Ч.ТУЛГА
Нийслэл хотын төв Сүхбаатарын талбайн урд хэдийнэ түмэн олонд уран бүтээлийн өнгө, дүр төрх, содон сайхныг толилуулсаар ирсэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн “Даяар Монголын өв Бурхан Халдун” үзэсгэлэнд саатахад төрсөн сэтгэгдлээ хүргэе. Бурхан Халдун буюу их домогт, баатарлаг түүхэн уламжлалт уул нь Н.Хатанбүүвэй, У.Батцоож, С.Цагаанчулуун, Ч.Болор, Р.Ганхуяг, Б.Батжаргал, Г.Дүнбүрээ Б.Нарангэрэл, Х.Ганбат, М.Энхбаяр, С.Энх-Амгалан, Н.Оросоо, Т.Бадамжунай, Д.Батхуяг, Д.Батбилэг, Х.Ууганбаяр, Л.Бат-Очир, Т.Найманчулуун зэрэг уран зураачдын авьяас билгийн дүнд тодрон, өнгөт орчлонгийн зургийн бүтээл болсон нь юутай сайхан. Үүнээс зураач А.Ууганбаярын “Сүлдэн нутагтаа” бүтээл нь монгол нутгийн агаар, хөрс шорооны эзэн хүний дүр төрхийг гайхуулах шиг бахдам ажээ.
Хүлэг морины явдлаар зорьсондоо хүрэхийн тулд итгэлтэйгээр нэг монголоо замын хань татсан баатар хүмүүнийг гоёл чимэг, элдэв хэтрүүлэггүй үнэн зөв харуулсан нь бишрэм байв. Мөн Н.Мөнхбат “Тэнгэрт нэг нар, Газарт нэг хаан”, Д.Гунгаа “Бурхан буудай”, Т.Амгаланбаатарын “Шүтээн”, О.Дарамбазарын “Чонын улиан”, Э.Гансүхийн “Их хайрхны шаргатай найман агт” зэрэг сайн бүтээл байсныг энд онцолъё. Үүнээс гадна зураасан зургийнханд хулдаасан барын аргаар зурсан Д.Чинзоригийн “Монгол өв”, С.Бадралын бэхээр зурсан “Хамаг Монголын цэнгээн” зэрэг бүтээл үзэсгэлэнгийн гол чимэг байв. Харин уран бичлэгийн төрлөөр Л.Амарсанаагийн “Бурхан Халдуны мэлмий” зэрэг бүтээл нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Мөн С.Болдбаатарын “Долоон өвгөн од дор оршихуй” бүтээл нь орчин үеийн хэв шинжийг агуулсан байна. Үүнээс гадна П.Бат-Оршихын “Шувуулахуйн цэнгэл”, М.Амаржаргалын “Өэлүн”, уран зураг нь өдгөө үгүйлэгдэж буй монгол угсаатан зүйн өгүүлэмжтэй байсан нь сайшаалтай. Харин уран барималч Т.Даваасамбуугийн “Гал голомт”, “Хүлэг морин эргээ”, Ө.Бүрэнжаргалын “Хатан ижий”, Ч.Энхбаярын “Тэнгэрийг сахихуй” зэрэг овор багатай олон бүтээл тавигдсан нь тус үзэсгэлэнг улам сонирхолтой болгож байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 175 (7160)