Б.ЖАВХЛАН

 

Түүнийг Ш.Нандин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр ХУД-ийн 161 дүгээр сургуулийн 4а ангийн сурагч. Хичээлийн шинэ жил эхлээд зургаа хонож буй ч дүрэмт хувцас нь шинээрээ шүүгээндээ өлгөөстэй харагдана. Хүүхэд бүр хичээлийн шинэ жилийг догдлол дүүрэн хүлээдэг. Түүний адилаар Ш.Нандин-Эрдэнэ энэ жил шинэ сургуульд, шинэ найзуудтай болно хэмээн хүлээсээр есдүгээр сарын 1-ний шинэ өглөөтэй золголоо. Сургуулийнхаа нээлт ёслол төгөлдөр болсон ч танхимаар хичээл нь өнөөдрийг хүртэл ороогүй байна. Шинэ найзуудтай болно гэсний учир нь Ш.Нандин-Эрдэнэ нэгдүгээр ангиа 118 дугаар сургуульд сурч төгсжээ. Covid-19 цар тахлаас үүдэж хоёрдугаар ангиа цахимаар суралцсан байна. Харин өнгөрсөн жил гэртээ ойр байрлах 161 дүгээр сургуульд суралцахаар шилжин ирсэн боловч сургуулийн барилгын ажил дуусаагүй гэх шалтгаанаар танхимаар сурч чадаагүй байна. Харин энэ жил бохир холбоогүйгээс болж сургууль нь бас л ашиглалтад орсонгүй. Ингэснээр Ш.Нандин-Эрдэнэ ангийн найзуудтайгаа мөр зэрэгцэн суулгүй гурван жил болж байгаа юм.

Энэ талаар түүний ээж Э.Солонго “ХУД-ийн XXI хороо ерөнхий боловсролын сургуульгүй байсан. Улсын төсвийн хөрөнгөөр 161 болон 163 дугаар сургуулийг шинээр барьсан. 2022 онд шинэ сургууль ашиглалтад орно гэсэн учраас хүүхдээ гэртээ ойр сургахаар 161 дүгээр сургууль руу шилжүүлсэн. Гэвч өнгөрсөн жил сургууль нь ашиглалтад ороогүй. Тиймээс өнгөрсөн жил зарим сурагчид 18 дугаар сургуульд хичээллэж зарим нь цахимаар хичээллэсэн. Харин энэ хичээлийн жилд 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэхэд хүрч байна. Сургуулийн захиргаанаас сургууль хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа нь бохирын асуудлаас болж байгаа гэж бидэнд мэдэгдсэн. Гэхдээ бид тэгж бодохгүй байна. Сургуулийн эргэн тойрныг дагаад маш олон байр баригдсан байгаа. Тэд бохироо шийдсэн байхад сургууль шийдэж чадахгүй байна гэдэг цаанаа эрх ашгийн зөрчил байна гэж харж байна” гэв.

Харин Ш.Нандин-Эрдэнэ шинээр авсан дүрэмт хувцсаа өмсөн сургуульдаа явж, ангийн найзуудтайгаа хамт танхимаар суралцахыг хүсэж байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Тэрбээр “Миний хувьд энэ жил цахимаар хичээллэхийг хүсэхгүй байна. Учир нь нэгдүгээр ангиасаа хойш өөрийн анги болон багшгүй байсан. Мөн цахимаар хичээллэхэд утас гацах, интернэт дуусах зэргээр хичээл хийхэд олон саад гардаг. Тэр болгонд хичээлээсээ хоцорч багшаасаа асууж чаддаггүй. Цахим хичээл 20 минутаар орж байгаа нь их завсарлагааны цагтай ижил байна. Тиймээс ангийн найзуудтайгаа уулзаж танхимаар хичээллэж, ангийнхаа хүүхдүүдтэй уулзмаар байна” гэсэн юм.

Түүнчлэн сургуулийн барилгын явцын талаар холбогдох албаныхны мэдээлж буйгаар инженерийн шугам сүлжээний асуудал үүссэн тул зам сэтэлж, бохирын асуудлыг шийднэ. Тэр хүртэл  хүлээцтэй хандахыг зөвлөж байлаа. Харин хорооны засаг дарга, төлөөлөгчид үүнийг БШУЯ болон гүйцэтгэгч компанийн буруу гэж байсан юм.

Энэ талаар Хан-Уул дүүргийн XXI хорооны Засаг дарга Б.Байгалмаа “161 дүгээр сургуулийг гүйцэтгэгч компани болох "Жунсон констракшн" ХХК-ийн зүгээс бохирын шугамаа холбож чадахгүй, ажил нь удаашралтай байна гэсэн. Талбайн инженер нь "Бохирын шугам холбох ажлаа хийж байгаа ч хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй" гэдэг тайлбарыг өгсөн. Өнгөрсөн жил шинээр баригдсан 163 дугаар сургуулийн баруун жигүүрт 161 дүгээр сургуулийн сурагчид хичээллэсэн. Энэ жил есдүгээр сарын 1-нд 161 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн таван бүлэг нээлтээ хийсэн боловч одоог хүртэл сургууль ашиглалтад ороогүй байна” гэв. Харин  ХУД-ийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Өөр сургуулиудад суралцаж байсан 1000 хүүхдийг 161 дүгээр сургууль 2022 онд ашиглалтад орно гэж шилжүүлж авчирсан. Гэвч сургууль ашиглалтад оролгүй хоёр жил боллоо. Энэ бол БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан болон сургуулийн захирал, барилгыг гүйцэтгэгч байгууллагын буруу. 800м газраас ус татаж чадахгүй байна гэсэн. Үүний цаана их ашиг сонирхлын зөрчил байгаа” гэсэн юм. 

Хүүхэд насны сайхан дурсамж бүр сургуулийн орчинд бий болдог. Үндсэн хуульдаа ч бид “Хүүхэд бүр эрүүл аюугүй орчинд сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч 1050 хүүхэд шүүгээндээ өлгөөтэй шинэ дүрэмтээ өмсөж, ангийн найзуудтайгаа сурах эрхээ эдэлж чадахгүй, мөрөөдөж суугаа нь харамсмаар.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)