж зохиолч бичээд “”хашийн шүдээрээ ярсхийн инээмсэглэж мэхийн ёсолчихоод жаахан охин шиг дэгдэн хөшигний араар оров” гэсэн байна.
Алга нижигнэж, хүмүүс хашгиралдаж, тааз руу бөөн бөөн цэцэг шидэж, мөнөөх авгай “гайхамшиг... үзээгүй юмаа ч үзлээ” хэмээн дуун алдахад дэргэдэх хөгжмийн алдарт зохиолч “аргагүй л төрчихжээ” гээд толгой сэгсэрч байна.
“Хийлч бүсгүй тайзны ард ороод мэгштэл уйлав”. Ийм үгээр өгүүллэг үргэлжилжээ. Ингээд дахиулж байна. Зүрхээ дарсан хийлч бүсгүй “Хэнтийн өндөр ууланд” аязыг гурван утастай хийл дээрээ уянгалуулан их театрыг нам гүм, чив чимээгүй болгоно. “Өвгөн европ дорнын их хийлч, дорнын гоо дагинаас салж ядан байх шигээ...” гэжээ. Ингээд тоглолт дуусч байна. Алга ташилт үргэлжилсээр. Чамгүй хугацаа өнгөрсний дараа “хар хувцастай өндөр залуу энгэртээ баруун гараараа гурван утастай хийлээ барьмаг болсон, мушгиа гил хар үс нь задгайран асгарч, зүүн гар нь доош унжсан хун шиг бүсгүйг өргөсөөр гарч ирэхэд, театрынхан тэр чигээрээ нэгэн дуугаар “юу вэ? яанаа... ухаан алдчихав уу?... амь тавьчихав уу?” гэж шивэр авирхийн хиртхийлээ” гэжээ.
Юм бүхэн дуусчээ. Энэ дөрөвхөн утсанд амь нас, сүнс нь байж дээ хөөрхий. Хийлийн утас зүрхнийх нь судас байж.... тэр нь тасарчихлаа... гэж үзэгчид өөр хоорондоо шивнэлдэж, нүүр царайнд нь айдас хүйдэс, бахархал гуниг тодрон байв гэж зохиогч өгүүлээд “аугаа их театрын асар том болор унжлагт гэрлийг гурвантаа унтрааж, гурвантаа асааж” Дорнын суут хийлчний өмнө их театр маань өвдөг сөхөрлөө гэсэн байна. Гурван зууны түүхийг элээсэн Их Театр урьд өмнө нь хоёрхон удаа гэрлээ ингэж гурвантаа тасалсан гэдэг гэж сануулахаа ч зохиогч бас мартсангүй. “Хун шувуу нуурандаа бас ингэж төгсдөг юм байж дээ” гэж хийлч хөгшин авгай өөртөө шивнэж байна.
Үлэмжийн сонин өгүүлэмж. Үлэмжийн сонирхолтой шийдэл. Байж болох ба бас үгүй ч байж мэдэх зохиомж. Товч, тэгэхдээ бас тодорхой. Ийм нэгэн өгүүллэгийг До.Цэнджав бүтээжээ. Нэг л зүйлийг би баталгаатай хэлж чадах байна. Агуулга ба санаагаа гүйцэд илэрхийлэн гаргаж, түүнийгээ дүр дүрслэл, ур чадвар заан үгийн хүдрийг шилж сонгон сондорлуулж зурж өгүүлнэ гэдэг бол яах ч аргагүй билэг танхай авьяастнаас л гарах үйлдэл. До.Цэнджаваас тэр нь гарсан байна. Товч бичихийг авьяас гэдэг юм гэж Оросын богино өгүүллэгийн их мастер Антон Павловчич Чехов зүгээр ч нэг хэлээгүй бололтой догоо.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч Долгорын Цэнджавын зохиол бүтээлүүдийн бусдаас ялгарах нэг ялгаа нь өвөрмөц сонин сэдэв, өөлж баалахын аргагүй сонирхолтой зохиомж, эерэг ба сөрөг баатруудын хувь заяаны өрнөл хөгжилтийн огцом содон шийдэл байдаг гэж хэлж болно. “Хийлчин” өгүүллэгийн гол баатар үзэсгэлэн гоо монгол бүсгүйн хувь заяаны хурц хувирал өөрчлөлт, огцом эмгэнэлт төгсгөлийг ч мөн л тэр өвөрмөц аргаараа урлажээ. Халагламаар бас харамсмаар. Итгэмээргүй ч гэж хэлж болохоор. Гэвч зохиогчийн шийдэл бол шийдэл. Түүнд хэн ч халдаж үл болно.
Учир нь уран бүтээлч хүн агуулга сэдвээ эрж хайж, олж авсан санаагаа удтал бодож боловсруулж эхлэл ба төгсгөлөө эмхэлж цэгцэлж, шигтгээ шийдлээ ахин дахин нягталж, үнэнхүү бие сэтгэлээрээ энэлж шаналж, тархиа тарчлааж, зүрхээ шархируулан байж бичиж бүтээдэг билээ. Тийм учраас түүнд нь гүн хүндэтгэлтэйгээр хандах учиртай. Хүний бодоогүйг бодож, олоогүйг олж, хэлж чадаагүйг хэлнэ гэдэг онцгой тод авьяас. Том торгон мэдрэмж.
До.Цэнджавын энэ өвөрмөц онцлог шинжийг миний бие бүр өөр нэг зүйл дээрээс бас огт санамсаргүйгээр тун тод мэдэрч туйлын ихээр гайхширснаа мартдаггүй юм. Тэр тухай өгүүлсүгэй. 2019 он дөнгөж гарч байлаа. Жил бүрийн нэгдүгээр сарын 9-нд Монголын зохиолчид уран бүтээлийн эвлэлийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг юм.
Их соён гэгээрүүлэгч С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын ахмад зохиолчид 1929 оны нэгдүгээр сарын 9-нд Монголын Зохиолчдын Эвлэлийг үүсгэн байгуулжээ. 2019 онд түүхт 90 жилийн ой нь тохиов. Тэгэхэд До.Цэнджав МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. 90 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Дуурь Бүжгийн Улсын Эрдмийн театрт болов. Бидэн дундаа хамгийн ахмад нь болох Бөхийн Бааст гуайд Монголын төр Хөдөлмөрийн Баатар цол хайрлав. МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал болоод хорооны аппаратад ажилладаг хэдэн хүнийг мөн одон, медиалиар шагнав. Баяр хөөр болсон үгийн мастерууд Дуурь Бүжгийн Улсын академик театрт багтаж ядан баярлалдаж байтал Л.Дашням нарын бидний хэдэн зохиолчийг тайзнаа гарч ирэхийг урилаа. Монголын Зохиолчдын Эвлэлийн дээд шагнал-Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит шагналаар шагнажээ. ТУЗ-ийн дарга зохиолч До.Цэнджав түмэн хүний нүдэн дээр эл шагналыг бидэнд гардуулж, энгэрт маань Сономбалжирын Буяннэмэхийн хөрөг бүхий тэмдгийг зүүж өглөө.
Огтын санаандгүй байсан би бээр ихэд тулгамдан сандрав. Юу хийж бүтээлээ гэж Монголын Зохиолчдын Эвлэлийг үүсгэн байгуулагчийн нэрэмжит шагналыг хүртэж байгаа билээ гэж өөрөөсөө асуув. Хариулт олдож өгөхгүй байлаа. Өөрөөсөө сүрхий ичив. Учир нь Сономбалжирын Буяннэмэхийн шүлэг, өгүүллэг, тууж, жүжгүүд болоод шүүмж судлалын бүтээлүүдийг гүйцэд уншиж судлаагүй, өөрөөр хэлбэл түүнийг төгс сайн мэдэхгүй байв. Үүнээсээ үнэхээр ичиж байлаа. 2000 онд Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Засгийн газрын утга зохиолын дээд шагналыг хүртэхдээ нүүр бардам байсан санагдана. Яагаад гэвэл би Д.Нацагдоржоо, зохиол бүтээлүүдийг нь цээжээр мэддэг байсан юм. Гэтэл Сономбалжирын Буяннэмэхийг тийм хэмжээнд мэдэхгүй байлаа.
Ингээд Сономбалжирын Буяннэмэхийг, түүний бүтээл туурвилыг нь иж бүрнээр судалж үзье гэж санаа шулуудав. Миний утга зохиолын багш, Дорнын их уран зохиолч Донровын Намдаг гуайн “С.Буяннэмэхийг судлах хэрэгтэй. Судалж байж л гүйцэд ойлгоно” гэж хэлж байсан үг нь ч толгой руу орж ирж байна. Аз болоход С.Буяннэмэхийн зохиол бүтээл, судлал шүүмжлэлийн бүтээлүүдийг доктор Дожоогийн Цэдэв, Өвөр монголын эрдэмтэн Ван Мандуга нар дөрвөн ботиор хуучин монгол бичиг болон орчин цагийн крилл үсгээр ботилон гаргасан байсан юм. 2019 онд би өөр юм бараг уншаагүй, С.Буяннэмэхийг л уншсан. Ахин дахин уншиж судалсан. Үр дүнд нь “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” нэг сэдэвт зохиолоо бичиж дуусган уншигч түмэндээ өргөн барьсан билээ. Ойлголтоо улам гүнзгийрүүлж олон зүйлийг цоо шинээр олж харж, мэдэж авсан билээ. Соён гэгээрүүлэгч С.Буяннэмэх гэдэг их хүн миний өмнө бүрэн утгаараа, төгс төгөлдрөөр өндийн босч ирсэн юм. Түүнийг гүйцэд ойлгож мэдэрч монголын урлаг, утга зохиол, сэтгүүл зүйн түүхэн дэх байх ёстой байр сууринд нь тавих түүхэн үүрэг өчүүхэн надад оногджээ гэдгийг би сүүлд бие сэтгэлээрээ мэдэрсэн. Тэгж бодоод сэтгэл баясаж, санаа амрах шиг болсон билээ.
Одоо бол би Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит утга зохиолын дээд шагнал хүртсэндээ санаа зовохгүй нүүр бардам байгаа. Яагаад гэвэл тэр их соён гэгээрүүлэгчийг, түүний амьдрал тэмцлийн утга учир, зохиол бүтээлүүдийнх нь агуулга санаа, ач холбогдол, ур чадварыг мэдэж байгаад, тэр нь шинэ монголын шинэ цагийн жүжиг, утга зохиол, сэтгүүл зүйн түүхийг эхлүүлэхэд, нэн ялангуяа монголын орчин үеийн утга зохиол, сэтгүүл зүйн онолын сэтгэлгээг хөгжүүлэхэд ямар гайхамшигт хувь нэмэр оруулсныг хэнээс ч дутахгүй, магадгүй бага зэрэг илүүтэй мэдэж байгаа учраас тэр. Хамгийн гол нь энэ бүхнийг Монголын нийгэмд, өргөн олон уншигчдад таниулж мэдрүүлэх үйлсэд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулсандаа сэтгэл тун хангалуун байгаа болно...
Монголын Зохиолчдын Эвлэлийг үүсгэн байгуулагч Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит утга зохиолын шагналыг хүртсэнээс хойш таван жил өнгөрч байна. Саяхан До.Цэнджавтайгаа тааралдав. 2019 оны нэгдүгээр сарын 9-нд чи намайг Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит утга зохиолын дээд шагналаар шагнаагүй бол би “С. Буяннэмэх судлаач” болохгүй өнгөрөх байсан байх шүү гэж үнэнээ хэллээ. Тэр тун зальжнаар хоёр нүдээ жартайлган над руу налсхийн ойртсоноо “Найз нь үнэнээ хэлье. С. Буяннэмэхийн нэрэмжит шагналыг би хэн хэнд өгөх вэ гэж сүрхий бодсон юмаа. Бодож бодож “Намайг ийм шагналаар шагналаа гэж хүн бүрт яриад явдаг нэг хүнд олгоё, тэр нь Л.Дашням болог. Суун тусан шууд л судалж эхлэх нэг хүнд өгье, тэр нь Т.Баасансүрэн байг. Аль аль нь С.Буяннэмэхийн маш сайн сурталчилгаа болно гэж тогтсон билээ. Би оносон байна лээ” гэж чихнээ шивнээд тас тас хөхрөв.
Би түүн рүү гайхан харлаа. Тоглосон шинж царайд нь алга. Үлэмжийн сонин шийдэл мөн байгаа биз. До.Цэнджав гэдэг ийм л уран бүтээлч, тийм л удирдагч нөхөр байгаа юм даа. Энэ бол Монголын утга зохиолд хайртай сэтгэлтэйн шинж, түүнийг үндэслэгчдийн талаарх сурталчилгаа, судалгаа шинжилгээнд тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг доктор, профессор До.Цэнджавын бусдаас ялгарах нэг өвөрмөц ялгаа юм болов уу гэж бодогдож байна. Аугаа их соён гэгээрүүлэгч С.Буяннэмэх бол Дундговь аймгийнх, тэр бас энэ нутгийн уугуул. Нутаг нэгтнүүдийн хувьд нүдэнд үл үзэгдэх, бидний үл мэдэх, үл мэдрэх тийм хүйн холбоо байдаг ч байж мэдэх юм. МЗЭ-ийн түүхт 95 жилийн ой тун удахгүй, ердөө хагас жилийн дараа 2024 оны нэгдүгээр сарын 9-нд болно. Өнөөдөр манай Зохиолчдын Эвлэлийг яруу найрагч Ичинхорлоо, сэтгүүлч Энхжавхлан гэсэн шижигнэсэн хоёр эмэгтэй дарга удирдаж байгаа.
2023 оны долдугаар сар.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)