Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа буудлагын спортоор хичээллэж буй Я.Маргад, Я.Марал нарыг урилаа. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын аравдугаар ангийн сурагчид юм.
Я.Маргад: Спортын мастер болох зорилготой
-Бид өнгөрсөн нэгдүгээр сараас ангийн найзтайгаа буудлагаар хичээллэж эхэлсэн. Буудлагын спортын мастер Э.Юмжирмаа багшийн сургалтад явсан. Энэ үеэс өөртэйгөө тулж ажиллах, алдаанаасаа суралцах чавдарыг эзэмшсэн. Буугаа бариад байг онох үед анхаарал төвлөрөлтөөс гадна багшийн заасан техникүүдээ боддог. Анх “Монголын үнэн” сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд амжилттай оролцож оноогоороо нэгдүгээр зэргийн болзол хангасан. Мөн Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаарчилсан төрөлд алтан медаль, холимог төрөлд тэргүүн байр эзэлсэн. Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын ганцаарчилсан төрөлд Спортын дэд мастерийн болзол хангаж, алтан медаль авч холимог төрөлд мөнгөн медаль хүртэж байлаа. Үүнээс гадна Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс холимог төрөлд дөрөвдүгээр байр эзэлж, амжилтаа бага багаар ахиулж явна. Буудлагаар хичээллэх үед анхаарал бүрэн төвлөрөхгүй байх, зарим техникийг буруу хийснээс амжилт гаргаагүй үедээ шантармаар санагддаг. Гэхдээ хэзээ ч буудлагаа орхино гэж бодож байгаагүй. Миний цаашдын зорилго гаргасан амжилтуудаа ахиулж, спортын мастер цолны болзол биелүүлэхийг хүсэж байна.
Я.Марал: Буудлага өөрийгөө ялан дийлж, зөв хүн болоход чухал нөлөөтэй
-Анх Максим найз маань буудлагын сургалтад явж байгааг сонссон. Энэ үеэс Я.Маргад бид хоёр буудлагаар хичээллэх болсон. Сургалтад явж эхлээд одоо есөн сар болж байна. Энэ спорт өөрийгөө ялан дийлж, тэсвэр хатуужилтай зөв хүн болоход чухал нөлөөтэй юм билээ. Анх буудлагаар хичээллэж байхад олон цагаар буу шагайж зогсох үед их тэвчээр шаардсан. Би буудах үедээ бэлдэх байдлаа хянаж, өөрийн сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Буудлагын спортын мастер Э. Юмжирмаа багшаасаа их зүйл суралцаж байна. Миний хувьд ихэртэйгээ хамт “Монголын үнэн” сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд оролцож нэгдүгээр зэргийн болзол хангасан. Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, холимог төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн. Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд спортын дэд мастерийн болзол хангаснаас гадна холимог төрөлд алтан медаль хүртсэн амжилт гаргалаа. Цаашид буудлагын спортоороо ОУХМ цолтой болохыг зорьж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)