Баатарын НЯМСҮРЭН
Алдаа онооны дэнсийг тааруулан авах гээхийн ухаанаар аливаад хандаж явахад болохгүй бүтэхгүй зүйл байдаггүй гэж үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, залуучуудад сургамжлан нутаг орондоо үлгэр дууриалал болон амьдарч яваа буурал бол Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат Шаравын Сэдэд.
Биет бус өв тээгч, ерөөлч, магтаалч, морь цоллооч, аймгийн алдарч уяач, анчин, яруу найрагч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, СТА эдүгээ 80 насны босго алхаж яваа буурлыг “Зууны мэдээ” сониныхоо “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.
УНАСАН ГАЗАР УГААСАН УС МИНИЙ ШҮТЭЭН
Хамбаны хээ шиг нутгаа
Хайрлаж амьдардаг эзэд
Торгоны хээтэй жишиж
Тордож магтдаг найрагч
Эцэг шиг минь түшигтэй
Эртний тахилгат Биндэръяа хайрхан
Эзэн Чингисийн хэрмэн чулуу
Ихэр юм шиг гурван бэрхнүүд гэж Ш.Сэдэд гуайн өөрийнх нь номонд бичсэн нь бий.
Нийтлэлийн баатар маань 1942 оны хавар цаг малчны хот шинэ төлийн дуугаар сэрсэн тэр нэгэн өдөр “Хурхын гурван бургасны гарам” хэмээх газар хаваржиж буй малчин ард Дэчингийн Шаравынд шинэ хүн болон мэндэлж бүл нэмсэн билээ.
Дээрээ тэрсхэн хоёр эгч, өөрөөс нь ганцхан насны зөрүүтэй ахтай. Ах, эгч нар нь сургууль соёлын мөр хөөгөөд явах үед араасаа таван дүү дагуулсан Ш.Сэдэд хүүд аав ээжийн гарын үзүүрт туслах ажил мундахгүй.
Хүү есөн нас хүрээд сургуульд орсон боловч унадаг тусдаг айхтар өвчний улмаас хоёрдугаар ангиа төгсөөд сургуулиас гарчээ. Аав, ээж нь хүүгээ борын аргаар эмчилж хэдэн жилийн дараа эрүүл саруул сайхан хүү болон өссөн байна.
Д.Шаравынх нутаг усандаа олон адуутайгаараа алдартай байж. 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж адуу малаа нэгдэлдээ нийгэмчлэх ажил эхлэхэд Д.Шарав хэдэн азаргаар адуун сүргээсээ тасалж өгсөн бөгөөд дараа нь дахин хоёр гурван удаа нэмж нийгэмчилсэн гэдэг.
АДУУЧИН УДМЫН ХҮҮ БИ
Унага нь босоо төрж
Туурайгаараа тамгалсан нутагтаа
... Ургах жаргах нарыг
Уургийн хуйваар хурайлж
Уран яруу эгшгээрээ
Уяхан замбуутивыг шуранхайлсан
Хүдэр чийрэг аавынхаа
Хүү нь болсондоо омогшдог би гэж бичсэн нь учиртай.
Тэрбээр 11 нас хүрч бие өсгөлүүн, адуунд дөртэй, дуртай нэгэн болсон нь аавыг нь баярлуулах болов. Хаана адуу малын ажил байна, тэнд л морин дэл дээгүүр хийсгэж явсаар 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн улс орон даяар ид өрнөсөн их ажлын үеэр 16 нас хүрч ороо морины толгойд уургийн хуйв алдахааргүй болж, эмнэг хангал сургах, морь уях, чөдөр ногт зангидах, эмээл хазаар төхөөрөх гэх мэт адуучин хүний хийх ёстой бүхий л ажилд аавыгаа даган сурч чамгүй сайн адуучин болжээ.
18 нас хүрээд Батширээт сумынхаа Батжил нэгдэлд гишүүнээр орж бие даан адуу маллах болов. Түүнийг 23-тай байхад аав нь хүнд өвчний улмаас таалал төгсч, ах эгч нар нь өрх тусгаарлан амьдардаг учраас аавын голомтыг түшин өндөр настай ээж, таван өнчин дүүгээ асарч явах үүрэг хүлээсэн байна. Тухайн үед адууны нэг суурь 800-гаар, зарим үед хоёр, гурван мянгаар суурилдаг байв. Тэр үед нэгдлийн хэдэн мянган адууг маллан, тарга хүч авахуулахаар отроор явах хүнд бөгөөд хариуцлагатай ажилтай. Энэ тухайгаа дурсахдаа “3000 адуу аваад нэг туслахтай идэр есийн хүйтэнд отрын жижиг гэрээ ачаад, гэргийтэйгээ дөрвөн сартай нялх хүүхдээ хоёр эмээлийнхээ завсарт өлгийтэй нь тавьчихаад л гэрээ барьж байдагсан.Тэр үед залуу ч байж, зоригтой ч байж, бас тэнэг ч байж гэж боддог доо. Өвлийн хүйтэнд хэдэн сартай хүүхдээ оторт авч явж байгаад ханиад нь хүндэрч, алдаж байсан гунигт түүх миний амьдралд бий” хэмээж байв.
Ш.Сэдэд гуайн амьдралын хүнд хэцүү боловч сургамжтай түүхийг өөрийнх нь ярьснаар хүргэе.
АМЬДРАЛЫН ШУУРГАНД ДАЙРАГДСАН ОН ЖИЛҮҮД
1972 оны өвөл 3000 адуу харж байхдаа салхи шуурганд уруудуулж алдсан хэрэгт орлоо. Нэгдэл адуугаа тоолоход 367 адуу ор тас дутав. Өөрт ашигласан юмгүй, зарсан сольсон үгүй хэр нь ийм олон адуу дутаасандаа сэтгэл маш их шаналантайгаар нэлээд хугацаа өнгөрлөө. Тухайн цаг үе маань “Социалист өмчийн эд ширхэг бүрийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах” гэсэн хатуу лоозонтой ажилладаг байсан. Миний хувьд нэгдэл нийгмээ яаж хохиролгүй болгох вэ гэсэн бодол намайг өдөр шөнөгүй зовоох болов.
Хоёр ч удаа адууныхаа сургийг гаргах санаатай Сүхбаатар аймгийн наад талын сумдаар явж сураглахад зам зуур нь хүн амьтан нааш цааш болгосон дуулдав. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэгчээр ханьдаа ч хэлэлгүй ойр зуурын хүнс бэлдэж богцондоо ганзагалаад, дулаан хувцаслаад хөтөлгөө морьтой Жавхлант шаргын нутгийн \Сүхбаатар аймаг\ зүг жолоо заллаа. Алдсан адуу маань голдуу тэр зүгийн гаралтай байсан юм. Ингээд Сүхбаатар аймгийн наад талын хэдэн сумдын оторт яваа гурав, дөрвөн суурь адууны захаас багцаагаар 300 гаран адуу тасдаад нутгийн зүг хөөсөн дөө. Авчирсан адуугаа тоолоход яг 380 адуу байв. Тэр үед нэгдлийн гишүүдийн идшээ авах цаг таарсан юм. Авчирсан адуунаасаа тарганаас нь шилээд идшинд өгөөд, үлдсэнийг нь нэгдэлдээ орлогодоод, өр цайрч билээ. Илүү ирсэн хэдэн адуун дунд сайхан хээр халзан морь байсныг хүмүүс гуйгаад байхаар нь нэг нөхөрт өгчихсөн нь хожим хэрэгтэн болох замыг заасан түүхтэй.
Тухайн үед нэгдлийн мал харж байгаа малчдад дөрвөн морь олгодог нормтой байсан учраас тэр дагуу нэг малчинд өгсөн хэрэг. Энэ үед хэцүү нэртэй газраас дөнгөж суллагдаж ирсэн нутгийн нөхөр тэр морийг авахсан гэж шохоорхож байхад нь өөр хүнд өгсөнд хорсож, намайг матах баримт цуглуулаад хэсгийн төлөөлөгч баз хүргэндээ өгч, намайг бариулж хоёр гартаа гавтай Хэнтий аймгийн мөрдөнд орж билээ. Мөрдөнд байхад өдөр бүр байцаагч “Батширээтийнхэн бүлэг хулгайч нар, толгойлогчоо хэл, бүхэл бүтэн сум нэгдлийг чи хамгаалах гэж үү. Сэдэд чиний бие чинь гүйцэхгүй шүү” гэх мэтээр сүрдүүлж, нударч дарамталсаар байв. Номхон дүртэй ч нөмгөн дээлтэй би нутагтаа балаг тарихгүй гэж ногоон малгайтнуудад нудруулж, шар хороор шазуур зууж, хавтаст хэрэг зузаарсаар жил гаруй хугацаанд мөрдөнд суусны эцэст 1975 онд шүүхээр шийдүүлсэн билээ. Тэр үед нэг адууг 60-200 төгрөгөөр үнэлэхэд миний учруулсан хохирол 68.000 төгрөг болж, тухайн үеийн Эрүүгийн хуулийн 63.б.в гэсэн 2 зүйл ангиар хуулийн дээд хэмжээ цаазын ял сонслоо.
Улсын дээд шүүхэд 10 хоногийн дотор давж заалдав. Тэр үеийн Дээд шүүхийн дарга Р.Гүнсэн, Улсын Ерөнхий прокурор Ж.Авхиа гуай нар байсан юм. Төд удалгүй Ерөнхий прокурор Ж.Авхиа гуай хариу ирүүлэхдээ ”Төлбөртэй байсан 367 адууг тоо бүрэн Батширээтэд шилжүүлж орлогодсон, хувийн ашиглалт байхгүй учир хулгай хийсэнд нь тохирох ялыг оноо” гэсэн юм. Дахин шүүх хурал болж 15 жил чанга дэглэмтэй хорих ял сонслоо. Дээр нь өөрт оногдох хөрөнгийг хураах шийдвэр гарсан нь үхэр-1, адуу-2, хонь-5 өгсөн билээ.
Чанга дэглэмтэй хориход ялаа эдэлж байхдаа гарын дүйтэйгийнхээ ачаар барилгын мужаан, барилгын техникийн ажил хийж, хорих ангийн орон тоог хэмнэж, хүмүүжил сайтай байсныхаа хүчинд Засангийн удирдах газрын даргын тушаалаар 90 хоногоор гурван удаа, Газрын даргын ажлын 60 хоногоор нэг удаа, Ангийн даргын ажлын 30 хоногоор хоёр удаа шагнуулж байв. Дээд шүүхэд хоёр дахиа давж заалдаад 15 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 13 жил жирийн дэглэмтэй болгож байлаа.
ГАРТАА ГАВТАЙ ОРООД МОРЬТОЙ БОЛООД ГАРАВ
Төрийн сүлд өршөөж, хорих ангийн дарга, сурган хүмүүжүүлэгч нар маань бүгд намайг дэмжиж магадланд оруулснаар 13 жилийн ялаа зургаан жил гаруй эдлээд 1981 онд шоронгоос гарах хувь тохиов. Шоронд хүмүүжсэний хуулиар олгогддог шимтгэлээ нягтлангаар бодуулахад 700 төгрөг гарсан юм. Гэтэл ийм их мөнгө авч гарч байсан хүн байгаагүй гэж дахин нягталж байж олгож билээ. Энэ мөнгөнөөсөө 300 төгрөгөөр даргаараа цохуулж хорихын адуунаас нэг морь худалдаж аваад унаад харьж байсансан. Тэр үед магадлангаар гарсан хүнээ аймгийн хөдөлмөрийн товчоо хүлээж аваад ажиллах газрыг нь хуваарилж өгдөг байв. Намайг гарахад сум нэгдлийн дарга Даваагийн Аюуш /БНМАУ-ын Ардын гэгээрлийн яамны орлогч сайд, Хэнтий аймгийн дарга асан/, Батширээт сумын орлогч дарга Дандарын Буянбат нар бид хүнээ авна гээд тамгатай бичгээ өгсөн байв. Яваад очиход минь намайг хүлээж аваад ажил хуваарилж өгч байсан даа.
Би үүнийг ярих учир нь гавьяа байгуулсандаа биш тухайн үеийн төр засаг маань алдаж оносон иргэнээ цааш нь түлхдэггүй, урам өгч ажиллаж, амьдрах итгэл хайрлан, тулж түшиж авдаг ямар мундаг хүмүүс энэ улс орныг удирдаж явсныг хэлэхийг хичээсэн хэрэг. Одоо хэрэг төвөгт орсон хүнд ажил олдохгүй, ад шоо үзэгдэж яваад дахиад л шоронгийн хаалга татдаг гашуун үнэн дуулддаг.
1970 -аад оны сүүлээр Тэр үеийн Монголын хамгийн том хэвлэл “Намын үнэн” сонин, “Цагдаагийн чухал хэргийн дууль” гэх хоёр хэвлэлд “Ардын засгийн үеийн хамгийн том хэрэгтэн” гэж бичигдсэн байдаг юм. Өдий насыг наслахад юу эсийг бодож суухав дээ. Хүний сэтгэл сэрдхийлгэсэн, хэдэн зуун тэрбумаар нь идсэн уусан, авилга хээл хахууль, авсан хулгай дээрэм хүчирхийлэл гэх мэт хүний санаанд оромгүй бузар булай хэрэг төвөг гарлаа гэж дуулдах ч яаж шийтгэж, шийдсэн нь тодорхой бус байсаар. Төр шиг төр, хатуу чанга хууль цааз дутаад байх шиг бодогдоно.
Эрх баригч, хууль санаачлагч нар маань өөрсдөдөө тааруулж хууль батлаад өнөөдөр гарсан хуулиа маргааш өөрчилж байх шиг. Ирээдүй хойч үе маань нүдэндээ гунигийн сүүдэргүй, сэтгэлдээ шаналангүй, толгой дээгүүр, зовхи нь өөдөө, нуруу тэнэгэр, ирээдүйдээ итгэлтэйгээр инээд цалигаан амьдрах учиртай.
АЖИЛ ӨРНӨЖ АМЬДРАЛ ТЭГШИРСЭН ОН ЖИЛҮҮД
-Ялаас чөлөөлөгдсөнийхөө дараа Батширээт суманд ирэхэд дарга нар шинээр байгуулагдсан барилгын бригадын ахлагч мастераар томилж, би тухайн албандаа 1981-1992 он хүртэл ажилласан. Энэ хооронд барилгын гурван удаагийн аварга болсон. 1965 онд “Ашиг шимийн аваргачуудын аймгийн анхдугаар зөвлөгөөн”-өөр “Аймгийн анчин” цол тэмдэг авч байлаа. 1992 оноос хойш гэр бүлийн хамт хөдөө гарч малчин болсон. 18 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн бөгөөд аймаг суманд нийтдээ 18 түрүү авч, 32 морь айрагдуулж, 1992 онд “Сумын алдарт уяач”, 2021 онд “Аймгийн алдарт уяач” цол авсан. 60 насандаа тэтгэвэрт гарч, 65 настайгаасаа зохиол бүтээлээ бичиж эхэлсэн. Үүнээс өмнө залуу байхдаа санаанд орсон зүйлүүдээ тэмдэглэж, цуглуулж байдаг байсан. Тэдгээрийгээ эмхэтгээд анхны номоо 2008 онд “Онгод хайрласан нутаг” нэртэйгээр хэвлүүлж, түүнээс хойш 10 цуврал ном хэвлүүллээ.
Хамгийн сүүлийнх нь 2022 онд “ Амьдралаас соёолсон нахиа, Амьтай ургамал” нэртэй хэвлэгдсэн. Одоо 12 дахь номоо хэвлүүлэхээр бэлтгэж байна. 2011 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2013 онд МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагнал хүртсэн. 2005 онд төрөл садангуудынхаа хүрээнд “Дэчин овогт удмынхан” нэртэй ургийн наадмаа хийсэн.
Ш.Сэдэд идэр залуугаасаа хань С.Цэрэндолгортойгоо 52 жил амьдрахдаа гурван охин, дөрвөн хүү, 20 гаруй ач, зээгийн аав, өвөө болон жаргалаа эдлэн суугаа буурал. Амьдралын эрхээр сургууль соёлоор явж чадалгүй дөнгөж хоёрдугаар ангийн боловсролтой ч бие дааж ном үзэж эрдэм мэдлэгт шамдсан хүн. Түүний шүлгийн агуулга нь аав ээж, өсөж төрсөн нутаг орноо магтан дуулахаас гадна зан заншил, ерөөл магтаал, хүний эрхэмлэж явах ёстой зан үйл, ёс жудаг бүгдийг хөндөж бичжээ.
Түүний 11 дэх “Амьдралын нахиа” номонд цулбуур үг болгон Алтан нутгийн Алтанхүү найрагч ийнхүү бичжээ.
“Шаравын Сэдэд баавайнхаа тухай бодол үүрсүүлэн дурсахуйд хал үзэж хашир суусан өлчир чийрэг монгол эр хүний ид хав, эрэмгий тэмцэл эрхгүй нэг санагдаад ирнэ. Ш.Сэдэд хос морьтой ховорхон заяатай эр хүн. Учир нь угшилт хурдан хүлгүүдээ уяж сойн Аймгийн алдарт уяач цолыг 80 хүрсэн насандаа хүртсэн төдийгүй үүнээс өмнө 10 ном бичиж хэвлүүлсэн буурал зохиолч. Ингээд бодохоор наадамд хурдан морьтой, найрагт онгодын морьтой цөлх өвгөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Алтан нутгийн минь ахын “Амьдралын нахиа хагдарах болоогүй. Энэ хүний дотоод сэтгэлд ямархан увидас нуугдаж, ялгуун сарны доор ахиад юу сэтгэж, ямархан бодол тунгааж явааг түүний өлгий нутаг Батширээтийнх нь хөглөгөр сүглэгэр өндөр хөх уулс л мэдэх буй зээ” хэмээн бичсэн байх юм.
Хурдан удмын адууг хөвчийн жонон вангийн нутагт худалдаж, хулгайлж ч авчирсан, хүлэгч байгаад шүлэгч болсон, адуучин байгаад авьяастан болсон, хөнгөн байгаад хөл нь майга болсон ч амьдрах тэмүүлэл дүүрэн байна гэх Ш.Сэдэд гуайн нутаг орондоо амар жимэр хийж бүтээн сууна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)