Эдийн засагч Х.Батсуурь
Бурхан гэдэг салаа утгатай үгний талаар би багаасаа л мэдэхийг хичээдэг байсан ч учрыг нь төдий л сайн ойлгодоггүй байлаа. Ойлгоход хүндрэл нь юу гэвэл Бурхан гэдэг үгэнд нэгдүгээрт, дээд тэнгэр, агуу их хүч, ертөнц, хүмүүний эзэн, захирагч, ивээгч, сахиус гэсэн утга агуулагддаг. Хоёрдугаарт, бидний тахин шүтдэг будда нь бурхан юм гэж ойлгогддог, бид бурхан гэж хэлээд буддадаа мөргөдөг.
Гэтэл дээд тэнгэр, агуу их хүч, ертөнц, хүмүүний эзэн, захирагч, ивээгч, сахиус нь будда биш бөгөөд огт өөр ойлголт байдаг. Буддын шашинд дээд тэнгэр, агуу их хүч, ертөнц, хүмүүний эзэн, захирагч, ивээгч гэж үгүй харин хүн өөрөө гэгээрэл, төгсөрлийн замаар дээд төрөлтөн “бурхан” болж болно гэж үздэг. Гэтэл бид Бурхан гэдэг нэг үгээр хоёр өөр зүйлийг нэрлээд холиод яваад байдаг.
Монгол хэлэн дэх бурхан гэдэг үг олон улсын академик хүрээнд олон эрдэмтэд судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Тухайлбал, P.Schmidt, Baron von StaR-Holstein зэрэг судлаачид эрдэмтэд өөр, өөрийн өнцгөөс тайлбарлах гэж оролдсоор ирсэн. Турк хэлэн дэх “Purkhan”, Энэтхэг хэлэн дэх “Brahman” гэсэн үгний хувирал байж болно, ”pur+khan” буюу хан, хаан гэх үгтэй холбоотой гэх мэтээр. Гэхдээ эдгээр тайлбаруудын аль нь ч итгэл үнэмшил төрүүлхүйц үндэслэлтэй байж чадаагүй. Харин энэ учир нь олдохгүй зөрүүтэй ойлголтыг АНУ-ын эрдэмтэн Berthold Laufer 1916 онд тайлж тайлбарласан нь миний хувьд хамгийн зөв оновчтой тайлбар санагддаг.
“Америкийн Дорнын Нийгэмлэг” хэмээх Ази судлаач, эрдэмтдийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Америкийн Дорнын Нийгэмлэгийн Сэтгүүл” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлийн 1916 оны 36 дугаар хэвлэлтэнд Америкийн эрдэмтэн судлаач Berthold Laufer “Бурхан” гэж үгний гарал үүслийн талаар, хэрхэн монгол хэлэнд хэрэглэгдэх болсон, монголчууд яагаад Буддаг Бурхан хэмээн нэрлэх болсон талаар тайлбарласан нийтлэл хэвлүүлсэн. Ингэхдээ Berthold ихээхэн ул суурьтай хөрөнгө хүч зарсан судалгаа хийсэн байдаг. Тэр эхлээд бурхан гэдэг үгийн үндсийг хөөж үзээд энэ үг нь Алтай бүлгийн хэлний язгуур үг гэж үзсэн. Эртний Уйгарын хаант улсын түүхийн бичээст гарсан, мөн Уйгарын хаант улсын үед төв азид хүчтэй дэлгэрч байсан Персээс гаралтай Манехизм хэмээх шашны гол номлол, шүтээн нь болох God of Lights--Гэрлийн бурханы элчийг БУРХАН гэж нэрлэдэг байсныг дурджээ.
Uyghur Khaganate буюу Уйгарын хаант улс нь 744-840 оны хооронд Орхоны хөндийд оршин тогтнож байхдаа Манехизмыг төрийн шашнаа болгосон бөгөөд монгол овогтны соёл, ахуйд багагүй нөлөө үзүүлснийг тэднээс авсан уйгаржин монгол бичгээр бид мэднэ. Berthold хэдийгээр бурхан гэдэг үг Алтай бүлгийн хэлэнд байдаг язгуурын үг гэж үзсэн ч энэ нь Манехизм-аас зээлдэгдэн монгол, түрэг, тунгус хэлэнд түгээмэл хэрэглэгдэх болсон талаар тайлбарлаагүй юм.
Би үүнийг дурдаж буй шалтгаан нь Burkhan гэдэг үг араб, перс хэлэнд байдаг бөгөөд баримт, нотолгоо гэсэн утгыг илэрхийлдэг. Араб хэлнээс перс хэлэнд шашнаар дамжин зээлдэгдсэн байж болох энэ үг ялангуяа лалын шашны хэллэгт түгээмэл хэрэглэгддэг. Монгол хэлний бурхан гэсэн үгнээс тэс өөр, хамааралгүй гэж үзэж хараахан болохгүй. Уйгарын хаант улсын үед Төв азид хүчтэй дэлгэрсэн Манехизм нь өөрөө лал, жүүд, христийн шашны судлахуун дээр үндэслэж бий болсон, шашны арай “төгсөрсөн” хувилбар гэгддэг, ямартай ч зохиогчид нь тэгж тайлбарласан гэдэг.
Анхлан араб, жүүдүүдийн дунд үүссэн, зохиогдсон босоо бичгийг бид Согд, Уйгаруудаар дамжуулан авч монгол бичиг болгосонтой адил араб хэлэнд байсаар ирсэн Бурхан гэдэг үгийг бид Манехизм шашнаар дамжуулан Уйгаруудаас авсан байж болох талтай юм. Коран сударт гэрч, баримт, нотолгоо гэх утгаар дурдагддаг Бурхан гэх үг нь хожим лалын шашинт улсуудад түгээмэл байдаг хүний нэр болсон. Турк, Сири, Араб, Уйгарын олон эрчүүд Бурхан нэртэй, тэр ч байтугай Афганистанд Бурхан нэртэй овог байдаг аж. Бурхан нэртэй лалын шашинт эрчүүдээс дурдвал Туркийн бөх Burhan Conkeroğlu, Сирийн хөлбөмбөгч Burhan Sahyouni, Уйгарын улстөрч асан Burhan Shahidi гээд олон байдаг.
Berthold түвд, хятад хэлэнд Бурхан гэсэн үг, хэллэг дуудагддаггүй, байхгүй гэж үзсэн. Харин монгол хэлний халх, цахар, буриад, алтай гээд бүхий л аялганд мөн тунгус хэлэнд бурхан гэдэг үг, хэллэг байдаг төдийгүй монголчууд буддын шашинд орохоос бүр өмнө эрт үед бурхан гэдэг үг монгол хэлэнд түгээмэл хэрэглэгдсээр ирсэнийг тогтоосон байна.
Berthold судалгааны ажлынхаа хүрээнд Амар мөрний дooд урсгалаар амьдардаг бөөгийн шашинт Тунгус овогтнуудын дунд бүтэн зуныг өнгөрөөхдөө Тунгусууд бурхан хэмээх дээд тэнгэртээ мөргөж, бурхан хэмээх уул, усны эзэддээ залбирдагийг, тэр ч байтугай бөө нар бурхан хэмээн онгодын дүрсийг мод, арьсан дээр сийлэх, төмөр, зэс, мөнгөн баримал цутган бурхан бүтээхийг харсанаа онцлон тэмдэглэсэн байна. Амар мөрний тунгусууд гэдэг нь Буддын шашин огт хүрээгүй, бөөгийн шашинт хүмүүс шүү дээ.
Эрт дээр үедээ бөө мөргөлтэй байсан Монгол, Түрэг, Тунгус овгууд гол, ус, уулын эзэн сахиусыг тахин шүтдэг, одоо ч тахин шүтсээр буй. Үүний нэг тод жишээ нь, Чингис хаан Бурхан халдун уулаа тахидаг байсан. Монголчуудын, Чингис хааны маань шүтээн дээд тэнгэр, эзэн бурхан оршин суудаг Бурхан Халдун уулаа бид одоо ч тахисаар байна. Төв азийн монгол, түрэг, уйгар, тунгус угсаатнуудын хэлэнд Бурхан гэдэг үг дээд тэнгэр, бөө, тэнгэрийн элч, эзэн, сахиус гэсэн утгыг илэрхийлдэг. Ерөнхийдөө дээд тэнгэр гэсэн үгтэй утга дүйдэг гэж хэлж болно. Үүний өөр нэгэн баримт гэвэл Алтайн түрэг угсаатнуудын хувьд бурхан гэх үг нь бөөгийн тахиж буй дээд тэнгэрийг хэлдэг. Монгол хэлэнд мөн дээд тэнгэртэй холбож ойлгодог, тэнгэрийн эрхэс оддыг бурхан, долоон бурхан гэж нэрлэдэг бол Хорезмын Хива овгийн Туркменүүдийн хувьд purkhan гэдэг нь бөө, зайранг хэлдэг.
Монголчууд бид XVI-XVII зуунд буддын шашинд орсон ч бурхан, тэнгэрээсээ ердөө ч салсангүй, буддагаа бурхан гээд нэрлэчихсэн, тэгээд бурхан тэнгэр минь гэж хэлж залбирдаг болж. Хоёр нутагтан гэдэг шиг бид чинь БУРХАН гэж хэлээд буддадаа ч, дээд тэнгэртээ ч мөргөдөг нь ийм л учиртай аж. Бидний хувьд бурхан гэдэг нь будда ч мөн, бас дээд тэнгэр ч мөн. Монголд дэлгэрсэн шарын шашин бол бөө мөргөлийн үг хэллэг төдийгүй ёс жаягаас ч нэлээн шингээсэн ёстой л монголчлогдсон буддын шашин юм.
Эдийн засаг гэдэг юуны өмнө улс төр бас шашин гэдэг. Улс төр, шашин хоёул эдийн засгийн төлөө бий болсон, оршин тогтнодог. Тиймээс эдийн засагч гэгддэг нэгэн улс төр, шашныг ч бас судалдаг, ойлгодог байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)