Ц.ГАЛБАДРАХ

 

Хүмүүс түүнийг илүү дутуугүй Самба л гэцгээх. Ах эгч нар, найз нөхөд нь Самба, дүү нар нь Самба ах гэнэ. Ид залуу гялалзаж явахдаа Самба инженер, идэр наснаасаа Самба дарга гэгдэх болсоор даруй хагас жарныг үдэж угтжээ.

1977 оноос хойш их барилгын салбарт, улсын байгууллага болоод хувийн компанид мастер, даамал, ерөнхий инженер, дарга, захирлын ажлыг ээлж дараалан хашиж, 1996-2000 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан хүн ингэж хүндлэгдэх нь аргагүй.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, Гавьяат барилгачин Банзрагчийн Цэдэнсамба балчир насаа ийн дурсах авай.

 

№2 дугаартай төрсний гэрчилгээ бий

1967 он. БНАГУ. Олон улсын зусланд амарч байх үе.

-Улирагч зууны 1953 оны өвөл Баянгийн хэцийн Нүхэнд өвөлжиж асан Чойрогийн Цэвээн, Норжидийн Банзрагч нарын хүү болон мэндэлсэн хүн, би. Аавын анд, нутгийн нэгэн лам өвгөн намайг угааж Цэдэнсамба нэрийг хайрласан гэдэг юм.

Тэр үеэс “төрсний гэрчилгээ” анх олгож эхэлсэн байдаг. Сумын захиргааны нарийн бичгийн дарга Нямдоржийн Чимэддоржийн гарын үсэг бүхий №2 дугаарын гэрчилгээ одоо ч бий.

Аав ээж минь “Улсын сайн малчид”. 1950-иад оны дунд үе хүртэл олон малтай, тэр үеийнхээр “хонь, адуу, тэмээний хүнтэй” чинээлэг ардын аж ахуйтан байв. 1956 онд “Говийн хөгжил” нэгдлийг байгуулахад олон адуу, тэмээгээ нийгэмчилж, анхны гишүүд нь болцгоон уналгын хэдэн морь, тэмээ, цөөн хонь ямаатай үлдсэн.

Би яахав, аав ээжийнхээ дэргэд, бусдын адил жаргалтай, эрх дураар өссөн дөө. Аав мод мужааны ажил оролдож, байнга л айлуудын авдар савыг засаж булангуудыг төмөрлөж, будаж суух. Тэгэхдээ надаар муруй хадаасуудыг тэгшлүүлнэ. Анхандаа гарынхаа хурууг хальт цохиж, заримдаа цэврүү үсэргэдэг байв. Сүүлдээ эвийг нь олдог болсон.

Аавыг нутаг усныхан Цэвээн амаа хэмээн авгайлж хүндэлнэ. Тухайн үеийн долдугаар багийн даргын албыг Мөнх тайжаас авч хэдэн жил хашаад Долгорын Чойнхор гуайд хүлээлгэн өгсөн байдаг.

 

Тэмээн тэрэгний "хүндтэй зорчигч"

 

-Аав 1960 оны хавар, зун Могой бригадын төвийн анхны байшинг нутгийн залуусыг удирдан бариулсан. Би аавыгаа сүүдэр шиг дагана. Ах нар эрхлүүлж чулуунд явахдаа том дугуйтай модон (тэмээн) тэргэнд суулган түрж явдаг байсныг мартдаггүй. Түүхий тоосгоор барьсан, голдоо ганц модон баганатай, бригадын төвийн тэр өнчин ганц байшин балчир надад “сүрлэг өндөр”. Дотроо дэлгүүртэй гоё.

Могой бригадын шинэ төвд Цэрэнхүү гуайн Гатав, Багахүү, Цэцэгмаа, Чойнхор гуайн Буянжаргал, Баньдхүү гуайн Цогтжаргал (Бааван), Цогтын Мөнхжаргал (миний дүү) нартай хамтдаа тоглож өнгөрөөсөн хавар, зуныг яахан мартах билээ.

Бригадын төв дээр Д.Гөлөг гуйнх байдаг байв. Ээж нь гэж сайхан зантай хөгшнийг бид “Ажаа” гэнэ. Тэднийх “араажавтай”. Орж тоглонгоо түүнийг нь ёстой нэг дураараа оролдоно доо. Ажаа ер  юм хэлэхгүй, оёдол хийгээ л сууж байдагсан.

 

"Мэддэг, чаддагаа зурж бичээрэй"

 

-1961 оны зун аав ээж хэдэн малаа эгч дээр орхиж сум руу нүүснээр манайх төвийн айл болох нь тэр. Намар нь би бага сургуулийн сурагч болов. Надад “А” заасан анхны багш минь Гажидын Ишхүү. Анхны анги маань 23-уулаа байсныг хожим нь Хилийн цэргийн хурандаа Болдын Баяраагаас тэмдэглэж авсан. Тэд бол Гончиглоройн Батмөнх, Болдын Баяраа, Шаргайн Будхүү, Сэвжидмаагийн Будсүрэн, Жавзмаагийн Ганбаатар, Пүрэвийн Дэнсмаа, Равжингийн Жаалхүү, Цэндийн Жавзмаа, Уртнасангийн Жуулхүү, Долгорын Насанжаргал, Рашмаагийн Нэргүй, Чүлтэмжамцын Оргой, Цэдэн-Ишийн Сосорбурам, Жөвөөгийн Сумъяа, Ренцендоржийн Хадчулуу, Базаржамбын Цоодол, Нямдоржийн Цоодол,  Цэвээнруламын Цэенпэл, Хоролын Чимэд, Батаагийн Чулуунхүү, Гаажидын Шаабаатар, Чогын Эрдэнэбилэг нар байжээ.

Ишхүү багш биднийг хоёр хоёроор нь ширээнд  суулгаад “Би та нарт ном заах багш нь байна. Намайг багшаа гэж дуудна. Та нар бол миний сурагчид. Шавь биш...” гэж ирээд хичээлээ эхэлж байсан нь яг л кинонд гардагтай адил юм даа.

Дараа нь дэвтрийн цаас хүүхэд бүрт өгөөд “За та нар энэ цаасан дээр үсэг, тоо юу мэддэг, чаддагаа бичиж зураарай” гэв. Хүүхдүүд дор бүрээ л өөрийн чаддагаа зурж, бичиж өгцгөөсөн. Багш хурааж аваад далд хийчихэв. Хоёр жилийн дараа гуравдугаар ангид ороход багш нөгөө цаасыг гарган бидэнд тарааж өгдөг юм.

Би А, Б, В, Г, Д үсэг, 1-9 хүртэл тоо бичиж, бас нэг байшин зурсан байв. Муруй хазгай зурж бичсэнээ хараад их л инээлдэн хөгжилдөж билээ.

 

Манай нутгийн Дорж мээрэн байна

 

-1963 оны намар аав минь бурхан болсноор би ээжээрээ, Банзрагчийн Цэдэнсамба гэж овоглох болсон юм. Гуравдугаар ангиасаа Цогтцэцийн дунд сургуульд шилжин нэг жил сураад улмаар тавдугаар ангиасаа аймгийн төвийн 10 жилийн сургуульд элсэн суралцав. Зун нь хөдөө ирж амарчихаад эргэж яваагүй.

Ч.Эрдэнэбилэг хоёул шууд л сумынхаа дунд сургуулийн тавдугаар ангид орчихсон. Хүргэн ах (Б.Ишжамц) шинэ дунд сургуулийн захирлаар томилогдон ирсэн тул тийм шийдвэр гаргасан байх.

Хүргэн ахынх гэртээ баялаг номын сантай. Анх Б.Ренчингийн “Заан залуудай” романыг уншаад, романтик бодол мөрөөдөлд автаж, ном уншихын “өвчин туссан”. Үүнээс хойш, түүнээс цааш С.Дашдэндэвийн “Улаан наран”, Б.Баттулгын “Хөх тэнгэр”, Л.Түдэвийн “Уулын үер”, Ц.Уламбаярын “Зовлон жаргал”, С.Дашдооровын “Говийн өндөр”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” гээд Монголын уран зохиолын шидээвэр номуудыг бүгдийг нь “машиндсан” даа.

Ээж минь хүүгээрээ ном уншуулж, өөрөө сонсож суух дуртай. Дээрх номуудаас  хэд хэдийг нь ээжтэйгээ хамт уншсан. Ээж “Улаан наран” романы Дугар мээрэнг “Наадах чинь манай нутгийн Дорж мээрэн байна шүү дээ” л  гэдэг байв.

Том хүргэн ах Чого багш “Зөвлөлт Холбоот Улс”, “Огонёк”, ”Шинжлэх ухаан, амьдрал”, “Намын амьдрал” сэтгүүлийг захиална. Түүнийг нь Эрдэнэбилэг бид хоёр их үзнэ. Оросын сэтгүүл өнгөт зурагтай, янз бүрийн мэдээлэлтэй том далбагар. Уншихад  гоё.

 

Индэрт гарч, генералд цэцэг гардуулсан

 

-Зургадугаар анги төгсдөг жил Монголын пионерийн байгууллагын “Залгамжлагч II чуулган”-д аймгаасаа 20 хүүхдийн хамт шалгаран оролцов. Чуулганы нээлтэд зориулсан пионер сурагчдын баярын жагсаал Сүхбаатарын талбайд  болсон юмдаг.

Бунхант индэр дээр нам, засгийн удирдагч нарт цэцэг барих ажиллагаанд Өмнөговиос намайг сонгон оролцуулав. Үүнийг удирдаж авч явсан Д.Бямбасүрэн багш л шийдсэн хэрэг.

Нээлт эхэллээ. Би олон хүүхдийн хамт индэрт гарч, нэг генералд цэцэг барьж, дараагаар нь тэр индэр дээрээ зогсож баярын жагсаалыг үзсэн минь сурагч болгонд олдошгүй ховор завшаан байв.

Чуулган дуусгаад нутаг буцаагүй. БНАГУ-ын Велгельм Пикийн нэрэмжит Олон улсын пионерийн зусланд 45 хоног амрахаар хилийн дээс алхав.

Гадаадад аялаад, амраад намар хичээл эхэлсэн хойно, арваад хоногийн дараа нутагтаа ирсэн. Явсан суусан, яаж амарсан талаараа өдрийн тэмдэглэл хөтөлж, тэр үеийн таван төгрөгийн дэвтрийн бараг талд хүртэл бичсэн дурсамж минь өнөө ч хадгалаастай.

Пионерийн зусланд очсон даруйдаа би нэг герман охинтой агаарын теннис тоглодог байв. Долдугаар сарын 11-нд манай улсын үндэсний баярын өдрийг тэмдэглэж, зуслангийн хэмжээнд хүндэтгэлийн шугам жагсаал хийн, Берлинээс Элчин сайд Болд гуай хүрэлцэн ирж төрийн дуулал эгшиглээд л. Монголын 10 хүүхэд, нэг багшид амьд цэцгийн баглаа барилаа.

Тэгтэл нөгөө герман охин олны дундаас гүйн гарч ирээд надад бас нэг баглаа цэцэг өгснөө хацар дээр үнсчихдэг юм. Нүүр ёстой чавга шиг улайж амьтан хүнээс ичээд орох байх газраа олж ядсан. Дараа нь багшаасаа айгаад нөгөө охиныг харахаар зугтчихна. Тийм соёл иргэншил, ахуйд өсөөгүй аглаг хөдөөний хүүхэд байсан юм чинь, аргагүй биз дээ.

 

Барилгын зураг цуглуулах хоббитой

 

-Эртэд 1967 оны зун Москвад явж байхдаа Элчингийн байрны наймдугаар давхраас одоогийн шинэ Арбатын өндөр барилгууд баригдаж дуусч буйг харж зогсохдоо сэтгэл машид ихээр хөдөлж байн байн цонхоор харж байв.

Намар нь “Оконёк” сэтгүүлээс СССР гэсэн бичгээр цонхны гэрлүүд нь ассан зургийг үзээд учиргүй баярлаж нандигнан хадгаллаа. Түүнээс хойш элдэв барилгын зураг цуглуулах хоббитой болов. Наймдугаар ангид хичээл  дээрээ  дандаа л барилгын зураг план зурж мөрөөдөлд автан суудаг болчихов. Хамт суудаг Ц.Гатав найз маань үүнийг анзаардаг байсан болов уу.

Хоёр жилийн дараа 10 төгсөхдөө нөгөө “барилгаа мартчихсан” өөр бодолтой гүйж байтал барилгын инженерийн ангийн хуваарь ирж, аз таарч конкурстсэн. 

Ангийн багш маань намайг Эрхүүгийн Их сургуулийн хуулийн ангийн хуваарь авахуулах гэж элдвээр ятгаад бараагүй. Д.Халтар багш миний хувийн хэргийн дэвтэрт гэгээлэг, итгэлтэй сайхан тодорхойлолт бичиж үлдээсэн байдаг юм. Тэр л замаар шавь нь явсан даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)