Б.БОЛОР

 

“Зууны мэдээ” сонин "ТУЗ-ийнхөнтэй танилц булан" хөтөлж байна. Энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийнхөнтэй танилцуулахаар бэлтгэлээ. Тус компанийн ТУЗ-ийн гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр найман гишүүн томилогдсон байна. Харин shilen.gov.mn цахим хуудаст тэмдэглэснээр “Эрдэнэс тавантолгой” компани 11 ТУЗ-ийн гишүүнтэй бөгөөд компанийн цахим хуудаст тэмдэглэсэн гишүүдийн мэдээлэлтэй таарахгүй байсан юм. Түүнчлэн shilen.gov.mn цахим хуудаст төрийн болон өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг шинэчлэн тавьсан нь бусад компанийн гишүүдийн мэдээллээр харагдаж буйг дашрамд дуулгая.

 

ТУЗ-ийн дарга У.БЯМБАСҮРЭН

У.Бямбасүрэн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажилладаг. Өмнө нь “Монгол даатгал” компанид ерөнхий менежер хийж байсан тэрбээр 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын зөвлөх хийсэн байна. Түүнчлэн Монголын ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, “МИГ” даатгал компанид ТУЗ-ийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх хийдэг байжээ.

 

ТУЗ-ийн гишүүн А.МӨНХБАТ

А.Мөнхбат байгаль орчны хяналт, үнэлгээний менежер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн эдийн засагч, төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн. Тэрбээр, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг. Өмнө нь “Монгол хун хуа” компанид Бүтээгдэхүүн савлах хэсэгт ажилтан хийж байсан бөгөөд 2007-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын туслах болжээ. Түүний дараагаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын туслах, Төрийн захиргааны удирдлагын газарт туслах мэргэжилтэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт шинжээч, референт хийж байжээ.

 

ТУЗ-ийн гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН

Л.Энх-Амгалан эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын даргаар ажилладаг. Өмнө нь Сангийн яаманд мэргэжилтэн, “Монголын эдийн засгийн форум” ТББ-д судлаач мэргэжилтэн, Монголын банкны холбоо ТББ-д судалгааны мэргэжилтнээр ажилласан аж. Мөн Сангийн яаманд мэргэжилтэн, зөвлөхөөр ажилладаг байжээ.

 

 

ТУЗ-ийн гишүүн Б.ПҮРЭВСҮРЭН

Б.Пүрэвсүрэн эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр, Судалгаа сургалтын прогноз төвд эрдэм шинжилгээний ажилтан, нягтлан бодогч,  УИХ дахь намын бүлгийн ажлын албанд референт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргын алба хашиж байсан аж. Түүнчлэн Эрүүл мэндийн яаманд Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг байжээ. Тэрбээр өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтсийн менежерээр ажиллаж байна.

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн Х.БААСАНХҮҮ

Х.Баасанхүү бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Нийтийн эрх зүйчээр магистр хамгаалсан бөгөөд “Хууль, эрх зүйн шинэтгэлийг дэмжих хуульчдын төв” ТББ-д хуульчийн туслах, судлаач, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д хуульч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын ажлын албаны шинжээч, Хөгжлийн бодлого хариуцсан референт, “Шоппи” компанид Бизнес хөгжлийн захирлаар ажилладаг байжээ. Тэрбээр өдгөө “Интелмайнд” компанийн Бизнес, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байна.

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ

Б.Бат-Эрдэнэ банкны эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удидлагын магистр зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуульд докторантуртаар суралцаж байна.  Тэрбээр, “Стартфейс” компанид координатор, “Интер” банкинд эдийн засагч, “Капитрон” банкинд теллер, “Эпосзантуул” компанид ерөнхий менежер, “Бусана” компанид менежер, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд мэргэжилтэн, Эдийн засгийн хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн, Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд мэргэжилтэн, шинжээч хийдэг байжээ. Мөн тэрбээр, “My doctor”, “My parking” гарааны бизнесийн төсөл, “Чингис Жей” ХХК, “Каос” ХХК-д ментор зөвлөхөөр ажиллаж байсан аж.

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.БОЛОР

Д.Болор холбооны инженер мэргэжилтэй, удирдлагын менежментээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр, Монголын цахилгаан холбоо компанид инженер, ерөнхий инженер, дэд захирал, “Ньютел” компанид Гүйцэтгэх захирал, “Мобиком”, “Скайтел” компанид Ерөнхий захирал, “Эн Си Эс” компанид  гүйцэтгэх захирлын алба хашжээ. Өдгөө “Смарт дийл” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.ХАШ-ЭРДЭНЭ

Б.Хаш-Эрдэнэ эдийн засагч, математикч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр Зах зээлийн судлалын хүрээлэнд мэргэжилтэн багш, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд мэргэжилтэн, багш, ахлах мэргэжилтэн, газрын дарга GIZ-Германы олон усын хамтын ажиллагааны агентлагт төслийн мэргэжилтэн,

USAID-ын Бизнесийн санаачилга төсөлд бизнес хөгжлийн зөвлөх, Дэлхийн банк, Сангийн яамны хамтарсан “Экспортыг дэмжих төсөл”-д бизнесийн шинжээч, “Майдар сити” компанид хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан. Өдгөө Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)